Төв аймгийнхан олон шинэ зүйлийг санаачлан бүтээж, 2013 онд шилдэг аймгаар шалгарсан юм. Төв аймгийн Зуунмод сумын “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн Орон нутгийн зохицуулагч Г.Бямбадоржтой ярилцлаа.
-Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сумд иргэний оролцоог хөгжүүлэх асуудал дээр Азийн сантай хамтран ажиллаж ирлээ. Нийт хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хичнээн хүн хамрагдаад байна вэ ?
-Манай аймгийн Зуунмод, Сэргэлэн, Алтанбулаг сумууд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-ын Азийн сантай хамтран ажиллаж байна. Зуунмод суманд “Хоггүй хот-Хөгжлийн эхлэл”, “Нийтийн тээврийн шинэчлэл”, “Иргэний танхимын журам”, Алтанбулаг суманд “Хогны журам”-ын хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, дөрвөн зуу гаруй иргэд оролцсон.
-Иргэний танхимын хэлэлцүүлгүүдийн мөрөөр авсан арга хэмжээ, иргэдийн санал амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна?
-“Хоггүй хот-Хөгжлийн эхлэл” хэлэлцүүлгийн үр дүнд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 10 тоот тогтоолоор хог хаягдлын үнэ тарифд өөрчлөлт орж, нэгдсэн хогийн цэгийг хашаажуулсан. “Нийтийн тээврийн шинэчлэл” хэлэлцүүлгийн үр дүнд сумын Засаг даргын 2013 оны А\104 тоот захирамжаар таксины үнийн тариф шинэчлэн батлагдсан. Ингэснээр жолооч нар үнэ тариф тогтоохоо больж, нэгдсэн тарифтай болсонд иргэд сэтгэл хангалуун байгаа. Мөн “Иргэний танхимын журам”-ын хэлэлцүүлгийг хийсний үр дүнд иргэд тулгамдсан асуудлаа иргэний танхимаар дамжуулан хэлэлцэж, улмаар нутгийн удирдлагаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болсон нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болсон.
-ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөтөлбөрүүдэд иргэдийн саналыг хэрхэн тусгаж байна вэ? Иргэдийн оролцоо, хяналт танай суманд ямар түвшинд хэрэгжиж байна?
-Иргэд эхлээд багийн ИНХ-д өөрийн баг, орон нутагтаа юуг хийж бүтээх саналаа илэрхийлж, тухайн хурлаас дэмжигдсэн саналууд сумын ЗДТГ-т ирж байгаа. ЗДТГ эрэмбэлсэн саналуудыг нэгтгэн, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулдаг. ИТХ-ын төлөөлөгч иргэдийг төлөөлөх гэж сонгогдсон учраас ИНХ-аар дэмжигдсэн саналуудыг үгүйсгэх учиргүй юм. Тиймээс иргэдийн санал, санаачилга бол эцсийн шийдвэр байх ёстой. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд дээр иргэдийн төлөөлөл болж хяналт тавин ажиллах “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг долоон гишүүнтэйгээр Зуунмод сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс гуравдугаар сард байгуулж, суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавин, илтгэх хуудас бичиж, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд мэдээлж байна.
-Иргэдийн санаачилгаар сайн дурын иргэдийн бүлэг, зөвлөл бий болсон уу?
Зуунмод сумын иргэдийн идэвхи, оролцоо өнгөрсөн онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал бодлоо илэрхийлэх, олон нийтийн эрх ашгийн төлөө санаачлага гаргах зэрэгт оролцоо нь нэмэгдэж, манай сум өдрөөс өдөрт өнгө нэмж байна. Баг бүрд идэвхитэй иргэд олон бий. Зуунмод сумын 3, 5, 6-р багуудад иргэдийн сайн дурын бүлгүүд бий болж, хамтран хөдөлмөр эрхэлж, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг зарим иргэдийн бүлэг гүйцэтгэж байна. Ажилгүй залуучууд эдгээр иргэдийн бүлэгт нэгдэж орсноор ажил хөдөлмөр эрхэлж, мэргэшил, чадвартай болж, амьдралаа аваад явчихаарболж байгаа нь хамгийн сайхан юм даа.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн оролцоо руу чиглэсэн ямар ажил хийгдэж байна?
-Иргэдийн оролцоог нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Оролцоотой иргэн байж нийгэмд юу нь болж, юу нь болохгүй байгааг ил тод, нээлттэй илэрхийлж, түүнийг нь нутгийн удирдлага шат, шатандаа засаж залруулж, хариуцлагатай нийгэм өөрөө бий болно. Энэ бүхний гол зангилаа нь ардчилал учраас иргэдийн оролцоо нөгөө талаараа ардчиллын үндэс гэж ойлгодог. Зуунмод сумын иргэдийн хувьд өрхийн эмнэлгийн үйлчилгээ маш чухал асуудал. Энэ асуудлыг 1, 5-р багуудын ИНХ-аар хэлэлцүүлж, иргэд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд тулгамддаг чухал таван асуудлыг дэвшүүлж, 1, 5-р багуудын нийт иргэдийн тав хүртэлх хувьд түүвэрчилсэн судалгааны аргаар иргэдийн онооны картаар хэмжилт хийсэн. Үнэлгээний үр дүнг танилцуулах, цаашдын арга хэмжээнүүдийг хэлэлцэх зорилгоор сумын Засаг дарга Ж.Цэндсүрэн, ИТХ-ын төлөөлөгчид, үнэлгээний багийн гишүүд, өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтүүдийг оролцуулсан нүүр тулсан уулзалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулсан нь алдаа онооноосоо суралцах, иргэдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахад чухал алхам болсон.
-Азийн сангийн төслийн хүрээнд хийгдэж байгаа бусад сургалтууд, тэдгээрийн ач холбогдлын тухайд?
-Мэдээлэлтэй хүн хүчтэй. Тиймээс мэдэх эрх, мэдээлэл олж авах нь том боломж. Гэвч зарим иргэд эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй, мэддэггүй. Үүнээс болж өөрсдөө нийгмийн харилцаанаас хөндийрдөг. Мэдэх эрхийн сургалтыг эхлээд Зуунмод сумын зургаан багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, багийн зохион байгуулагч, олон нийтийн байцаагч болон иргэдтэй хамгийн их харилцдаг албан хаагчдын дунд зохион байгуулсан, давхардсан тоогоор 450 гаруй иргэдэд сургалт явуулсан. Сэргэлэн, Алтанбулаг сумын 60 иргэнд “Мэдэх эрхийн сургалт”-ыг зохион байгуулсан. Иргэн өөрт шаардлагатай мэдээллийг хэрхэн, хэзээ, хаанаас олж болох талаар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”-ийн талаар Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран “Хууль сурталчлах өдөрлөг”-ийн хүрээнд зохион байгуулсан. Мөн Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн дунд “Хөтлөх урлаг”-ийн сургалтыг саяхан Зуунмод хотноо Азийн сан, Шууд ардчилал хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Сургалтыг Шууд ардчиллын хүрээлэнгийнхэн чанарын өндөр түвшинд, хүртээмжтэй явуулснаар иргэдтэй тулж ажилладаг дээрх хүмүүсийн харилцааны болон хурал, хэлэлцүүлэг хөтлөх, удирдах ур чадвар нэмэгдсэн. Энэ дашрамд Азийн сан болон Шууд ардчилал хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье. Ер нь иргэн хүн хувь хүний ухамсар, ёс зүйг чанд баримталж, эрх үүргээ ухамсарлаж, хамгийн гол нь нийгмийн харилцааны гол субъект талаасаа нийгмийн өндөр оролцоотой байвал улс орны хөгжил дэвшилд оруулж байгаа чухал хөрөнгө оруулалт болно гэж боддог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье!