Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.
-НИТХ-аар“Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдэх вэ?
-“Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр баталсан. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлын асуудпыг Монголын төр ярьж, маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэхүү асуудал Үндэсний хөтөлбөргүй буюу стратегигүй явж ирсэн.Тиймээс анх удаа Үндэсний хөтөлбөр боловсруулсан.Үндэсний хөтөлбөрийн хүрээнд НИТХ-аас зуны болоод дулааны улиралд сэрүүний улирал хүртэлх бэлтгэл ажлын шуурхай төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Энэ нь 2017-2018 онд агаарын бохирдол ид байх үеийн бэлтгэл ажлыг ханган ажиллах төлөвлөгөө юм. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал бодитоор оршин байгаа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг бууруулахад хаанаа ч үгүй байна. Нийслэлд нийт 220 мянган өрх төвийн болоод дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа. Түүхий нүүрсний хэрэглээ асар өндөр байна. Агаарын бохирдлын гол эх үүсвэрт хүн амын хэт төвлөрөл, автомашины хэрэглээ, дулааны цахилгаан станцуудын утаа орж байна. Агаарын бохирдлын ид үе болох хүйтний улирал эхлэхээс өмнө бид нар яг юүг хийж чадах вэ гэдгийг нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Жишээлбэл, есдүгээр сарын 1-нээс өмнө агаарын бохирдлын гол бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн анги танхимд дотоод агаарын чанарыг хангах тусгай тоног төхөөрөмж байрлуулахад багахан байгаа төсвийнхөө хүрээнд анхаарч ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан.
-Гэр хорооллын айл өрхүүд зуухны шинэ стандарт мөрдөхөөр болжээ. Өмнө нь стандарт баталж, иргэдэд зуух олгох ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэтэл дахиад л шинэ стандартын зуух хэрэглэх болох нь. Үүнд хариулт өгнө үү?
-Дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны стандарт мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх стандарт нь зөвхөн халаалтыг шийдэх зорилготой байсан.
Одоогийн мөрдөх шинэ стандарт нь халаалт болон хоол хүнсээ бэлтгэх нөхцлийг хамтад нь шийдвэрлэсэн. Байгаль орчинд ээлтэй, бүрэн шаталтат, агаарт очих дэгдэмхий бодисыг бууруулах стандарт батлагдсан. Өмнөх Засгийн газрын үед захиалга өгөөд өөрчилсөн стандарт. Гэрээ яаж дулаалах, бохироо хаана хийх, хог хаягдлаа хаана хадгалах, зөөвөрлөх гэх зэрэг асуудал ямар ч стандартгүй явж ирсэн. Бага оврын буюу нүүрс түлдэг 3300 уурын зуух ажиллаж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын стандартад нийцүүлж ажиллахыг шаардаж байна. Ялангуяа хүйтэн сэрүүн бүсэд хамаардаг хотын хувьд түүхий нүүрсийг агаарт бага ялгаруулдаг технологи руу шилжүүлэх вэ зэрэгт анхаарч ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар утаагүй зуухнаас эхлээд олон төсөл хэрэгжүүллээ. Гэтэл агаарын бохирдол буурсан үр дүн ажиглагдахгүй байна. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад ямар асуудлыг голлон барьж ажиллах вэ?
-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол чиглэл нь ногоон хөгжил, өндөр технологийг нэвтрүүлж агаарын бохирдолтой тэмцэх юм. Монгол Улсын их хурал Парисын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр байгальд ээлтэй технологи хэрэглэсэн аливаа ажлыг дэмжье гэдэг дээр нэгдэж байгаа юм. Энэ нь агаарын бохирдлоос гадна хөрс, уур амьсгал гээд бүх асуудлыг цогцоор шийдвэрлэхэд түлхэц болох юм. Энэ чиглэл рүү бүх улс орнууд явж байгаа.Хоёр дахь том асуудал бол эрхзүйн орчин юм. Өнөөдөр нэг сая 300 мянган хүн нийслэлд ажиллаж, амьдарч байна.Үүн дээр нэмэгдээд оюутнууд, ажиллагсад, гадныхан гээд тооцохоор нэг сая 700-800 мянган хүн ажиллаж амьдарч байгаа. Гэтэл хүн амын талаас илүү хувь амьдарч буй нийслэлийн эрхзүйн статус нь 30-40 мянган хүн амьдардаг аймагтай ижил хэмжээнд байна.Ийм нөхцөлд агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд бүх л үйлчилгээ хүнд хүрч, бүрэн цогцоор хэрэгжиж чадахгүй.Тиймээс суурийг нь бүрэлдүүлье гэдэг дээр ярьж байна. Эрхзүйн орчноо шинэчлэх нь цаашаа ажил явуулахад, иргэдэд хүрэх үйлчилгээг ойртуулахад томоохон түлхэц, суурь болно гэж харж байгаа юм. Манай улс агаарын бохирдлыг бууруулах үндсэн стратегиа боловсруулж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч, нэгдсэн ойлголтод хүрч чадсан нь сайшаалтай.
-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан утаагүй зуух, агаарын чанарын бүс гэх мэтчилэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх үү?
-Өмнөх багийн зөв ажлыг үргэлжлүүлнэ. Хэрвээ Монгол Улсын стандартыг буюу бүрэн шаталттай гал түлж байгаа айл болгон мөрдөж чадах юм бол 80 хүртэлх хувиар жижиг ширхэгт тоосонцрыг бууруулж чадна гэсэн шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа гарсан байна.
-Хотын дарга шилжилт хөдөлгөөний хязгаарласан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ямар үр өгөөж өгч байна вэ?
-2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Агаар орчны бохирдол дээрдтэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан. Орон сууцанд амьдрах гэж байгаа бол нээлттэй. Харин яндан, нүхэн жорлон нэмэх гэж байгаа бол боломжгүй гэдэг утгаар хязгаарласан.
-Шөнийн тарифийг тэглэснээр агаарын бохирдол буурсан уу?
-Засгийн газраас шөнийн тарифыг тэглэх томоохон шийдвэрийг гаргасан.Өнөөдрийн байдлаар УБЦТСК-иас ирүүлсэн мэдээллээр 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг иргэддээ үзүүлжээ.
-Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажилд хичнээн төгрөг зарцуулах вэ?
-Нийслэлийн төсөвт агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажилд нийтдээ 3.1 тэрбум төгрөгийг тусгасан. Өнөөдрийн байгаа бохирдолтой тэмцэхэд мөнгө бага хэдий ч бид үйл ажиллагааны боломж нөөцөө ашиглан олон ажил хийж болно. Нийслэл харьяа 96 байгууллага төлөвлөгөө гарган 18 дэд зорилт 100 гаруй ажлыг хийхээр өөрсдийнхөө чиг үүргийн дагуу ажиллаж байна.Агаарын бохирдолд дангаар нь мөнгө зарцуулахад учир дутагдалтай гэдгийг өмнө нь хэлсэн.Тиймээс энэ жилээс агаарын бохирдол үүсгэж буй бусад хүчин зүйлтэй хамтатгаж цогц байдлаар ажиллана.Агаарын бохирдлоос гадна гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчилэн олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Энэ бүх ажлыг агаарын бохирдлын эсрэг хийж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Гэр хорооллынхон түүхий нүүрс түлж агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг учир орон сууцжуулах шаардлагатай гэж үздэг.Үүнийг хөтөлбөрт хэрхэн тусгасан бэ?
-Үндэсний хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газраас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч хийх ажлуудыг тусгасан. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд тэд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй орчинд амьдарч байна. Агаар орчны бохирдлын эх үүсвэрийн хамгийн том шалтгаан энэ юм. Орон сууцжуулах талаар ярихаар дэд бүтцийн асуудал давхар хөндөгддөг. Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэж, олон улсын байгууллагууд, зарим улс оронтой хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд томоохон ажлууд хийнэ. Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил нэлээд эрчимтэй явж байна. Олон эх үүсвэрээс хөрөнгийн асуудлыг шийдэж хэрэгжүүлж буй ажил. Гэр хорооллын орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцэд хэсэгчилж холбох зорилт дэвшүүлж байгаа. Хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хэсгүүдээ төвийн дулаанд холбохоор болсон. Баянхошууг төвийн системд холбохоор том оврын 20 гаруй зуух төвийн системд давхар холбогдчихно. Үндэсний хөтөлбөрт инженерийн дэд бүтцийн чиглэлээр бичил дэд төвийн тоог нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг гэр хорооллын өрхүүдэд олгох ажлыг тусгасан.
-Аж үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх тухай яригдаад байгаа. Ямар ажлууд хийгдэж байна?
-Нийслэлийн хэмжээнд Багануурын үйлдвэр технологийн парк, Эмээлтийн аж үйлдвэр технологийн парк, Налайхын барилгын материал үйлдвэрлэл түүнийг ложистикийн төвтэй нийлүүлэх гэсэн үндсэн гурван нэгж ажиллаж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад дэд бүтцийн зарим хэсгийг хэрэгжүүлээд байна. Аж үйлдвэр технологийн паркийг төр, хувийн хэвшлийн хамтын дэмжлэгээр хийх нь зүйтэй гэж үзэж байгаа.Зөвхөн Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ-ээс харахад 10 мянган ажпын байр бий болохоор тооцоо харагдаж байна. Эдийн засгийг тогтвортой, аж ахуйн нэгж иргэдийг орлоготой байлгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад ихээхэн нөлөөтэй ажил болно.
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал юу болсон бэ?
-Энэ 2017 оноос цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ.
Б.ДОЛЗОДМАА