Categories
мэдээ нийгэм

“Иргэн төсөл”-ийн эцсийн шалгаруулалтад 12 баг өрсөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалт буюу Улаанбаатар хот болон орон нутгаас төсөлд оролцож байгаа багуудын хооронд эцсийн шалгаруулалт боллоо.

“Иргэний Боловсролын төв”-өөс 1996 оноос эхлэн хэрэгжүүлж буюу “Иргэн төсөл”-ийг АНУ-ын Хөгжлийн Агентлаг, “World Learning” байгууллагууд дэмжиж ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 7300 гаруй багш, сурагчийг төсөлд хамруулжээ. Энэ удаад төсөлд орон нутгаас 47, нийслэлээс 23 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон. Сүүлийн шатанд 12 баг өрсөлдсөн юм. Багууд төслийн хүрээнд хүрээлэн байгаа орчин тойрондоо болон өөрсдөд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх нөлөөллийн ажил хийж, бодит ажил болгодог. Жишээ нь, өнөөдөр 29-р тусгай сургуулийн сурагчид 54 жилийн турш энгийн сургуультай адил дуут хонхыг ашиглаж ирсэн байдлыг өөрчлөхөөр “Гэрэлт хонх” төсөл боловсруулж төрийн байгууллагуудад хандсан юм.

“Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, нээлтийн үг хэлэв. Тэрбээр “Иргэдийн оролцоог төрийн бодлогод тусгаж байж хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Сурагчид өөрсдийн сургууль, орон нутагтаа засч залруулах, өөрчлөн сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцүүлгээр гарган ирж, судалгаа нотолгоо цуглуулан, хууль дүрэм судалж, өөрсдийн бодлогоо боловсруулан төр засгийн байгууллагуудад санал болгох, хамтран шийдвэрлэх зэрэгт сургаж байгаа нь энэ төслийн утга учир юм. Хүүхэд наснаасаа харилцааны мэдлэг чадвартай, идэвхтэй, оролцоотой иргэд болон төлөвших нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, нийгмээ сайжруулан өөрчлөхөд асар их түлхэц болж байгаа хэрэг юм. Манай нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас хамгийн их бухимдал төрүүлдэг төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээль хахууль зэрэг бусармаг үзэгдлүүдийг буууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхийг сайжруулахад эдгээр эмгэгүүд хурдан эдгэх юм” гэв.

Төслийн хугацаанд, 2017-2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгийн 47 сургууль /Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл/, 28 сум /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Төгрөг, Бат-Өлзий, Баруун Баян-Улаан, Богд, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Уянга, Хархорин, Баянгол, Бүрд, Хужирт, Тарагт. Ховд аймгийн Алтай, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сум. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Бугант тосгон. Төв аймгийн Бүрэн сум. Дорнод аймгийн Баяндун, Халх гол сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум/, Улаанбаатар хотын долоон дүүргийн /Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй/ 23 сургууль оролцсон байна.

Харин төслийн эхний хоёр шатны шалгаруулалт сургууль, аймаг тус бүрт явагдсан бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль, Өвөрхангай аймгийн 19 сургууль, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн долоон сургууль, Дорнод аймгийн таван сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан нийт 12 баг өнөөдөр өрсөлдсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *