Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжил, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баярсайхантай ярилцлаа.
-Сүүлийн үед жолооны үнэмлэхийг тасралтгүй хэвлэхээ больж, түр үнэмлэх хэвлэж байгаа гэх юм. Энэ нь юутай холбоотой юм бэ?
-Жил болгон жолооны үнэмлэхийн бэлдэцийн хувь хэмжээ гэж гардаг. Тоон хэмжээнд багтааж, худалдан авах ажиллагаа буюу тендер зарлагдаж, үнэмлэх гардаг. Тендерийн үйл ажиллагаа тусгай хуулиар зохицуулагддаг. Тиймээс тэрхүү журмын дагуу явагдсан. Явагдаж байх хугацаанд тендерт оролцож буй байгууллагуудын хооронд маргаан үүссэн. Нэг нэгнийгээ үгүйсгэх байдал зэргээс шалтгаалж, хэрэг нь шийдэгдэхгүй, шүүхийн шатанд явсаар байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх зүйл нь эцэслэн шийдэгдсэн юм. Одоо тухайн шалгарсан компанитайгаа гэрээ контракт байгуулж, бэлдэц нийлүүлэх түвшинд явж байна гэсэн үг.
-Тендер зарласнаар ямар компани жолооны үнэмлэх хэвлэхээр болсон бэ?
-Өнгөрсөн оны сүүлээр “Мөнхийн үсэг” компани шалгарсан. Жолооны үнэмлэх хэдэн ширхэг хэвлэгдэх вэ гэдэг тоо судалгаа гарсан. Одоо хүлээгдэж буй, хэвлэгдээгүй 50 мянга гаруй үнэмлэх бий. 2017 онд 150 мянган үнэмлэх хүлээгдэж байсан. Өнгөрсөн онд хэвлэлтийг жигд явуулсан. Гэхдээ Хууль зүйн сайдын тушаалаар хэсэг хугацаанд түр үнэмлэх олгогдсон юм. Түр үнэмлэхийг гурван сарын хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, түр үнэмлэхтэй болсон хүмүүс Бүртгэл хяналтын төв дээр ирж, гурав гурван сараар сунгуулаад явж байх бүрэн боломжтой байсан. Ямар нэг үнэ төлбөргүй үйлчилгээ авч байгаа.
-Авлигатай тэмцэх газарт иргэдээс “Жолооны үнэмлэхийн хэвлэлт яагаад удаж байна вэ. Хяналт шалгалт явуулж өгнө үү” гэсэн гомдол ирсэн юм билээ. Энэ хүрээнд шалгалтын ажиллагаа хийгдсэн үү?
-Саяхан Авлигатай тэмцэх газраас жолооны үнэмлэхийн хэвлэлт ямархуу түвшинд явна вэ гэдэгт хяналт шалгалт хийсэн. Яагаад хэвлэлт удааширсан бэ гэдгийг шалгасан. Манайх холбогдох бүхий л зүйлсийг үзүүлсэн. Ямар нэг зөрчил илрээгүй. Хамгийн гол нь иргэдийг хэрхэн хүлээлтгүй болгож, үнэмлэх хурдан хэвлэх вэ гэдэг талаар ярилцсан. Авлигатай тэмцэх газраас заавар, зөвлөмж өгч, хэлэлцүүлэг зохион явуулсан.
-Авлигатай тэмцэх газартай хамтарч хэлэлцүүлэг зохион явуулсан гэлээ. Хэлэлцүүлгээр жолооны үнэмлэх хамгийн хурдан хэвлэж байх ямар арга шийдэлд хүрэв?
-Өнгөрсөн оных шийдэгдсэн. Харин энэ оны жолооны үнэмлэхийн бэлдэцийг байгууллагын нууц буюу төрийн нууц гэдэг зүйлд авч үзэж магадгүй. Ингэхээр шууд худалдан авна. Нэг ёсондоо Цагдаагийн ерөнхий газар бие дааж, шууд худалдан авалт хийх асуудал яригдсан юм. Үүний зөвлөмж, заавар нь бүх шатанд очсон. Тэгэхээр энэхүү журам хэрэгжвэл ямар нэг маргаан үүсэх нөхцөл байдал байхгүй болно. Мөн Авлигатай тэмцэх газар, Засгийн газраас цахимжуулах түвшин рүү орох шаардлагыг тавьсан. Жолооны үнэмлэхийг бид цахимжуулах түвшин рүү ойртуулахад “Монгол шуудан” компанитай хамтарч ажиллахаар болсон. Ингэвэл иргэд өөрсдөө хамгийн ойр шуудангийн салбараас жолооны үнэмлэхээ авч болно гэсэн үг. Журамд тухайн иргэн биеэрээ ирж, жолооны үнэмлэхээ захиалах ёстой гэсэн зүйл заалттай. Тухайн иргэн гарын үсгээ зурж, баримтжуулж, шуудангийн салбаруудаар захиалах арга хэлбэрийг эрэлхийлж байгаа юм. Иргэд тодорхой төлбөр төлөөд “Монгол шуудан”-гаас гэр, ажлын баталгаат хаягаар хүргүүлж авах боломжтой болно. Цаашид “Монгол шуудан” компаниар дамжуулж захиалга авдаг болох судалгаа хийж байгаа. Энэ одоохондоо шийдэгдээгүй. Нэг асуудал тулгарсан. Бэлэн бус торгуулийн журам гэж бий. Энэхүү журамд тээврийн хэрэгслийн бүртгэл, жолооны бүртгэл явагдах үед бэлэн бус торгууль төлүүлэх ёстой гэсэн зүйл заалт байгаа. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тухайн иргэн “Монгол шуудан” компаниар дамжуулж, жолооны үнэмлэхийн захиалга өгөхөд торгуулийн системийг хэрхэн шүүж, иргэнээр төлүүлэх вэ гэдэг тал дээр ярилцаж байна. Энэ асуудал шийдэгдвэл “Монгол шуудан” компаниар дамжуулж, 21 аймагт, нийслэлийн шуудангуудаас захиалга авах бүрэн боломжтой болно. Үүнийг ажил хэрэг болгохоор бусад хамтарч ажиллах байгууллагуудтайгаа ярилцаж, ямархуу загвараар байх вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм.
-Жолооны үнэмлэхийг илүү боловсронгуй болгохын тулд хэрхэн ажиллаж байна?
-Жолооны үнэмлэх дотроо агуулж буй мэдээллийн хувьд өргөн цар хүрээг хамардаг. Гэхдээ иргэний бүртгэл, мэдээллийг суулгаж өгөхөд учир дутагдалтай. Тухайн газруудтайгаа ярьж, хэлэлцэж байж ойлголцох хэрэгтэй. Хугацаа шаардагдах байх.
-Жолооны үнэмлэхтэй холбоотой ачаалал юун дээр төвлөрдөг юм бэ?
-Жолооны үнэмлэхээ хаяж, гээж үрэгдүүлсэн гэх гомдол их байна. Манай үйлчилгээний заалаар өдөрт 100-200 гаруй хүн үйлчлүүлдэг. “Дүнжингарав”, “Драгон” төвтэй нийлбэл 250-300 болдог. Ийм хэмжээний хүмүүс жолооны үнэмлэхээ хаяж, үрэгдүүлдэг. Тиймээс иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Бичиг баримтдаа хайнга хандахгүй байх хэрэгтэй. Бэлдцийн хүлээлт үүсч байгаа нь иргэдийн хайнга үйлдлээс шалтгаалах нөхцөл заримдаа гардаг.
-Жолооны үнэмлэхийг хэвлэхгүй удаж буйтай холбогдуулан иргэдийг хуурч байгаа тохиолдол гарах болсон гэв үү?
-Сүүлийн үед “Жолоодох эрх сэргээнэ, жолооч болгоно, ангилал ахиулна” гэсэн хуурамч зар мэдээлэл их гарах болсон. Үүнд манай Бүртгэл хяналтын төв мэдээлэл, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж, Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны сайтад байршуулсан байгаа. Бид өнгөрсөн жил “Lexus Нямка” гэж цагдаагийн нэрийг ашиглан залилан хийж байсан этгээдийг илрүүлсэн. Саяхан бүртгэл хяналтын төвд ажилладаг гэж манай байгууллагын нэрийг ашиглаж, иргэдийг хуурсан хоёр этгээдийг саатуулсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар нэг тодорхойгүй сургалтын төв, нэр хаяггүй, албан ёсны биш зар, мэдээнд иргэд хууртаж мөнгөө залилуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг их гарч байгаа. Үүнд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Тухайлбал, “Мөнгөө шилжүүлж, баримтаа үзүүлнэ үү” гэж чатаар холбогддог юм билээ. Иргэд өөрсдөө хөнгөн хуумгай зүйлд итгэхгүй байж, албан ёсны Цагдаагийн ерөнхий газарт хандаж, холбогдож байхыг сануулъя.
Бид түргэн шуурхай үйлчлэх тал дээр тодорхой ажил хийж байгаа. Өмнө нь үнэмлэх захиалснаас хойш тав, долоо хоног хүлээгддэг байсныг багасгасан. Гурван хоногийн дотор асуудлыг шийддэг болсон. Журамд өөрчлөлт оруулсан. Иргэдээс иргэний үнэмлэх, эрүүл мэндийн хуудас гэх зэргээр материалууд шаарддаг байсан. Тэгвэл тухайн хүний мэдээлэл онлайнаар үнэн зөв гарч ирвэл, гурван хоногийн дотор шууд үнэмлэх олгодог болсон. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний заалаар ирж үйлчлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний цэгүүд болох “Дүнжингарав”, “Драгон” гэсэн газруудад жолооны үнэмлэхийн захиалга үргэлжилдэг. Улсын хэмжээнд орон нутгийн 21 аймгийн цагдаагийн газруудад үнэмлэх захиалах ажиллагааг явуулдаг. Мөн иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтарч ажиллаж байна. Ирэх гуравдугаар сард багтаад жолооны үнэмлэхийн хэвлэлт эхэлчихнэ. Тендерт шалгарсан компани хэвлэлтийн чиглэлээр туршлагатай, олон жил үйл ажиллагаа явуулсан юм. Цаашид хүндрэл гарахгүй байх арга замыг эрэлхийлж, ярилцаж байна.