МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатартай ярилцлаа.
-Бага насны хүүхэд бусдын гарт амиа алдсан ноцтой хэрэг гарлаа. Энэ дуулиан дэгдэхтэй зэрэгцэн сэтгүүлчдийг мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Сэтгүүлч нууц далд мэдээлэл олж авах, түүнийгээ хэвлэн нийтлэхэд мөрдөн байцаалтын нууцын асуудал ямар холбоотой юм бэ?
-Мэдээлэл задруулах, нууц мэдээлэл задруулах гэдэг бол сэтгүүл зүйн хувьд харьцангуй зүйл. Нууц мэдээлэл задруулах тухайд хариуцлагыг мэдээллийн нууцыг хадгалж байгаа илүү субьектэд хамааруулах ёстой. Сэтгүүл зүй, тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол аливаа нэг албан тушаалтны, хэн нэгний нуун далдлах гэсэн, тэр нь олон нийтэд, нийгмийн аюулгүй байдалд, иргэдийн эрүүл мэнд зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг ил болгоход чиглэгддэг.
Ийм мэдээллийг сэтгүүл зүй өөрөө эрж хайх эрхтэй бас үүрэгтэй. Үүний тулд сэтгүүл зүй эрж сурвалжлах, нууц мэдээллийг хайх, олж илрүүлэх, олон нийтэд мэдээлэх өөрийн гэсэн тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн арга техникүүдтэй байдаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухайд бол мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн зарчимтай харшилддаг, зөрчилтэй арга, хэрэгслүүд ч бий. Ингэлээ гээд нийгэмд шуугиад байгаа, онцгой нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд төр засгийн байгууллагаас янз бүрийн түвшний хориг хязгаарлалт тавих ойлголт байх нь зохисгүй зүйл. Сэтгүүл зүй өөрөө ардчилсан нийгэм дэх бие даасан хараат бус институт. Өөрийн мэргэжлийн үйл ажиллагааны нарийн дүрэмтэй, шалгууртай. Бидний мэдэх олон улсын практик ч бий. Солонгосын Севол хөлөг онгоцны ослоор олон хүүхдийн амь нас эрсэдсэн. Энэ асуудал олон улсын сэтгүүлчдийн дунд маш том хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн юм. Солонгосын сэтгүүлчид “Бид албаны мэдээллийг хүлээсээр байгаад цаг алдаж, энэ нь олон хүүхдийг эрсдэлт байдалд ороход нөлөөлжээ.
Бид өөрсдийнхөө шугамаар, зарчмаар нөхцөл байдлын талаар илүү нарийн мэдээлэл олж авч, тодруулж нийтэд хүргэсэн бол хурдан шуурхай арга хэмжээ авч, ийм нөхцөл байдал үүсэхгүй байж болох байсан. Үүнийгээ хэлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг. Тэгэхээр ямар нэгэн осол гамшиг, онцгой нөхцөл байдлын үед ч хэвлэл мэдээлэл үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Сая болж өнгөрсөн тохиолдолд мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задаллаа гэцгээж байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн өнцгөөс үзвэл тийм ч үндэстэй зүйл биш шүү дээ. Сэтгүүл зүйн онцгой ганц эрх бол нууц эх сурвалжаа хамгаалах. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны хараат бус байдлыг ингэж хамгаалдаг.
-Мөрдөн байцаалтын нууц задалсан явдлын тухай ярих нь тохиромжгүй зүйл гэж ойлголоо. Харин ч сэтгүүл зүй өөрөө хүч нөлөө, үр дүн бий болгож байдаг юм биш үү?
-Нэг жишээ хэлэхэд Европын нэг оронд 10 настай хүүхэд алга болсон хэрэг гарсан юм. Тэр үед хэвлэлүүд яг цаг цагаар, хүүхэд эндээс алга болжээ, ингэжээ гээд бүх мэдээллийг эрэн сурвалжилж гаргаж байсан. Хууль хяналтын байгууллагуудын эрэн хайх ажиллагаатай зэрэгцээд л мэдээллүүд ингэж олон нийтэд ил болж байдаг. Өдөр өдрөөр нь, маршрут зургууд гарч ирж, одоо хаана хүрээд байгаа юм, цаашаа яах боломжтой вэ гэх зэргээр өөр өөрсдийнхөө таамгийг ч дэвшүүлнэ, эх сурвалжуудынхаа баримтыг ч гаргана. Сэтгүүл зүй ийм л дүрмээр явдаг.
Харин манайд социалист үзэл санаатай холбоотой юм уу, хэвлэлийн талаар буруу үзэл ойлголт хадгалагдаж байна. Нийгэмд муу муухай зүйлийг л хэвлэл ярьж байна, дэвэргэж байна. Сайн, сайхан юм ярих ёстой гэцгээдэг. Энэ бол социализмын үеийн хэвлэлийн талаарх үзэл шүү дээ. Гэтэл сэтгүүл зүй өөрөө аль болохгүй байгаа зүйлийг гаргаж илчлэх, гаргаж тавих, нийгэм олон нийт, төр засгийн сонорт хүргэх замаар, засч залруулах үүрэгтэй. Бид энэ дээр жаахан туйлшраад байгаа юм. Одоо бүр мэдээллийн сэтгүүл зүй хэрэггүй ээ, шийдлийн сэтгүүл зүй хэрэгтэй гэж туйлшруулан ярьж эхэлсэн. Ингэснээр сэтгүүл зүйг шүүн таслах байгууллага болгочих гээд байна. Энэ бол нэг төрлийн хэтэрхийлэл. Асуудлыг шийддэг субьектууд нь тусдаа бий. Хэвлэл хэдийгээр өвөрмөц нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг боловч ямар ч үед шийдэх, таслах үүргийг гүйцэтгэх боломжгүй.
Орчин үеийн сэтгүүл зүй түрүүлж мэдээлэх гэдэг ойлголт бараг байхаа больчихсон. Сошиал дээр ямар ч иргэн пост оруулаад, лайв хийгээд мэдээлчихдэг болсон. Гэхдээ огт үгүйсгэгдсэн зүйл биш. Мэдээж хэрэг хэвлэл мэдээлэл хурдан шуурхай ажиллахыг хичээнэ. Онцгой тулгамдсан үед албаны мэдээлэл гэдэг бол ам таглах аргацаах хэрэгсэл болох нь ч бий. Мөрдөн байцаалтын нууц, тогтоогдоогүй байна гэх мэтээр. Үүнийг сэтгүүл зүй хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас өөрсдийнхөө арга хэрэгслээр мэдээллийг олж илрүүлэхийг зорьдог.
Иргэд,хэрэглэгчид нь яасан бол гээд санаа зовничихсон, мэдэхийг хүсч байгаа, хэвлэл мэдээллийг чагнаж, эрж хайж байхад хариултыг нь олж өгөхийг л зорино биз дээ. Яг тэр мэдэхийг хүсч байгаа мэдээллийг нь олж өгөх гэдэг бол сэтгүүл зүйн өөрийнх нь үүрэг юм. Энэ утгаараа хэвлэл мэдээлэл сая үүргээ биелүүлж байгаа хэрэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэдээлэл авах арга хэрэгсэл нь мэдээллийн нууц эх сурвалж болдог. Ер нь дэлхийн аль ч хэвлэл хамгийн чухал мэдээлэл, илрэхэд түвэгтэй мэдээллүүдийг нууц эх сурвалжаас авсан байдаг. Хэвлэл мэдээлэл урд нь ч өөрийнхөө сүлжээгээр мэдээлэл олж авч түгээсээр ирсэн, одоо ч тийм байгаа, хойшдоо ч тийм байна. Тиймээс мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаална гээд олон улс оронд хуульчилчихсан. Бүх улс орны хэвлэлийн ёс зүйн дүрэмд байдаг. Манайд ч Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд энэ заалт бий. Ингэж нууц эх сурвалжийг сэтгүүл зүйд хуулиар хамгаалдаг, ёс зүйн дүрэм, зарчмаар хамгаалдаг. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Хүнлэг байх тухайд та ярихгүй юу. Сэтгүүлч мэдээлэл бэлтгэхдээ мэдээж мэдрэмжтэй хандах ёстой. Хүнлэг байх ёстой гээд мэдээлэхгүй өнгөрнө гэсэн үг биш байх?
-Сэтгүүл зүйд нэг зовлонтой зүйл байдаг. Дандаа цаг хугацаатай өрсөж уралдаж шийдэл гаргах хэрэгцээ гардаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид тулсан цаг хугацааны хайчинд шийдэл хийх хэрэгцээ шаардлагууд ажил мэргэжлийнх нь онцлогоос хамаарч тулгарч байдаг гэсэн үг. Жишээ нь, Сэтгүүлч тухайн асуудлаар таван баримт оллоо гэхэд би үүнийхээ алиныг нь олон нийтэд хүргэх вэ гэдэг шийдэл юм. Үүндээ л хүнлэг энэрэнгүй байх гэх зэрэг ёс зүйн зарчмуудаа баримтлах ёстой. Харамсалтай нь цаг хугацааны ийм шахуу байдлаас болж ёс зүйн алдаа гаргах тохиолдол олон гардаг. Ялангуяа бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл, асуудлыг ёс зүйн баримтлалын дээд эрэмбэд авч үзэх ёстой. Энэ бол сэтгүүл зүйн нягт нямбай үйл ажиллагааны шалгуур. Тиймээс ийм асуудалд хариуцлагагүй хандах эрх сэтгүүлчид байхгүй.
Баримтыг нотлон шалгах, сэтгүүлчийн няхуур нямбай байдал, ямар ч мэдээллийг нягтлан хүргэх тал дээр алдаа их гараад байгаа юм. Бид нэгд, техник технологи хурдан болсон яарч түрэгдээд түргэн түүхий мэдээлэл хүргэхдээ алдаж байна. Нөгөө талаар сэтгүүлч ямар ч нөхцөлд баримт үйл явдлаас өөрийгөө салгаж өөрийнхөө үзэл бодол сэтгэл хөдлөлөөс ангид сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хувь хүний сэтгэл хөдлөл, сэтгүүлчийн ажил хоёр чинь заагтай байж байж, өөрөөр хэлбэл баримт, үйл явдлыг хувийн хандлага, үзэл бодлоосоо ангид байлгаж л мэдээлэл бодитой байх нөхцөл бүрддэг.
-Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан гэх агуулга дээр хууль тогтоогч, хууль сахиулагч төрийн байгууллагын зүгээс оролцож эхэлж байна. Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнийг буруушааж сошиалд байр сууриа илэрхийлсэн харагдсан. Энэ нь сэтгүүл зүйд хэр нөлөөтэй вэ?
-Чөлөөт хэвлэл нь төр засгийн, хуулийн ямар нэгэн шахалт, хязгаарлалтаас ангид байж хараат бусаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Чөлөөт хэвлэл тогтсон дүрэм, зарчмаараа үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байгууллагаас түүнийг мэдээлж болно, түүнийг болохгүй гэх нь Монгол Улсын хуулиар ч хориотой зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд байгаа. Энэ бол хэвлэлийн агуулгад цензур тавих явдал болж хувирна. Яахав, өнөөдрийн дуулиант нөхцөл байдалд тийм байж болох юм шиг боловч алсдаа хэвлэлийн агуулгыг цензурдах гэсэн асуудал болно. Хэвлэлийн өөрийнх нь дүрэм, дотоод зохицуулалтаар зохицуулагдаад явдаг зүйлийг хориглох явдал байж таарахгүй.
-Олон нийтийн сүлжээнд боловсруулаагүй, баталгаажуулаагүй мэдээллүүд ихээр түгдэг. Олон нийт шууд хүлээж авдаг. Сөрөг үр дагавар гарахад сэтгүүл зүйг буруутгадаг болсоор удаж байна. Үүний ялгаа заагийг яаж харах ёстой юм бэ?
-Асуудлын гол нь манай уншигчид, хэрэглэгчдийн мэдээллийн боловсролын түвшинд байгаа юм. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг шалгаж баталгаажсан, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэдэг, тэдний мэдэх эрхэнд үйлчилдэг үйлчилгээ.
Харин сошиал бол иргэд олон нийт энэ талбарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох, асуудлыг хэлэлцэх, шүүмжлэх, шийдэл гарц эрж хайх нээлттэй талбар нь. Гэтэл бид мэдээллийн боловсрол дутмаг байдлаасаа болж ийм хоёр эрс ялгаатай зүйлийг нэг зүйл мэт ойлгодог. Сошиалд нэг зүйл биччихсэн байвал түүнийг сэтгүүл зүй л гэж хараад байна. Яахав, орчин үеийн сэтгүүл зүй технологийн ололтод тулгуурлаад олон нийтэд хүрэх хэрэгсэл, унаагаа олон нийтийн сүлжээгээр хийсэн. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ үйлдвэрлээд түүнийгээ аль болох хялбар, шуурхай арга замаар иргэд олон нийтэд хүргэх ёстой. Тэр унаа нь сошиал болсон гэсэн үг л дээ.Үүнийг заагтай авч үзэх ёстой юм.
Би нэг зүйлийг олон жил хэлж, ярьж ирсэн. Энэ бол сэтгүүлчид өөрсдөө сошиалд хязгаартай, “хамжаарга”-тай “ажиллах”явдал. Сэтгүүлч Цэцгээ гэж нүүр хуудсаа нэрлээд, бичээд ирэхээр чинь сэтгүүл зүй гэж л олон нийтэд ойлгогддог. Хувийн орон зай гэж тодорхойлогддог хэсэг дээр сэтгүүл зүйн ажлаа явуулдаг байдал нь зааггүй болчихоод байна. Энэ нь нийгэмд төөрөгдөл үүсгэх, сэтгүүлчийн талаарх ойлголт буруу ташаа болох, хэрэглэгчдийн сэтгүүл зүйд итгэх итгэл үнэмшил нь буурахад сөрөг нөлөө үзүүлж байгааг бид ойлгох хэрэгтэй.
-Сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл буурсан гэлээ. Ер нь Монголын сэтгүүл зүй үүргээ хэр биелүүлж байна гэж та хардаг вэ?
-Монголын өнөөгийн нийгэмд чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээлэл өөрийнхөө үүргийг гүйцэтгээд л явж байгаа. Мэдээж хэвлэл мэдээлэл жинхэнэ чөлөөт хэвлэлийн зарчмаар ажиллаад үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж хэлэх боломжгүй. Түүн дотор муу муухай, хүмүүсийн шүүмжлээд байдаг дутагдалтай зүйлүүд ч байгаа.
Хэдийгээр сэтгүүл зүй муу, сайн гэж хэлүүлээд байгаа ч гэсэн нийгэмд бий болоод байгаа энэ олон авлига, хулгай луйвар, хээл хахууль, хүчирхийлэлтэй холбоотой олон асуудлыг хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчид л гаргаж тавьж байна. Хамгийн сүүлд, энэ золгүй явдал, энэ онцгой нөхцөлд хэвлэл мэдээллийнхэн хэдий шүүмжлэлд өртсөн ч өөрсдийнхөө үүргийг гүйцэтгээд явсан. Үгүйсгэж огт болохгүй. Яахав алдаа оноо бий. Гэхдээ муу үйл ч заавал сайн тал руугаа ахиж байдаг гэгчээр эндээс сургамж, туршлага аваад ахиж урагшилна. Гэхдээ хамгийн гол зүйл нь сайн, муу хэлүүлээд нийгмийн бугшсан асуудлыг хэн гаргаж тавьж байна вэ, хэн үүний төлөө явж байна вэ, сэтгүүл зүй шүү дээ. Ер нь бусад улс орнуудад ардчилсан хэвлэл 200 хол илүү жилийн түүхтэй бол Монгол Улсад 30 жилийн л түүхтэй шүү дээ. Тэгэхээр бид чөлөөт хэвлэлийнхээ алдаа, оноог шүүн хэлэлцэж улам бэхжүүлээд явах нь нийгэмд, иргэд бидэнд л тустай.
Б.ЭНХЗАЯА
One reply on “Ж.Батбаатар: Сэтгүүл зүйн мэргэжлийн өнцгөөс харахад мөрдөн байцаалтын нууц задаллаа гэдэг бол үндэслэлгүй тайлбар DNN.mn”
Энэ одоо хөгжихгүй, юм уншихгүй багш юм аа. Дээр үеийнхээ юмыг л яриад дахин яриад байх юм. Мандахбаярыг Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч болгох гээд хэдэн шавиа хайрцаглаад тэр хурлыг зохион байгуулаад хашгичаад байсан. Шанд нь дэд ерөнхийлөгч гээд солиороод явах юм. Хэзээ байтлаа бусад оронд нэг сургуулийн багш сэтгүүлчдийнхээ эвлэлийн дэд ерөнхийлөгч байсан юм бэ?