Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: ШИНЭ эвслийг сонгуульд ялалт байгуулна гэж олон хүн айж байх шиг байна

УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдэж буй ШИНЭ эвсэл өнгөрсөн баасан гаригт СЕХ-ноос 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа авлаа. ШИНЭ намын даргын тухайд эвсэл болж сонгуульд оролцох шийдвэрийг хэрхэн гаргав?

-Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига, оффшор, хулгай дээрэмд автаж, баян хоосны ялгаа асар их болжээ. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд нийгмийн болон байгалийн хамаг баялгийг хувьдаа авч, эсвэл бусдад зарах болсноор төрөөс тэрбумтнууд төрөх болсон. Тэд насаараа шударгаар хөдөлмөрлөж, бизнес эрхэлж буй хүмүүсийн эдэлдэггүйг эдэлж, тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөнд эзэн суучихсан байна. Тэгэхээр маш олон шударга иргэд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж гэмээнэ МАНАН дэглэмийг нурааж, энэ 30 жилийн алдаа, завхралыг засаж, ирэх 30 жилд нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоож чадна шүү дээ. ШИНЭ эвсэл эх оронч иргэдтэйгээ хамтран 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож, төрөө бүлэглэлээс цэвэрлэж, баялгийн шударга хуваарилалтын тогтолцоог бий болгох зорилт тавьж, “Шинэ эргэлтийн 21 бодлого” хэмээх мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа.

-ШИНЭ эвслийн гол суурь нь ШИНЭ нам гэж харагдаж байгаа. Энэ нам МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл тэмцлийн суурин дээр үүссэн гэж ойлгогддог. ШИНЭ намын бусад улс төрийн намаас ялгагдах онцлог, үзэл санаа нь юу вэ?

-ШИНЭ намын гол үзэл санаа нь шударга ёс хийгээд үндэсний эрх ашиг юм. Эх орноо, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг хүмүүсийн нэгдэх газар. Мөн намчирхал, талцлыг сааруулахын тулд хатуу гишүүнчлэлээс татгалзсан цорын ганц нам. Тийм ч учраас намын харьяалал харгалзахгүй үндэсний эрх ашгаа дээдэлж, нэгдүгээрт тавьдаг иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээр иргэд дэмжигчдээсээ санал авч байна.

-ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалт бий гэсэн үү?

-Байлгүй яахав. ШИНЭ эвсэл оффшорчид, авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнууд, тэдний үр хүүхэд, төрөл садангуудыг аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа тухайн орон нутагтаа нэр хүндтэй, амьдралын туршлага, мэдлэгтэй хүмүүсийг сонгоно.

-ШИНЭ нам хэдийгээр улс төрийн 34 дэх намаар бүртгэгдсэн ч парламентад суудалтай дөрвөн намын нэг болсон. Парламент дахь Зөвлөлөө ч байгуулаад авсан. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд танай зөвлөлөөс ямар ямар хуулийн төсөл санаачилж, өргөн барив?

-ШИНЭ намын зөвлөл байгуулагдсан Өнгөрсөн хугацаанд 30 удаа хуралдаан зохион байгуулж, нийт 60 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, санал боловсруулан холбогдох ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаанд хүргүүлсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 25 ажлын хэсэг томилон ажиллуулсан. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 24 өргөдөл гомдлын дагуу төрийн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий нийт 85 албан тушаалтныг зөвлөлийн хуралдаанд урин оролцуулж бодит мэдээлэл авч хамтран ажиллалаа.

Түүнчлэн улс орны эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлд зайлшгүй авах арга хэмжээний тухай нийт таван шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Зөвлөлөөс УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдээс дурдвал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ард түмний нийтлэг эрх ашгийг хангах зарим заалтыг тусгуулах тал дээр онцгой анхаарал тавьж ажиллалаа. Тухайлбал, монгол хүн баялагтаа эзэн болох, ашигт малтмалаас олох орлогын дийлэнх хувь ард түмэнд ногдох заалтыг тусгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн хуульд хүн ам хэт их төвлөрсөн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийг шинээр зохион байгуулж, хотын статусаар хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал оруулсан нь тусгагдсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Төслийн гол үзэл санаа нь төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн тодорхой хугацааны дотор гадаад орон руу зорчих, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээдэд хувьцаа эзэмших, ТУЗ, хяналтын зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх удирдлагын багт ажиллах зэрэг эрхийг хязгаарлахад чиглэж байгаа юм. Ийм хязгаарлалт байхгүйгээс өнөөдөр Дубайн гэрээгээр Монголын төрд ихээхэн хохирол учруулсан Ч.Сайханбилэг өнөөдрийг хүртэл гадаадад зугаалж, Монголын хуулийн өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийсээр байна. Ц.Элбэгдорж мөн зугаалж зугаалж, саяхан ирлээ.

Мөн коронавируст халдварын үед улс орны эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр “Иргэн, аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачилсан. Энэ нь жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа ААН-үүдэд урт хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй зээл олгохоор заасан. Иргэдийн нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг мөнгөжүүлэх тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшигч иргэдийн үнэт цаасыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан худалдан авч бэлэн мөнгө олгох хуулийн төсөл мөн санаачилсан. “Цар тахлын үед гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барьсан. Уг төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, өндөр настан, оюутан, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн татан авахад зардлыг хариуцах мөн гадаад улсад түр зорчсон Монгол Улсын иргэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгаж өгсөн байгаа. Гэх мэтчилэн нэлээн хэдэн хуулийн төсөл санаачилж, өргөн барилаа. Эрх баригчид өргөн барьсан хуулиудаас өөрсдийн үзэмжээр сонгож, хэлэлцдэг. Цар тахалтай холбогдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг намын эрх ашгаа хойш тавьж, яаралтай хэлэлцэх ёстой.

-Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо юу хийв?

-Дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин болж ажиллалаа. Цөөнх байхад олонх нь дэмжиж өгдөггүй зовлон гэж байна. Төсвийн хууль, ер нь ямар ч хуулийг олонхын саналаар баталдаг шүү дээ. Гэсэн хэдий ч парламентад сууж, хууль тогтоох үндсэн ажлаа хийхээс гадна тойрогтоо хөрөнгө оруулалт шийдвэрлэж өгөх замаар багагүй бүтээн байгуулалт хийжээ.

-Та жил гаруйн өмнө эхэлсэн МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд голлох үүрэгтэй оролцсон таван гишүүний нэг. Энэ тэмцэл дууссан уу, үргэлжилж байгаа юу. Ер нь энэ тэмцлээс монголчууд юу хожив?

-Хүмүүс та нар яриад л байх юм, тэмцээд л байх юм, тэгээд юунд хүрч байгаа юм бэ гэж асуудаг л даа. Бид ч энэ тухай сайн ярихгүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй биз. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлж эхэлснээс хойших жил гаруйн хугацаанд чамлахааргүй асуудлууд шийдэгдсэн. Тухайлбал, энэ бүлэглэлийн нэг гол толгойлогч болох УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулж, Авлигатай тэмцэх газар, Прокурорын удирдлагыг өөрчлөв. Томоохон гэмт хэргүүдийг шийдэлгүй, замхруулдаг хууль хяналтын байгууллагууд, тэдний удирдлагыг шинэчлэх нь энэ тэмцэл үр дүнд хүрэх эсэхэд шийдвэрлэх нөлөөтэй юм л даа. Тэгээд, харийнханд алдсан төв талбайгаа төрийнхөө мэдэлд эргүүлэн авлаа. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, авлигын шинжтэй 30 гаруй томоохон хэрэг ямар ч байсан шүүхэд шилжсэн. Төмөртэйн ордын арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулав. Улсын Их Хурал, Засгийн газраас Эрдэнэт, Асгатын ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа. Нэр бүхий 17 шүүгч холбогдсон Салхитын мөнгөний ордыг төр буцаан авлаа. Орхон гол, Орхоны хөндийг сүйтгэсэн хариуцлагагүй уул уурхайн компаниудын лицензийг цуцлав. Багануурын ордыг “Алтайн гянт” компаниас хураан авах шийдвэрийг Улсын дээд шүүх гаргалаа. Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авав. “Сентерра гоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазат газар болголоо. Стратегийн орд газрын жагсаалтыг шинэчлэх асуудал хөндөгдөж байна. Гэх мэтчилэн тодорхой үр дүнгүүд эхнээсээ гарч байна.

-Та С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан, генераль Б.Хурц тэргүүтэй есөн хүний шүүх хурал гацаад удаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Шийдэгдэхгүй байсаар сонгууль өнгөрөөчих юм биш үү?

-Цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосны улмаас Түр хорооны ажил хэсэг хугацаанд гацсан. Шүүх хурал ч удаа дараа хойшлогдлоо. Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаад Төв аймгийн анхан шатны шүүх рүү шилжүүлснээс хойш есөн сар өнгөрлөө. Тодруулбал, Улсын дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Төв аймгийн анхан шатны шүүх шийдвэрээ яаралтай гарга гэсэн. Гэтэл Төв аймгийн анхан шатны шүүх авлигад автаж, барьцаалагдчихаад, эрүүдэн шүүдэг хүмүүсээсээ айгаад, хурлаа хийсэнгүй. Хэрэв Төв аймгийн шүүх шийдвэрээ гаргасан бол есөн сарын өмнө Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллаж болох байсан. Харамсалтай нь Б.Хурц ба түүний нөхдийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандсаар байгаад хугацаа хожиж байна. Авлигад автсан шүүгчид ажлаа хийсээр байгаа учраас, шүүх засаглалд томоохон эргэлт хийгээгүй учраас тэд цаг хугацаа хожих тоглоомыг санаснаараа удирдаж байна. Үүнийг таслан зогсоохын төлөө Түр хороо эцсээ хүртэл явна. Энэ бол зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал биш шүү. Иймэрхүү байдлаар гэм зэмгүй атлаа эрүү шүүлтийг давалгүй, хилс хэрэг хүлээн, ял эдэлж буй хүмүүс цөөнгүй байдгийг иргэд ярьдаг, бидэнд ч мэдээлэл ирдэг. Тиймээс энэ хоёр хүний асуудлыг үнэн зөвөөр шийдсэн цагт эрүү шүүлтийг таслан зогсоох, олон хүнийг хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.

-Хоёр сарын дараа эрх баригч нам тодорсон байна. Энэ удаагийн сонгуулийн өнгө ямар байх бол?

-ШИНЭ эвслийг сонгуульд ялалт байгуулна гэж олон хүн айж байх шиг байна. Бүлэглэл ард иргэдээс маш их баялаг, олон тэрбум төгрөг хулгайлж байна. Бидний авсан мэдээллээр “Э”-ээр эхэлсэн дарга нарын бүлэглэлийн цуглуулсан хөрөнгө 20 тэрбум төгрөг болсон байна. Энэ мөнгөөр ард түмний сонголтыг худалдан авна гэсэн төлөвлөгөө гаргажээ, тэд. Мөнгөтэй нь ялдаг юм уу, мөрөөдөлтэй нь ялдаг юм уу гэдгийг харуулъя. Миний ард түмэн агуу мөрөөдөлтэй. Монголын ард түмэн, залуу үеийнхээ мөрөөдлийн төлөө бид тэмцэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *