Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем “Иргэн 2014” програмыг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг нар оролцов.
“Иргэн 2014” програм нэвтэрснээр хэргийн хөдөлгөөнийг богино хугацаанд шуурхай, амжилттай зохион байгуулах технологийн боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нэг талаас хэргийн оролцогчдын шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой ба нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх аж. Мөн хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох давуу талтай. Шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах бөгөөд статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой гэнэ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгохын зэрэгцээ шүүхийн ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч хэргийн талаарх мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох юм байна.