Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ариунболд: Тариаланчид боломжоороо л зүтгэж байна, тарианы болц янз бүр байна

Жаргалант сумын тариаланч, “Хөх баянбулаг” компанийн захирал Ж.Ариунболдын тариан талбайд зочилж, ургацын байдлыг тандав. Зарим тариаланчдын холбооноос “Улсынхаа хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдсан” хэмээн прогноз хийсэн болохоор ч тэр үү ер нь л хэт халалтын дараа гурилтайгаа үлдэх эсэхэд олон хүн анхаарч буй. Харин Ж.Ариунболд “Тариаланч хүн бэлгэдлээ бодно. Болоогүй байхад нь муу амлаад, тэдэн хувиа алдсан гэж ярих сонирхол алга. Хураасны дараа санасанд хүрэх эсэх нь миний л асуудал” гэв. Тэд 3300 га-д улаанбуудай тариалсан ажээ. “Тариаланчид боломжоороо л зүтгэж байна. Тарианы болц янз бүр. Намар байдал нэлээд хүндрэх янзтай. Зарим тариа цутгалтандаа орж байна. Зарим нь гол хатгаж байна, зарим нь цэцэглэлтийн үедээ явна. Талбайнхаа чийгнээс шалтгаалаад өөр байна. Бидний талбай тэгш биш шүү дээ. Хонхор газар нь арай чийгтэй, гүдгэр газар нь арай бага байна. Адилхан хэмжээнд тарьсан ч янз бүр гарч ирж байна л даа. Ургац хураалт эхэлтэл үндсэндээ 40 хоног байна. Энэ хугацаанд юу ч болох юм билээ. Энэ жил яахав, улсын хэмжээнд төлөвлөсөн ургац багасах нь ойлгомжтой” хэмээн тэрбээр ярьж эхэллээ. Түүний тариан талбай дахь тарианы ишний өндөр 60 см орчим, сүүлд гарч ирж байгаа нь 40 см, дөнгөж цухуйж байгаа хэсэг ч харагдана. Нэгэн шарласан тариан түрүүг имэрч үзэхэд будаагүй, хоосон хальс байх юм. “Сүүлд гарч байгаа тарианууд хүнээр бол сульдаатай хүүхэд гэсэн үг. Уг нь бол гол хатгаад явж байгаа, түрүүлэлт эхлэх гэж байх үе. Тариан түрүүнд хуримтлагдаж байгаа будаа чийг авсан учраас ширхэг нь биерхүү тарган масс сайтай гараасай л гэж залбирч байна. Яагаа ч үгүй байна. Бороо их орвол нялхраад энэ шарлаж байгаа хэсэг буцаад ногоорчихно шүү дээ” гэж мань тариаланч өгүүлэв. Тэрбээр урт намар болоосой гэж хүсч байна. Тэдний талбай нийслэлд ойр учраас олон зочид хүлээж авдаг юм билээ.

-Хэт халалт болох нь гэж та бүхэн гадарлаагүй юу. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг анхаарсан л байх?

-Үндсэндээ энэ бол ган биш, гамшгийн байдалд очсон. Зөвхөн тариаланчид төдийгүй хүнсний ногоо тариалагчид, малчид, хөдөө аж ахуй энэ жил системээрээ хүнд байдалд орох нь. 23-24 жил тариа тарьж байгаа, Монгол Улсын гавьяат механикжуулагч, тариаланч хүний хувьд би ганцхан юманд их эмзэглэж байгаа. Үндсэндээ зургаа, долдугаар сарын цаг агаарын прогноз зуун хувь эсрэгээрээ болсон. Юу гэхээр ноднин арван сараас эхлээд цаг уурын мэргэжлийн удирдлага бүрэлдэхүүн солигдсон, таван сард олон жилийн дундажаас ахиу хур тунадас унана гэсэн, зургаан сард олон жилийн дундажийн орчимд, долдугаар сард олон жилийн дундажийн орчим гэхдээ тав зургаан сардаа агаарын температур зүгээр, долдугаар сардаа халалттай гэсэн. Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргаж бидэнд өгсөн гарын авлагад бий. Зургаан сард ган болохыг мэдсэн бол бид таван сард тариагаа тарих шаардлагагүй шүү дээ. Жаахан хойшлуулах ёстой. Манайд зургадугаар сарын 12-ноос халж эхэлсэн. Нийтдээ 25 хоног халсан. Дөрөв хоног 24-28 байсан. Үлдсэн 21 хоног 31-39 градус байсан. Хөрсөн дээрээ 69,9 градус байсан. Үүнийг л гамшиг гэж хэлээд байгаа юм. Төв аймгийн Жаргалантын цаг агаарын температурыг өдөр цаг минутаар гаргасан байгааг олж үзэж болно.

-Хэт халсан үед ямар нэг арга хэмжээ авах технологийн боломж байдаг уу?

-Бид ямар нарны халхавч бариад гүйлтэй биш. Хэдэн мянган га-г услах ямар ч боломжгүй. “Алтан тариа” компани бидэнд бордоо нийлүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн элит үр тарьсан, бид технологийн дагуу яг цаг хугацаанд нь л тарьсан. Цаг агаарын мэдээлэл бодитой байсан бол бид тариалах хугацаагаа наашлуулж цаашлуулах л асуудал байсан.

-Та өмнө нь ийм халуунтай тулгарч байв уу?

-1999-2000 онд халж л байсан. Халалтын үед ялгаагүй тариагаа тариад хурааж авч л байсан. Асуудал байхгүй. Өөр өөрийнхөө тавиланд л захирагдаад явна шүү дээ. Тэр үед хураагаад л авсан.

-Та юу хурааж авах вэ. Зарим хүмүүс малын тэжээл хурааж авна гэж байна?

-Тэжээл хураадаг нь тэжээлээ л хураана биз, би тариагаа л хураая.

-Тариаланчдын хувьд шийдвэр гаргагчдын зүгээс ямар арга хэмжээ аваасай гэж хүсч байгаа вэ?

-Улаан буудай гаднаас оруулж ирэх нь ойлгомжтой. Гэхдээ гурилын квотыг ургацын блансаа гаргасны дараа он гаргаж шийдэх хэрэгтэй. Шатахууны зээл, хор гербицидийн зээл яамнаас, “Тариалан дэмжих сан”-гаас авсан хүмүүсийн хувьд зээлийг аль болох хойшлуулж өгөх хэрэгтэй. Төрөөс авах гол арга хэмжээ энэ. Түүнээс биш төрөөс тэгээч ээ, ингээч ээ гээд байх юм миний хувьд байхгүй. Миний хувьд яамнаас авсан янз бүрийн зээл байхгүй. Хаягдалгүй, боломжийн хэмжээний ургац авахын төлөө л зүтгэнэ. Манайх техникийн засварын ажлаа эхлээд явж байна.

-Таны хувьд байгалийн хүнд нөхцөлтэй өмнө нь хэр тулгарч байв?

-1998 онд газар тариалангийн бүс нутагт нийт ургацынхаа 30-40 хувийг цасанд даруулсан шүү дээ. Төв, Булган, Сэлэнгэд цас дарсан. Манай компани гэхэд 3300 га-д улаанбуудай тариалсан байхад 1200 га-г нь цасанд даруулсан. Үлдсэн 2000 га талбайгаасаа га-гаас 20 центнерийн ургац авсан. 4000 тонн будаа авч, 500 тонн үрийн будаагаа хадгалаад, “Алтан тариа” компанид 3500 тонн будаа тушаасан, тэр жил. Цаг агаар муудаж магадгүй гээд гурилын үйлдвэрт өдөр шөнөгүй ачуулж байсан юм. Яг 1200 га-гийн улаанбуудайг цасанд даруулаад, цасанд даруулсан хэсгээсээ 60 тонн улаанбуудай хурааж авсан даа. Метр 20 см цасан дороос тариа хураах үндэс байхгүй. Оросын “Нива” комбайнаар тариа хурааж байсан. Надад

хоёр л сонголт үлдсэн. 300 тонн будаа яаж ийж байгаад авах уу, эсвэл талбайд явж байгаа 15 комбайнаа бүгдийг дуусгах уу гэдэг сонголт байсан. Цас хайлаад мөстсөн тариа комбайны гэдэс ходоодыг бүгдийг эвдлээд бид 60 тонн будаа хураагаад “За больё” гээд хаясан. Ийм үед бид гоншигоноогүй. Тэр үед ч бид амьдарсан. 2000 оны үед улсын хэмжээгээр ургац алдаад, гаднаас гурил, улаанбуудайн хараат байдалд орж л байсан. Дараа нь Атрын гуравдугаар аян өрнүүлээд газар тариалангийн салбар хөгжсөн. Гаалийн татвар тэглэсний дараа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь техникийн шинэчлэл хийж чадсан. Хамгийн сүүлийн үеийн техник газар тариалангийн компаниудад байна. Тарьсан, ургасан л байна шүү дээ. Их бага авах нь ямар хамаатай юм бэ. Хүч хөдөлмөр халуун сэтгэл шингэсэн тариа. Манай талбайд Монгол Улсын бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирсэн. З.Энхболдоос бусад бүх УИХ-ын дарга нар ирсэн. Бүх Хөдөө аж ахуйн сайд нар ирсэн. Би яамнаас надад ийм юм хэрэгтэй байна гэж гоншигонодоггүй.

-Та тариагаа хаана тушаадаг вэ?

-“Алтан тариа” компанид 23 жил ургацаа өгсөн. Спиртийн үйлдвэрт ч өгч үзээгүй, яаманд ч өгч үзээгүй.

-Танайх мундаг техникүүдтэй юм аа. Хаанахынх вэ?

– Техник тоног төхөөрөмж 100 хувь АНУ-ынх, “Вагнер Азийн” техникүүд.

-Тариаланчид даатгалд хамрагддаг уу?

-Тариаланчдыг даатгахгүй шүү дээ. Аймаар эрсдэлтэй. Банк тариаланчдад зээл өгдөггүй. Ингээд бодохоор газар тариалан тэнэгүүдийн хийдэг ажил болчихоод байгаа юм. Учиргүй эх орончид ч юм шиг. Малчид, тариаланчид, ногоочид хүнс хөдөө аж ахуйн салбарыг авч явж байгаа, жинхэнэ дөрвөн мөч, зовлогоороо баялгийг бүтээж байгаа хүмүүс.

-Та үе залгамжилсан тариаланч уу?

-Мань мэт нь Эрийн сайн хан харангуй биш. Ахмад үеийнхнээсээ зөвлөгөө аваад туршлагажаад өнөөг хүрлээ. Манай Жаргалант үр тариа, төмс, хүнсний ногоогоор яагаад сайн байна гэвэл ахмад үеийнхний юм бий. Жаргалантын Сангийн аж ахуйгаас 14 хөдөлмөрийн баатар төрсөн шүү дээ. Бид уламжлаад явж байгаа тариаланчид. Сүүлийн үеийн тариаланчдын 85 хувь нь сайн дурын уран сайханчид болчихсон.

-Газар тариалангийн салбар ашигтай байна гэж үзээд сайн дурынхан орж ирдэг байх л даа?

-Тийм байхгүй юу. Яам бодлогоо л барих ёстой. Яам аж ахуйн ажил хийгээд байна. Тэгээд ирэхээр сайн дурын тариаланчид нэмэгдчихээд байгаа юм. Би төрийн нөхөр байлаа гэж бодъё. Тэгээд чамд “Янжмаа, тэнд жаахан газар байна. Намайг байгаа дээр жаахан тариа тариад ав” гэх маягаар яваад байна. Би Эрүүл мэндийн сайдын хамаатан гээд эмнэлэгт очоод, хамгийн үнэтэй мэс заслыг нь хийж чадахгүй биз дээ. “Юм тараадгаа болиоч дээ” гэж Өөлд сайд байх үеэс л хэлсэн. Тариаланчдад шатахуун зээлээр өгч байна гэхээр ард түмэн будаа аваачаад цацахаар багсайтал ургачихдаг гэж боддог. Үгүй байхгүй юу. Наадах чинь давхар бизнес байгаа юм. Би мөнгөтэй учраас энэ нөхрөөс очоод салерк авахаар миний үтрэм дээр авчирч өгсөн ч нэг литр салерк 1400 төгрөг. Гэтэл мөнгө нь байхгүй хүн яамнаас салерк зээлээр авч байгаа юм. Үнэ нь 1800 төгрөг. Гэхдээ 50 хувиа эхлээд төлнө. Үлдсэн 50 хувиа ургацаасаа төлж байгаа шүү дээ. Түүнээс биш үнэгүй өгсөн юм байхгүй. Тэгээд бодохоор асар их зөрүүтэй. Би “Шим”-тэй очоод гэрээ хийгээд урьчилгаагаа төлөөд авахаар 3000 га-гийн хор гербицидийг 100 сая төгрөгөөр авлаа гэж бодъё. Тэгэхэд Янжмаа яамаар дамжуулаад зээл авахаараа 30 хувийг нь төлөөд үлдсэнийг нь тооцоод үзэхээр 120 саяд авч байгаа юм. Явж явж тусламж авсан биш бараг шатаад байгаа байхгүй юу. Түүнийгээ тусламж гээд байгаа юм. Тариаланчид рапс тарилаа, хөрсөнд муу гээд байдаг. Наадах чинь дэлхийд байхгүй зүйл.

-Рапс улаанбуудайнаас хамаагүй илүү шим тэжээлийг хөрснөөс сорж авдаг гэх юм билээ?

-Тэгвэл нацистууд яагаад жилийн жилд рапс тариад байгаа юм. Ургамал хөрснөөс авч байгаа үржил шим өөр өөр. Чи дан гурилан идэх юманд дуртай бол бууз идлээ гэхэд буузныхаа гурилыг л иднэ. Би маханд дуртай махыг нь л иднэ. Яг тэрэнтэй адил хөрснөөс солбиод л юмаа авна. Сэлгээ гэж заавал байх ёстой. Ноднин би рапс тарьсан. Сэлгээ хийхгүй бол хөрснөөсөө махыг нь авч идсээр байтал гурил нь үлдээд байна.

-Рапс арай илүү үнэтэй байдаг гэдэг?

-Бизнесийн хувьд ашигтай. Гэхдээ л юманд хэмжээ хязгаар гэж бий. Ухамсрын л асуудал.

-Бизнесийг ухамсраар хийх үү ашигаар хийх үү?

-Ашиг л боддог хүн бол мөнгөний боол болж явна. Бизнесийг ухаанаар хийдэг хүн жаргал гэдгийг амтална

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *