Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Таван толгойг луйвардах гэж байж мэдэх юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Ж.Батзандан гишүүн ярихдаа “Засгийн газар Олон улсын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар УИХ-аар хэлэлцдэг байсан асуудлын жагсаалтаас олон улсын гэрээны асуудлыг гаргах гэж байсан. Үүний цаана стратегийн орд, Монголын үндэсний баялаг, газрын хэвлийн баялгийг хэдхэн гэр бүл авах гэсэн санаархал явж байна гэж бид хардаж байна. Хэрэв энэ хууль батлагдсан бол Тавантолгойг Хятадын аж ахуй нэгжид маш бага үнээр зарж мэдэх юм. Цаашид ийм луйвар хийх гэж оролдвол 3 сая хувьцаа эзэмшигч, Тавантолгой компанийн ажилчид эсэргүүцэн тэмцэх болно. Ардчилсан намаас сонгогдсон гишүүд намын даргын сунгаанд анхаарал хандуулсаныг далимдуулж Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг МАН-ын нөхдүүдээс шаардаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийг баталж байгаад олон луйвар хийсэн. Одоо Тавантолгойг луйвардах гэж байж мэдэх юм” гэж тэрбээр мэдэгдлээ.

Ж.Батзандан гишүүн мөн “1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийн 11.1, 11.2 дугаар заалтад тусгасан Олон улсын гэрээг соёрхон батлах саналыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн гишүүн Засгийн газарт өргөн мэдүүлж шийдвэрлүүлдэг. Засгийн газар дэмжсэний дараа саналаа УИХ-д оруулдаг ёстой. Энэ заалтыг хасах гэж оролдсон. Гэхдээ манай Засгийн газрынхан гэнэн юм. Энэ заалтыг хассан ч Үндсэн хуулийн 25, 38 дугаар заалтууд хэвээр байгаа. Үндсэн хуулийг зөрчих замаар хулгай луйвар хийх бололцоогүй гэж тэр хүмүүст сануулмаар байна. Ард түмний төлөөллөөс нууж хулгай луйвар хийх сонирхол Засгийн газарт байгаа. Тиймээс Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлуулах хэрэгтэй гэж Засгийн газарт сануулмаар байна” гэж онцолсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *