Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-аас Засгийн газарт хариуцлага тооцдог, үүрэг даалгавар өгдөг механизм алга болчихжээ

Улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ээлжит бус чуулган эхэллээ. Чуулган завсарласан үеэр та юу хийж, амжуулав?

-Орон нутгаар ажиллалаа. Тойргийнхоо иргэдтэй уулзлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар яригдаж байгаа. Та санаа оноогоо хэлээч?

-Бид засаглалаа сайжруулахгүй бол болохгүй болжээ. Засаглалын хоорондын харьцааг зөв болгох ажлыг нэн тэргүүнд хийх цаг болсон. Ойрын жишээ гэхэд Засгийн газарт УИХ хариуцлага тооцох механизм нь алдагдчихлаа. Энэ нь нөгөө л бидний яриад байдаг давхар дээл гэдэг асуудлаас улбаалсан. УИХ Засгийн газарт хариуцлага тооцдог, үүрэг даалгавар өгдөг механизм нь алга болчихсон байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүд нь УИХ-д ороод суучихдаг. Буцаад их хурлаасаа Засгийн газарт өгөх үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй. Уг нь Засгийн газар гүйцэтгэгч засаглалын байгууллага шүү дээ. Тэр функц нэгдүгээрт алдагдаад байх шиг байна. Хоёрдугаарт, хуучин дордуулсан долоон өөрчлөлтөд нэлээдгүй анхаарах хэрэгтэй. Түүнчлэн сая орон нутгаар явах үед анзаарсан нэг зүйл нь орон нутагт засаглалын эрх хэмжээ, мэдэл алдагдсан байна. Тухайлбал, сумын Засаг дарга нарыг ИТХ-аасаа томилчихдог. Нөгөө нь алдаа дутагдал гаргахад халж, хариуцлага тооцох тогтолцоо нь алдагдчихдаг байдал үүсчээ. Орон нутагт хэн илүү хамаатан садантай нь илүү эрх мэдэлтэй болчихдог ч юм уу, эсвэл намуудын хоорондын наймаагаар Засаг даргаа сольдог гэх мэт гажуудлууд байна. Тэгэхээр дээрээсээ засаглал тогтвортой ажиллах, бодлогын залгамж халаагаа баримтлах асуудлууд алдагдаж байна. Орон нутгийн сонгуулийн түвшинд сумын Засаг даргыг нийт иргэдээсээ сонгоё гэдэг санал гарч байна. Ийм санаануудыг судалж үзэх хэрэгтэй.

-Татварын ерөнхий багц хуулийн хүрээнд иргэдийн дунд шүүмжлэлтэй байгаа асуудал нь татвар төлөгчийн хүрээнд үүсгэсэн өрийг хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх асуудал юм. Энэ тухай таны байр суурийг сонсъё?

-Энэ талаар өнөөдөр бид ярилцсан. Үүнийг буруу гэж үзэж байна. Татвар төлөгч гэдэг өөрөө хуулийн өмнө хүлээсэн хариуцлагатай хууль зүйн этгээд. Хуулийн дагуу тухайн компанийн хувь эзэмшигчид өөрсдийнхөө хариуцлагыг үүрээд явах ёстой шүү дээ. Яахав татварын байгууллагууд татвар авах механизмаа төр талаасаа сайжруулж хараад байна. Төр татвар авах механизмаа сайжруулах ёстой. 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хөнгөлнө гэж байгаа.

Тухайлбал, дээрх асуудалд төр аж ахуйн нэгжээс татвар авчихаад, эргэн төлөлт хийж буцаагаад оруулна гэх заалт байх жишээтэй. Энэ нь төр өөрийнхөө хатуу, данхагар тогтолцоогоо улам хатуу чанга болгоод байгаагаас биш яг иргэддээ хүрч, бололцоог нь хангах талаас харж үзэхгүй байна. Бизнес хийж байгаа хүн таван төгрөгөө эргэлдүүлж, ашиг олохын төлөө явдаг. Нэгэнт улс татвар авахгүй юм бол татвар авах механизмаа сайжруул л даа. Иргэдээс 100 хувийн татвар авчихаад буцаагаад 90 хувийг нь өгөхөөр ямар их хүндрэл гарах вэ гэдэг талаас ерөөсөө бодохгүй байна.

-Швейцарьт ажилласан гишүүд С.Баярцогтын таван ч дансны хуулгыг авчирсан гэх мэдээлэл гарлаа?

-Бид сүүлийн үед хуулийнхаа дагуу засаглах засаглалаа эвдээд байгаа юм болов уу гэж харагдаад байна. Салхитын мөнгөний орд руу бүхэл бүтэн ЗГХЭГ-ын дарга нь бүх хүмүүсийг командлаад орж байх жишээтэй. Гэтэл тэрний чинь доор шүүхийн байгууллага гэх хариуцсан газар бий шүү дээ. Хэрвээ шүүхээс шийдвэр гаргасан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нь тухайн асуудал дээр ажиллана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нь Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд байдаг. Үүнийг засаглалын эрх хүрээнийхээ дагуу хийж байх ёстой. Тухайлбал, ашигт малтмал, лицензтэй холбоотой асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын хүрээнд хийгдээд явах ёстой.

Хэрвээ энийгээ хийж чадахгүй бол сайд нь ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Гэтэл журмаараа явах ёстой байсан зүйлийг ЗГХЭГ-ын дарга нь доод сайдынхаа өмнөөс асуудал болгож дээш нь татаж авчирч хийж, дураараа хэн хүссэн эрх мэдэлтний үгээр бүх зүйл явдаг ийм л байдал руу орж байна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал байна. Тэр хэрэгт холбоотой хүмүүсийг баривчилсан. Тэр хүнийг баривчлах прокурорын шийдвэр нь гараагүй байхад барьсан. Үүнийг мэдэж л байсан шүү дээ. Мэдээж шүүхийн шийдвэргүй хүнийг бариад хийчихвэл шүүх нь гаргаж л таараа. Эмоци, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг, буцаад шүүх байгууллага руугаа дайрдаг хэлбэр бий болчихоод байна шүү дээ. Сүүлийн үед С.Баярцогттой холбоотой асуудлууд гарч ирж байх шиг байна. Хуулийн дагуу шүүгдэж байгаа асуудлууд нь ямаршуу байх юм. Мэдэхгүй байна. Материалаа Швейцариас татаж авч чадахгүй байсан юм болов уу гэсэн асуудал одоо харагдаад байх шиг байна. Татаж авч чадахгүй байж байгаад бараг айлчлал хийж байхдаа очиж авчирсан юм уу гэдэг асуудал ч бас харагдаад байна шүү дээ. Бүхэл бүтэн хоёр улсын хоорондын айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн нь өөрөө оролцоод, газар дээрээс нь очиж авчирсан бололтой. УИХ-ын гишүүд бид бүхэл бүтэн институци тогтолцооныхоо өмнүүр орж гүйгээд байна. Энэ нэг талдаа ард түмэнд таалагдаад байгаа бололтой. Харин цаанаа бид тогтолцоогоо эвдээд байна шүү дээ.

-ЖДҮХС-тай холбогдуулан дахин таван гишүүний нэр яригдаад эхэлсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Тийм сураг байсан. Ер нь бид ЖДҮХС-гийн асуудлаа нэг мөр болгоод авчихмаар байна. Хамгийн бодитой, ил байгаа асуудал энэ шүү дээ. Ил байгаа асуудлаасаа эхлээд том, жижиг гэлтгүй шийдээд явъя л даа. Баахан хүмүүсийг шалгаад зөндөө юм болсон. Жишээ нь, Булган аймагт нэг аж ахуйн нэгж зээл авсан асуудлаар АТГ дээр намайг хүртэл дуудаж, шалгаад байсан. УИХ-д АТГ дээр очоогүй хүн байгаа юм уу.

Дуудаж аваачаад баахан асууж, шалгана. Тэр шалгалтынхаа хариуг бидэнд өгөх хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн оффшор дансны асуудал яригдаж байна. Сая орон нутгаар явахад оффшор дансны асуудал дахиад л сөхөгдөөд ирсэн. Иргэд тэр оффшор дансны мөнгийг олж ирж болдоггүй юм уу гээд л. Энэ асуудлын хариуг нь өгмөөр байна аа. Ийм мэдээлэл гаргасан хүмүүс нь үүнийхээ араас яв л даа. Ард иргэдийг төөрөгдөлд оруулчихаад алга болчих юм. Нөгөө л дижитал популизмын нэг хэлбэр манайд ороод ирлээ шүү дээ.

-400 орд газрын асуудал бас байна?

-Бүхэл бүтэн салбарын сайд 400 орд газрын лицензийг цуцлах боломж байхгүй гэдэг мэдэгдлийг хийчихлээ шүү дээ. Тэгвэл яагаад институци хоорондын мэдээллийн зөрүү гарч ирээд байгаа юм. Төр ингэж ажиллаж болохгүй байхгүй юу. Энэ асуудлыг хариуцсан яам нь ийм мэдээлэл хийгээд байна шүү дээ. Нөгөө талаар нэг харагдаж байгаа айхавтар зүйл нь төрийн засаглах байгууллага, аж ахуй нэгж хоорондын тэмцэл шиг зүйл бий болох гээд байна. Аж ахуй нэгжүүдээ дарамталдаг, айлгадаг ийм зүйлийн зах зух харагдаж байна. Төр уг нь аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, ажиллах боломжийг олгох ёстой. Тэгээд аж ахуйн нэгжүүдээсээ авсан татвараараа төрийн үйл ажиллагаа явуулж, эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээний байгууллагуудын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг олгоод явж байх ёстой. Аж ахуйн нэгжүүд хүчтэй, чадалтай бол буцаад төрд татвараар орж ирэх мөнгө нь их байна. Тэр хэрээрээ улсын төсөв арвижна. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэж ярьдаг. Энэ өсөлтийг аж ахуйн нэгжүүд л хийж байгаа шүү дээ.

-Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарын томилгооны асуудал энэ чуулганаар яригдана. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Авлигын эсрэг хуулийн 21.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан. 21.5-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэсэн. Тэгэхээр АТГ-ын дарга томилогдсоноос хойш дахиад зургаан жилийн хугацаанд ажиллах заалттай юм. Үүнийг л буруу тайлбарлаад, урьд ажиллаж байсан хүнийхээ зургаан жил дотор ажиллах юм шиг буруу томилгоо хийгээд байна. Яагаад энэ хүн зургаан жил ажиллах вэ гэвэл уг хугацаанд урьд хойд хийж байсан ажлууд, өнөөдөр хийж байгаа ажлуудыг харж, хуулийн хүрээнд энэ нийгмийг эрүүлжүүлэх, авлигагүй болгох бүх зүйлийг цогцоор нь харах боломжийг олгохын тулд юм. Энэ логикийн дагуу АТГ-ын дарга хэзээ ч томилогдсон бай тэр хүн зургаан жилийн хугацаанд энэ үйл ажиллагаагаа хийнэ. Хэрвээ өөрөө өргөдлөө өгөөгүй, хуулийн дагуу халагдах нөхцөл нь үүсээгүй бол зургаан жилийн хугацаанд урт хугацааны бодлогоо хэрэгжүүлэх боломжийг тэр хүнд хуулиар олгож байгаа юм.

Тэгэхээр энэ хууль зөрчигдөнө өө. Бид хуулийг буруу тайлбарласнаар хойч үедээ буруу жишиг үлдээгээд байна шүү дээ. Хэн илүү олон нийт рүү гарч, эмоциороо дуугарсан хүмүүсийн зөв болж хувирдаг тогтолцоо руу орж байна. Гэтэл цаана нь бүхэл бүтэн хууль байна. Энэ хууль дээр гишгэлээд явах боломжийг хойч үедээ бид үлдээж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *