УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийсэн. Тэрбээр “Тавантолгой ХК-ийн ажил хаясан ажилчид ажилдаа орсон байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болсон. Мөн Халх гол газрыг чөлөөт бүс болгох асуудалтай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Засгийн газраас хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн. Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг иргэд өргөдөлдөө дурьдсан байсан. Уг залууд улсын баатар цолыг өгөх хүртэл санал гаргасан байгаа. Үүнийг шийдэхийн тулд ажиллана” гэв.
Сүүлийн үед орон нутгийн хуулийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн өргөдөл ихээр ирэх болжээ. Тухайлбал орон нутгийн хууль хяналтын байгууллагууд ах дүү хамаатан саднуудын сүлжээ болж танилынхаа талд шийдвэр гаргадаг болсон гэх гомдлыг иргэд баримт, нотолгоотойгоор ирүүлэх болсон байна.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Манай байнгын хороонд дөрвөн чиглэлийн өргөдөл ирдэг. Түүнд эмнэлгийн тусламж хүссэн, шагналд авахыг хүссэн, гэр, орон байр гуйсан, хууль хяналтын байгууллагыг буруушаасан өргөдөл гомдол л ирдэг. Ирж буй өргөдөл, гомдлын 98 хувийнг энэ чиглэлийн өргөдөл эзэлдэг. Иргэд үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй гэр, оронгүй амьдарч байгаа нь эмгэнэл ” гэлээ.