Categories
гадаад мэдээ

Израиль улс илүүдэл вакцинаа зарим улсад хандивлажээ

Израиль улсын засгийн газар коронавирусийн эсрэг вакцины нөөцөөсөө багахан хэсгийг дэлхийн зарим улс орнуудад хандивлаж байгаагаа өчигдөр зарлажээ.

Вакцин хүлээж авах орнуудын нэрсийг албан ёсоор зарлаагүй байна. Гэхдээ бусад эх сурвалжуудын мэдээлснээр Төв Америкийн Гватемал, Хондурас улсууд, Европ тивийн Чех улс хүлээн авах орнуудын тоонд багтжээ.

Эдгээр улсууд нь Израиль улстай найрсаг дипломат харилцаатайнхаа төлөө ийм давуу эрх эдэлсэн бололтой. Тухайлбал өнгөрсөн онд элчин сайдын яамаа Йерусалемд нээсэн Гватемал улс энэ долоо хоногт Израилаас 5,000 тун вакцин хүлээж авахаар болсон байна.Мөн өнгөрсөн онд элчин сайдын яамаа Тель Авиваас Йерусалем руу нүүлгэх төлөвлөгөөг зарласан Хондурас улс 5,000 тун вакцин хүлээж авахаар болжээ.Элчин сайдын яамаа Йерусалемд шилжүүлээгүй ч дипломат төлөөлөгчийн газраа нээхээр болсныг арванхоёрдугаар сард зарлаж байсан Чех улс Израйлаас цөөн тун вакцин хүлээж авснаа өчигдөр мэдээлсэн байна.

Израйль улс нь Pfizer/BioNTech болон Moderna компаниудын бүтээсэн вакциныг худалдаж авсан юм. Өнөөдөр тус улс Pfizer-ийн вакцинаар хүн амынхаа бараг 50 хувийг дархлаажуулаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна Израйл улс өөрийн захиргаанд байдаг зүүн Йерусалемын палестинчуудад Moderna үйлдвэрийн вакциныг тусламж болгон илгээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *