Categories
мэдээ цаг-үе

Ж.Бадамбазар: Ажиллагаанд явж үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид гэр бүлийн төлөвшсөн гишүүн болж ирдэг

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазартай ярилцлаа.


-Та бол анхны энхийг сахиулах ажиллагаа буюу “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд чухал үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг. Тэр үеийн дурсамжаас яриагаа эхлье?
-Монголын ардын арми 1990 оноос хойш зэвсэгт хүчин гэж нэрлэгдэх болж, зэвсэгт хүчин өөрөө өөрийгөө хэн нэгнээс хамааралгүйгээр бэлтгэх, боловсон хүчнээ сургах, бэлтгэл хангах юмаа бие дааж хийх хатуухан бөгөөд шинэ нөхцөл байдал үүссэн. Зэвсэгт хүчин эх орноо зэвсэг барьж хамгаалахаас гадна энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор дээрх үүргээ биелүүлэх боломжтой болсон юм. 2002 онд манай улс анх Бүгд найрамдах ардчилсан Конго улс руу хоёр цэргийн ажиглагч явуулсан. 2003 онд анх Иракийн эрх чөлөө дайны дараах хүмүүнлэгийн сэргээн босгох ажиллагаанд манай улсаас хоёр баг явсан. Энэ ажиллагаанд надад багийн захирагчийн орлогчоор явах хувь тохиосон юм. Бид ямар ч туршлагагүй байлаа. Манай багийн захирагчаар ажиллаж байсан Б.Баярмагнай одоо бэлтгэл хошууч генерал цолтой байна. Ингэж манай улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох суурь тавигдсан гэж бид үздэг. 2002 оноос хойш энэ хугацаанд давхардсан тоогоор 14 мянган цэргийн албан хаагчийг ажиллагаанд оролцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1100 гаруй цэргийн албан хаагч хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байна.
-Анх очиход ямар нөхцөл байдал хүлээж авсан бэ. Тодорхой хэмжээний айдас байсан л байх?
-Бид Багдадаас урагшаа 100 орчим км-т байдаг Алила хот дахь олон үндэстний цэргийн ар талын Чарли баазад үүрэг гүйцэтгэсэн. Баазын аюулгүй байдлыг бид хариуцна гэсэн үг. Монгол Улсын түүхэнд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гадаад улсад хил дамнасан урт хэмжээний марш үйлдсэн тохиолдол гарч байгаагүй. Бид Кувейтээс Ирак хүртэл нийтдээ 600-аад км газар өөрийнхөө машин техник, цэрэгтэйгээр хоёр хоногийн марш үйлдэж Алила хотод очиж байсан. Бидний төсөөлж байсан цаг агаарын өөрчлөлт, ялангуяа дайны дараах нөхцөл байдлыг кинон дээрээс л харж байснаас биш нүдээр үзэж байгаагүй. Нэг тосгоны хажуугаар өнгөрлөө гэхэд амьдрал нь их муу, хүүхдүүд нь хөл нүцгэн ус, хоол ундны зүйл гуйгаад зогсож байгааг харахад үнэхээр хэцүү санагддаг юм билээ. Буун дуу тасрахгүй, өөр лүү чинь сум чиглэж байх нөхцөлд очих эвгүй л дээ. Бааздаа очоод удаагүй байхад манай баазыг миномотоор буудахад бид яаралтай арга хэмжээ авч баазыг хамгаалсан. Тэр үед баазын удирдлагын бүрэлдэхүүн манай цэргийн ажиллагааг өндрөөр үнэлсэн. Бидэнд мэдээж айдас ямар нэг хэмжээгээр байсан. Гэхдээ бид дадлага сургууль хийж байснаараа зохих арга хэмжээг авсан. Тэр үед америк цэргүүд бие засахдаа хүртэл буу, касктайгаа явдаг олон үндэстний бааз дотор буу тайлахыг зөвшөөрдөггүй байлаа. Бидний авсан арга хэмжээ, ажиллагааны маргааш америк цэрэг буугүй явж байсан. Тэгэхэд л баазын аюулгүй байдлыг монгол цэрэг найдвартай хамгаалах юм байна гэж бидэнд итгэж байгааг ойлгосон.
-Саяхан Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд тэмцээн уралдаанд амжилттай оролцож, Америкийн тэнгисийн цэргийг ардаа орхисон тухай мэдээлэл цахим ертөнцөд тархсан.
Монгол цэргүүд үнэхээр шилдэг байж чаддаг юм уу, эсвэл монгол цэргүүдийг хөөргөөд байдаг юм уу гэсэн хардлага ч төрөх юм?
-Монголчууд ямар нэг тэмцээн уралдаанд оролцохдоо заавал эрмэлзэлтэй ордог. Монгол цэргүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд бусдаас дутах зүйл байхгүй. Ажиллагааны газар оронд олон тэмцээн уралдаан зохиогддог. Тэр бүрт монгол цэргүүд дээгүүр байранд ордог шүү. Манай алба хаагчдыг дандаа тусгайгийн цэргүүд гэдэг. Уг нь тийм биш л дээ. Бид Зэвсэгт хүчний анги салбараас гадна цагдаа, шүүх, онцгой, тагнуулаас бие бялдар, эрүүл мэндийн шалгуур тавьж хүмүүсийг авдаг. Тэгэхээр монгол хүнд нийтлэг онцлог чадвар байдаг юм шиг байна. Дайчин, өөрт оногдсон үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлдэг учраас манай цэргүүдийн чадварыг өндрөөр үнэлдэг байх. Гудамжинд яваа жирийн залууст ч ийм амжилт гаргах боломж байгаа гэж боддог.
-Өнөөгийн нийгэмд, тайван цагт зэвсэгт хүчин ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулдаг юм бол?
-Дэлхий нийтээр цэргүүд бол зөвхөн цэрэг дайны зориулалттай хүмүүс биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мэдээж шаардлагатай, хүнд хэцүү үед хамгийн түрүүнд гарах зохион байгуулалттай байгууллага. Түүнээс гадна цэргийн албыг дамжсан хүн гэдэг бол тодорхой хэмжээний ёс зүйн хүмүүжилтэй болсон байдаг. Хугацаат цэргийн албанд ирсэн залуус маань их сайхан төлөвшөөд явдаг. Энхийг сахиулах ажиллагаанд явсан алба хаагчид мэргэжлийн хувьд өсч, гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй болоод ирдэг. Дайны дараах хүнд хэцүү байдал, зовлон зүдгүүр, ядуу буурай байдлыг хардаг. Тэгээд л Монгол Улс маань ямар сайхан тайван улс болохыг ойлгож, цэрэг хүний хувьд үүргээ ухамсарласан, гэр бүлийн төлөвшсөн гишүүн болж ирнэ гэдэг бол Монгол Улсад оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж боддог.
-Таны хувьд Иракийн ажиллагаанаас хойш ямар, ямар ажиллагаанд оролцож байв?
-2006 онд Сери-Лионд энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажиллагаагаар олон улсын шүүх олон улсын дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүрэг монгол улсын багт ногдсон. Ажиллагааны газар оронд монгол хүнд тулгардаг хамгийн том асуудал бол чийглэг халуун уур амьсгалтай газар оронд дасан зохицох нь хүндхэн байдаг. Бэлтгэл сургуулилтын үед бие бялдрыг нь дасгах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг.

-Ажиллагаанд явж буй алба хаагчдын ар гэрийн асуудлыг орхигдуулах гээд байдаг тал бий гэж ярилаа. Тэгэхээр энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Цэргийн хүн тушаалаар явдаг. Тэр бүрт ар гэр нь дагаад явна. Тэгэхээр алба хаагчдын ар гэрт нийгмийн хамгааллын асуудал нилээн бий. Саяхан Батлан хамгаалах салбарын багц хууль шинэчлэгдэхэд тодорхой хэмжээний дэмжлэгийн асуудал тусгагдсан байгаа. Ар гэрт хандсан төрийн бодлого явагдана гэж ойлгож болно. Гэхдээ мөнгөөр шийдэгдэх халамжийн бодлого гэж ойлгож болохгүй. Үр хүүхдийнх нь цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүнд мэргэжил боловсрол олгох, ажлын байраар хангах гэх мэт арга хэмжээ авч эхлэнэ гэж бодож байгаа. Энхийг дэмжих болон сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчдын гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг чухал байдаг. Энэ тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлүүдийг бид бодолцож байна.
-Таныг дунд сургуульд сурч байхдаа эрээн галстуктай, онц сурлагатан явсан гэж сонссон. Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ?
-Нийслэлийн арван жилийн гуравдугаар дунд сургуульд 1970 онд элсэж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сурагч байхдаа ангийн дарга, бүлгийн зөвлөлийн дарга, хувьсгалт залуучуудын эвлэлийн товчооны гишүүн гээд л нэлээн нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хүүхдийн гэнэн цайлган зангаар ирээдүйн мэргэжлээ янз янзаар төсөөлж боддог байжээ. Олон улсын харилцааны чиглэлээр ч сурчихмаар, эмч больё ч гэж бодогдож байсан үе бий. Гэхдээ яг аравдугаар анги төгсдөг жил гадаадын цэргийн дээд сургуульд хүүхдүүд элсүүлнэ гээд Батлан хамгаалах яамнаас хүн ирж шалгалт авсан. Би түүнд тэнцээгүй. Гэхдээ дотоодын цэргийн дээд сургуульд орьё гэсэн бодол төрөөд шалгалт өгч, тэнцсэн. Маш богино хугацаанд гэнэт шийдээд цэргийн хүн больё гэж аав ээждээ хэлэхэд дуртай байсан. Учир нь манай аав 1937-1943 онд хил дээр цэргийн алба хааж байсан юм билээ. Ингээд 1980 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн артиллерийн тэнхимд сонсогчоор элсэж, их бууны ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн. Анх цэргийн сургуульд орохдоо сайхан хувцастай хүмүүс байдаг гэхээс өөр цэргийн хүний талаар төсөөлөлгүй дэврүүн сэтгэлээр ороод ирсэн шиг санагддаг.
-Цэргийн нэгдсэн дээд сургууль бодож байснаас нь ямар байсан бэ?
-Айлын бага хүүхэд болохоор аав ээждээ эрх хүүхэд байлаа. Шинэ цэргийн анхан шатны сургуулилт буюу карентинд ороод эхэлсэн чинь олон аавын хүүхдүүд дунд хоцрохгүй байхыг л эрмэлздэг юм билээ. Мэдэхгүй чадахгүй, биеийн хувьд дийлэхээргүй зүйл зөндөө гарч ирсэн. Ингээд нэгэнт л орж ирсэн болохоор заавал үүнийг нь хийж чаддаг болж байж офицер болох ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Сургуулиа төгсөөд хаана томилогдож, ажлын гараагаа эхлэв. Энэ хугацаанд ардын армид ямар албан тушаалууд хашиж байв?
-Цэргийн алба гэдэг онцлогтой. Хамгийн бага албан тушаалаас эхэлж, тухайн албандаа амжилт гаргаж, дараагийн албан тушаалд томилогдон очдог. Миний хувьд анх жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт их бууны 019 дүгээр хороонд салаан захирагчаар томилогдсон. Намайг алба хааж байх үеийн бүх захирагч, дарга нар офицер хүн ямар байх талаар надад сургаж байлаа. Салаан захирагч хүнд цэргүүдтэйгээ ажиллана гэж чухал ажил байдаг. Гурван жилийн цэргүүдийг нэг жилийн хугацаанд их бууны бага мэргэжилтэн болгож бэлтгээд бусад анги салбарууд руу хуваарилж явуулна. Цэргүүд маань мэргэжлээ муу эзэмшсэн байвал бидэнд эргээд хариуцлага тооцно. Тийм учраас сайн цэрэг мэргэжилтэн бэлтгэх гэж аминдаа хичээдэг, хоорондоо өрсөлддөг байлаа. Намайг томилогдон очсоны дараа жил 1985 онд Батлан хамгаалах яамны сайдын шалгалтад манай анги орж, онц ангийн болзол хангасан. Манай салаа онц салаа болж байлаа. Тэр үеэс хойш арваад жил цэрэгтэй ажилласан. Тэднээсээ их ч зүйл сурсан, цэргүүддээ баярлаж явдаг.
-Бригадын генерал цолонд хүртлээ бахархан дуурайж явсан генерал, дарга нар байсан л байх даа?
-Манайхан дарга хүн дандаа сайн байдаггүй гэж ярьдаг. Харин цэргийн хүний хувьд ихэвчлэн даргыгаа л дуурайдаг. Яаж энэ хүн шиг болох вэ, дуу хоолой, биеэ авч яваа байдал, мэргэжлийн хувьд хэрхэн удирдаж чиглүүлж байгааг нь гээд л бүх талаар нь харж, дуурайхыг хичээдэг. Анх томилогдож очсон ангийн захирагч маань хурандаа Л.Төмөр гэж хүн байлаа. Түүнээс хойш маш олон дарга нартай хамтарч ажилласан.
-Цэргийн хүн байхын юу нь сайхан бэ?
-Анх цэргийн хүн болохдоо юу нь сайхан, ямар гэдгийг ерөөсөө ойлгодоггүй байсан. Одоо бол Монгол Улсынхаа төлөө тангараг өргөж, түүндээ үнэнч байна гэдэг сайхан. Нэг үгээр хэлэхэд цэргийн хүн ярисандаа байж чаддаг. Хариуцлага хүлээж, өөрийгөө хөгжүүлж, үүрэг биелүүлэхэд байнга бэлэн байх ёстой. Ямар ч зүйл тохиолдсон аливаа ажил үүрэг гүйцэтгэхдээ чин сэтгэлээс хийдэг. Үүгээрээ бахархдаг.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүн надтай адил гуравдугаар сургуулийг төгссөн Н.Энхтуяа гэж бүсгүй бий. Хүнсний технологич мэргэжилтэй. Манайх ганц хүүтэй. Хүү маань ОХУ-д шүхэрт десантын дээд сургуульд долоо дахь жилдээ сурч байна. Ирэх жил төгсөнө. Би хүүгээ цэргийн хүн болгоно гэж нэг их албадаагүй. Монголоос анх Суворовын сургуульд явсан хорин хүүхдийн нэг болж явсан. Хүү маань удам залгаж, цэргийн гэр бүл болох юм шиг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *