Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг төр засаг гүйцэлдүүлэх үйл явц хамгийн их үгүйлэгдэж байна гэв

Иргэний танхим зурган илэрцүүд“Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулжээ.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явуулав.

Уг хурлын үеэр Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Энхбаатар “Төлөөллийн ардчилал, тулгамдсан асуудал” илтгэлдээ төлөөллийн болон шууд ардчиллын эерэг, сөрөг талуудын талаар дурдлаа.

Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж буурдаг, нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг, парламентын гишүүн харьяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг гэв.

Энэ байдал өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаан дээр харагдаж байгааг судлаачид хэлж байсан юм.

Энэ бүхэн даамжирснаар парламентын гишүүн яваандаа өөрийн эрх ямба, байр сууриа хадгалахын төлөө бүхнээ зориулах тал руу халтирдаг байна. Мөн яамдын түшмэд, шинжээчдийн хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө их болж, гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоогчдыг шахаанд оруулснаар төрд авторитар хандлага нэмэгддэг. Олон түмэнд парламентад үл итгэх хандлага хүчтэй илэрч, үүний улмаас иргэд сонгуульд оролцохоос зайлсхийх явдал нэлээд газар авч, сонгуульд санал өгсөн сонгогчдын тоо тогтмол буурдгийг илтгэлд тэмдэглэсэн юм.

Удирдлагын академийн дэд захирал, доктор Ш.Батсүх “Шууд ардчилал, иргэдийн оролцоо”сэдвээр илтгэхдээ ард нийтийн санал асуулга явуулах, Иргэдийн нийтийн хурал, орон нутгийн референдум гэсэн шууд ардчиллын гурван хэлбэр Монголд хэрэгжих бололцоотой гэдгийг онцлов.

Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбат “Монгол Улсын ардчиллын чанар, анхаарах асуудал”-ын талаар илтгэхдээ “Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна. Процедурын хэмжүүр дотор авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн их үгүйлэгдэж байна. Сонгогдсон улс төрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалалт дутуу. Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, Шүүх, хуулийн байгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөс ангижруулах нь зүйтэй гэсэн юм.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн хугацаанд улс төрийн нам төлөвшөөгүй, иргэний нийгэм бэхжээгүй байна. Төрөөс эрх зүйн орчны шинэчлэл тулгамдаж байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Эцэст нь ардчиллын хөгжлийг дэмжихүйц дотоод ардчилалтай, олон нийтийн дэмжлэг авдаг, инстүүцийг бэхжүүлэх нь Монголын ардчиллыг бэхжүүлэхэд нэн тустай болно” гэлээ.

Ч.Энхбаатар багшийн илтгэлд зөвхөн Монголд биш, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудад нэг бэрхшээл, зовлон гарч ирж байна. Үүнийг парламентын хямрал ч гэдэг, ардчиллын хямрал ч гэж ярьж байгаа. Төлөөллийн ардчилал өөрөө хуурамч багтай болсон байна. Үүнээс болж парламентын засаглалд иргэдийн итгэх итгэл унаж байна. Төлөөллийн ардчиллын амин сүнс болсон улс төрийн намуудын нэр хүнд мөн унаж байна гэсэн асуудлыг цогцоор нь хөндлөө. Мөн гарах тодорхой шийдлүүдийг гаргаж тавьсан.

Доктор Ш.Батсүх Төлөөллийн ардчиллыг Монгол Улс үгүйсгэхгүй. Үүнийг бэхжүүлэхээс гадна хариуцлагажуулахын тулд шууд ардчиллын механизмуудыг онцлогтоо тохируулан хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн санааг дэвшүүллээ. Доктор Д.Ганбат Монголд ардчиллын харагдах байдал нь байгаад байна. Гэхдээ бурхан нь байна, шүншиг нь алга гэдэгтэй адилхан ардчиллын агуулга, амин сүнс суларсан байна. Ардчиллын чанарт анхаарах ёстой. Бодит ардчиллаа бэхжүүлье. Ингэхгүй бол ардчиллын дараагийн барометр гарахад манай ардчилал хойшоо ухарсан байж магадгүй. Эрх чөлөөт улс гэсэн үзүүлэлтэс ухарч магадгүй байна шүү гэдгийг анхаарууллаа.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг “Орон нутгийн түвшин дэх иргэдийн санаачлах эрх” сэдвээр илтгэсэн юм. Тэрбээр орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцоог хангах нь төрийн дээд түвшинд иргэдийн оролцоог хангахаас өөр. Ганц хуулиар бүх зүйлийг шийдэж чадахгүй. Практик талаас нь анхаарах ёстой гэж онцоллоо.

МУБИС-ийн багш, доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намуудыг шинэчлэхгүйгээр цаашдаа парламентын ардчиллыг цаашид бэхжүүлж авч явахад хэцүү. Хариуцлагатай, ил тод, бодлогын намуудыг хөгжүүлэхэд Монгол Улс анхаарах хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Энэ хурлыг зохион байгуулахад оролцсон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлага, багш, судлаачдад талархал илэрхийлье. Илтгэл тавьж оролцсон нийт судлаач, эрдэмтдэд мөн талархал илэрхийлье гэв.

Энд тавьсан илтгэлүүдээр ном гаргаж судлаач, эрдэмтэд, иргэдийн хүртээл болгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *