Categories
мэдээ нийгэм

Ж.Анхбаяр: Мисс хүнд байх ёстой арав гаруй шалгуураар өрсөлдүүлнэ

Miss Universeтэмцээнийг NTV телевизийн хамт олон эх орондоо анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ талаарMiss Universe Mongolia шоуны ерөнхий найруулагч, сэтгүүлч Ж.Анхбаяртай ярилцлаа.


-“Miss Universe төслийг анх хэзээ санаачилсан бэ?

-Энэхүү шоу нь 67 жил зохион байгуулагдсан хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй тэмцээн юм. “Miss Universe” тэмцээнд Монгол улсаас нэг ч хүн оролцож байгаагүй. Монгол охид энэ шоунд оролцох бүрэн боломж бий. Уг шоу нь дэлхийн шоу бизнесийн том боломжуудыг нээж өгдөг. Би таван жилийн өмнө анх “Miss Universe”-д санал тавьж байсан. Тухайн үедээ би энэ нэр хүндтэй шоунд Монгол охин оруулмаар байна, намайг улсаа хариуцсан захирал болгооч гэсэн саналуудыг тавьж байсан. Гэвч хүлээж авдаггүй байлаа. Тэдний зүгээс манай шоу жилдээ 80 улс л оруулах боломжтой, Монголыг багтаахгүй гэх мэт зүйлсийг ярьж байсан. Улмаар өнгөрсөн оны төгсгөлд “Miss Universe”-ээс ирэх жилийн шоунд Монгол улсыг оруулья гэсэн захиаг илгээсэн. Тэгээд NTV телевизтэй хамтраад “Miss Universe Mongolia”шоуг хийхээр болсон. Шоуны ялагч нь олон улсын “Miss Universe”-д орно.

-“Miss Universe Mongolia” тэмцээнд зориулж хэдэн төгрөг төсөвлөөд байгаа вэ?

-Төсвийн хувьд шууд ил хэлэх боломжгүй. Гэхдээ бид NTV телевизтэйгээ хамтраад, ивээн тэтгэгч байгууллагуудынхаа тусламжтайгаар энэ төслийг өндөр зэрэглэлд зохион байгуулахыг зорьж ажиллаж байгаа. “Miss Universe” шоуны ард Доналд Трамп байдаг. Тэр утгаараа уг тэмцээн үнэ цэнэтэй байдаг. Тайланд, Венесүэл зэрэг дэлхийн улс орнууд ойролцоогоор 100 мянга орчим доллар төлж оролцогчоо илгээдэг. Монгол улсад харьцангуй бага үнийг санал болгосон. Манай улсын эдийн засгийн байдал, хүн ам зэргийг харгалзан боломжийн үнэ санал болгосон.

-Ямар байгууллагуудтай хамтран ажиллах вэ?

-Одоогийн байдлаар “Sky Их Дэлгүүр” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоор болсон. Бусад ивээн тэтгэгчүүд хэлэлцээрийн түвшинд явж байна.

-Бусад миссийн тэмцээнүүдээс “Miss Universe Mongolia” юугаараа онцлог вэ?

-“Miss Universe Mongolia” шоуг яагаад зохион байгуулж байгаа вэ гэхээр өмнө нь Монголчуудыг өөрсдөө саналаа өгөөд, өөрсдийнхөө саналаар мисс охиноо сонгодог байсан, Монгол охид бүх төрлийн миссүүдэд байх ёстой шалгууруудыг даваад гарч ирдэг тохиолдол бараг байхгүй. Мэдээж дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох эрхийг авсан охин өндөр шалгууруудыг давсан байх ёстой. Тийм учраас энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болсон. Бусад Монголд зохиогддог тэмцээнүүдээс ялгагдах онцлог нь мисс хүнд байх ёстой арав гаруй шалгуураар оролцогчдоо өрсөлдүүлнэ. Тэр шалгууруудаас хамгийн өндөр оноо авсан охин ялах форматтай байгаа.

-Оролцогч нарт ямар шаардлага тавьж байна вэ?

-“Miss Universe Mongolia” шоу нь үдшийн даашинзтай мисс, оюунлаг мисс, хүмүүнлэгийн мисс, спортлог мисс, шилдэг тайзны алхаа, фото мисс гэх мэт хувь хүнийг тодруулсан, гадаад гоо үзэсгэлэн болон оюун ухаанаар нь шалгасан ийм номинацууд оруулж ирнэ.

-Оролцогч гэрлэсэн, эсвэл хүүхэдтэй байж болох уу?

-Өмнө нь гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, биедээ ямар нэгэн шарх сорви, шивээсгүй байх ёстой. Манай тэмцээний үүд хаалга 18-28 насны охидод бүрэн нээлттэй. Манайхан загварын агентлагт яваад төгссөн эсвэл өмнө нь загвар өмсөж байсан, олон улсын тэмцээн уралдаанд орж байсан охид орох ёстой гэсэн ойлголттой байдаг. Харин би үүнийг үгүйсгэнэ. Аль болох шинэ дүр төрх гаргамаар байна. Нуугдаж байгаа эрдэнэсийг бид хайж байгаа. Цэвэр гоо үзэсгэлэнтэй тийм охиныг бид хайж байгаа учраас өөрийгөө муу гэж битгий голоорой. Чадахгүй гэж битгий хойш суугаарай. Болж өгвөл нэг ч гэсэн тэмцээнд ороод өөрийгөө сориод, өөрийгөө нээе гэсэн зорилготой орж ирээрэй гэж хэлье.

-Тэмцээн ямар үе шаттай явагдах вэ?

-Тэмцээн реалити шоу маягаар явна. Гурван шүүгчтэй. Дугаар болгон дээр нь өрсөлдөөн харагддаг, хүмүүс үзэхэд өгөөжтэй зүйлстэй. Шалгаруулалт болгоныхоо өмнө шүүгчид болоод зочин шүүгч нарын тусламжтай охидод мэдлэг мэдээлэл олгон, бэлдэж, заавар зөвлөгөө өгөх учраас оролцогч юу ч мэдэхгүй орж ирээд төгс болоод гарах боломжтой. Тэр охины суралцах боломжийг бид олгоно.

-Шүүгч нарын бүрэлдэхүүн тодорхой болсон уу?

-Шүүгч нар тодорхой болсон байгаа. Гэхдээ нууцална. Нэвтрүүлгийг эхлэх үе ес дүгээр сард гурван шүүгчээ ил болгоно.

-Шалгаруулалтанд яаж орох вэ?

-Тэмцээнд 21 аймгаас тус бүр нэг охин, Улаанбаатар хотоос гурван оролцогч нэмж нийтдээ 24 охин шалгаруулж авна. Дорнодын охин Дорнод гэсэн тууз зүүгээд Дорноговийн охин Дорноговь гэсэн туузаа зүүгээд орох боломжийг манай шоу олгож байгаа. Өмнө нь мисс охид аймгаа төлөөлөн тууз зүүгээд өрсөлдөж байсан тохиолдол бараг байдаггүй байх. Хөдөө орон нутгийн охидод бас боломж олгоё. Заавал Улаанбаатар хотод ирж бүртгүүлэх шаардлаггүй. “Miss Universe Mongolia” гэсэн фэйсбүүк пэйж хуудас ажиллаж байгаа. Уг хуудсаар бидэнд хандаад имэйл хаягаа ирүүлвэл бид анкетийг нь явуулна. Мөн өөрийн биеэр NTV телевизийн байранд ирээд бүртгүүлж болно.

-Шоуны ялагчийн шагнал юу вэ?

-“Miss Universe”-д оролцох эрхийн эзэн болно. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг хүртэнэ. Бид тийзнээс эхлээд бусад бүх зардлыг хариуцаж оролцогчоо өндөр хэмжээнд бэлтгэх шагналын санг амлаж байгаа. Энэ нь 30 орчим мянган доллартой тэнцэхүйц хэмжээний шагнал юм. “Miss Universe” шоуны ард Доналд Трампаас гадна дэлхийд маш алдартай “IMG” гээд энтертайнмэнт шоу бизнесийн байгууллага байдаг. Энэ байгууллагын “IMG models”-т бидний мэддэг дэлхийн том моделиуд, алдартай жүжигчид байдаг. Тиймээс манай тэмцээнд оролцсоноор тэдгээр хүмүүсийн хараанд өртөж дэлхийн тавцанд гарах боломж, үүд хаалга нээгдэнэ. “Miss Universe”-ийн олон оролцогчид энэ замаар явж байсан. Жишээ нь “Wonder woman” кинондтоглодог Гал Гадот “Miss Universe” тэмцээнд орж байсан. Мөн хөтлөгчөөр нь дэлхийд алдартай хөтлөгч Стив Харвэй ажиллаж байгаа. Олон улсад алдартай “plus size” модел Ашли Грахам тайзны арын хөтлөгчөөр ажилладаг. Финалын үеэр Lady Gaga, CL, Boyz II men зэрэг дэлхийн шоу бизнесийн топ одууд ирдэг.Энэ шоу нь яах аргагүй хамгийн олон үзэгчтэй шоу. 190 оронд нэгэн зэрэг шууд дамжуулагдаж, 1.5 тэрбум гаруй хүн үздэг. Тус шоу нь “Victoria’s secret” шоуны түвшинд зохион байгуулагддаг. Үзэлт нь тэр хэмжээний байдаг гэсэн судалгаа бий.

-Бүртгэл хэзээ дуусах вэ?

-Энэ сарыг дуустал бүртгэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар 50 орчим охид бүртгүүлсэн. Зун амралтын байгаа. Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлье, өөрийгөө хөгжүүлье гэж бодвол манай манай шоуг зориорой гэж би хүсэж байна. Шоуны журманд өндөр болон биеийн жинд шалгуур тавьдаггүй. Та намхан байж болно. Жаахан махлаг ч байж болно. Трансжендэр ч байж болно. Энэ бол АНУ-аас эхлэлтэй хамгийн ардчилсан шоу. Тиймээс ямар нэгэн байдлаар хүнийг ялгаварладаггүй. Өөрийгөө гоё сайхан гэдгийг хүмүүст нээж харуулж чадах тийм охин энэ тэмцээнд амжилттай оролцдог.

Д.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *