Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд ургац хураалтын цалинг голж, ажиллах дургүй байна

Цар тахалтай холбоотойгоор улс орнууд эхний ээлжинд улаанбуудайн дотоодын нөөцөө хангалттай бүрдүүлэх бодлого баримталж байгаа аж. Мөн манай улаанбуудайн голлон импортлогч орнууд ургац алдсан тул экспортлох квот тогтоох эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, бид дотоодын улаанбуудайн хэрэглээгээ өөрсдөө бүрэн хангахгүй бол цаг хүндэрсэн үед гаднаас авах боломжгүй болох эрсдэлтэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор улаанбуудайг ирэх 20 гаруй хоногийн хугацаанд хаягдал багатай хураан авах, улмаар чанарын эрсдэл гаргахгүйн тулд ажиллах хүн хүчний асуудал ихээхэн чухал байгаа аж. Нөгөөтэйгүүр, энэ сарын дундуур 14,15, мөн 19, 20-ны үеэр тариалангийн бүс нутгаар хур тунадас унах, нойтон цас орох төлөвтэй байгаа тул нартай, тааламжтай цөөн өдрийг үр дүнтэй ашиглаж тариа хураалтын ажлыг богино хугацаанд эрчимжүүлэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд анхааруулсан. Харамсалтай нь тариа хураалт дөнгөж эхэлж байгаа ч ажиллах хүчин тун хүндрэлтэй байгааг тариаланчид хэллээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн тариаланч Ч.Бат-Очир “Энэ жил бороо хур элбэг байсан тул тариа хураалтад жаахан хожуу орж байна. Түүнчлэн, чийг ихтэй буудайг хураан авч технологийн дагуу хатааж, гурилын үйлдвэрийн шаардлага хангасан 14 хувийн чийгшилд хүргэж нийлүүлэхийн тулд ихээхэн ажиллагаа орох төлөвтэй байгаа. Нэг үгээр хэлбэл, бороо хуртай холбоотойгоор хугацаа шахуу болсон, нэмээд ажиллагаа нэмэгдэх төлөвтэй байгаа тул хүн хүч их хэрэгтэй байна. Бид оюутан, цэрэг ажиллуулах хүсэлтээ өгчихсөн. Мөн орон нутгаас ажилтан авах зар тавьж байгаа ч ирэх хүн ховор байна. Цалинг нь голдог юм уу, ямар учиртайг мэдэхгүй. Тиймээс гэр бүл, хамаатан садан гэх зэргээр дайчилж болох бүх хүнийг авчирч ажиллуулна гэж төлөвлөж байна. Энэ жил хүүхэд ажиллуулбал хариуцлага хүлээх болчихоод байгаа гэж ойлгосон” гэв.

Өмнөх жилүүдэд тариа хураалтад өсвөр насны хүүхдүүд аав, ээжийнхээ ажилд туслах зорилгоор дайчлагдаж, тариа хураалтын багагүй хувийг нугалдаг байжээ. Харин энэ жил ковидтой холбоотойгоор хичээл хоцрогдол их байгаа тул сургуулийн хүүхдийг тариа хураалтад ажиллуулахгүй байх шийдвэр гарсан байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажиллах хүч дутагдалтай байгаа тул орон нутгийн МСҮТ-ийн оюутнуудыг ажиллуулах хүсэлт гаргасан ч тэдний тал хувь нь насанд хүрээгүй аж. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ажиллуулах боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна.

Тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагуудын тайлбарласнаар нэг кг төмс хураах ажиллагаа нь 100 кг үр тариа хураахтай тэнцдэг байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн үр тариа гэлтгүй төмс, хүнсний ногоо хураахад ч ажиллах хүч ихээр шаардлагатай аж. Нэмээд өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил төмс 60 мянга, улаанбуудай 70-80 мянган тонн гэх зэргээр илүү хурааж авах төлөвтэй байгаа тул үүнийг дагасан ажиллах хүчний эрэлт нэмэгдсэн байна. Мөн энэ сарын сүүлээр нойтон цас орох урьдчилсан мэдээтэй байгаа. Иймд төмс, хүнсний ногоо хураалтыг эрчимжүүлэхгүй бол хөрсөн доороо хөлдөж хүнсэнд хэрэглэх аргагүй болох эрсдэлтэйг дээрх холбооны удирдлагууд хэлэв. Салбарын яамнаас мэдээлснээр төмс, хүнсний ногооны хураалт 10 хувьтай яваа аж. Харин тариа хураалт эхэлсэн ч ихэнх бүс нутгаар хур тунадас унасан тул түр зогссон байна.

Тариа хураалтад ажиллах хүчнийг хэрхэн зохицуулж байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Ажиллах хүчний асуудал жилийн жилд хүндрэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд илүү хүндрэлтэй болж байна. Бид нэгдсэн журмаар Хууль сахиулахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэгтэй тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрсэн. Мөн цэргийн албан хаагчдыг ургац хураалтад ажиллуулах эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Ажиллах хүч авах компаниуд дээрх байгууллагуудтай үнийн нөхцөлөө тохироод хураалтад ажиллах хүчээ авах бололцоотой. Улсын хэмжээгээр 2000 гаруй оюутан, цэргийн албан хаагчийг ургац хураалтад ажиллуулахаар тохирсон. Мөн ургацын комиссын хурал дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санал хэлсэн. Орон нутагт байгаа Хөдөлмөр халамжийн төвөөр дамжуулаад ажиллах хүчний захиалгыг зарласан байгаа. Түр ажлын байран дээр хүмүүсийг бүртгэж байна. Тэгэхээр манай тариалангийн аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний төв дээр очоод ажиллах хүчийг гэрээ хийгээд авах бололцоотой. Түүнчлэн, хил хамгаалах газар зэрэг зарим албан байгууллагаас хамт олноороо ургац хураалтад ажиллая гэсэн санаачилга гаргасан. Энэ жил их, дээд сургуулийн оюутнууд аравдугаар сар өнгөрөөгөөд хичээлдээ орж байгаа. Тэд одоо орон нутагтаа байгаа гэсэн үг. Иймд тухайн орон нутгийн засаг захиргаа, сургуулиас зохион байгуулаад ургац хураалтад оюутнуудыг дайчлах боломжтой” гэсэн юм.

Орон нутгийн зарим иргэд, оюутан залуус тариа хураах сонирхол багатай байгаагийн нэг шалтгаан нь цалин аж. Энэ жил цэргийн сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчдыг өдрийн 40 мянган төгрөгөөр ажиллуулах хүсэлтийг холбогдох байгууллагын удирдлагууд нь гаргасан ч компаниуд хүлээж аваагүй байна. Өөрөөр хэлбэл, компаниуд хоол, байраар хангаад өдрийн 40 мянган төгрөгийн цалинтай ажиллуулах боломжгүй, цалинг өмнөх шигээ 30 мянган төгрөгөөс хэтрүүлмээргүй байна хэмээжээ. Үүн дээр хоёр талаас багахан зөрчил үүссэн ч компаниудын хүсэлтийг хүлээж авсан байна. Харин иргэдийн хувьд сургууль орчихсон үед хөдөө олон хоногоор байрлаж, гадаа нар салхинд ажиллаад өдрийн 30 мянган төгрөгийн цалин авах хүсэлгүй байдаг аж. Тэрний оронд хүүхдээ сургуульд нь зөөж, хадлан тэжээлээ бэлдэж, бусад ажлаа амжуулсан нь дээр гэсэн тайлбарыг олон хүн өгдөг хэмээн тариаланчид хэлж байв. Салбарын яамны мэдээгээр энэ сарын 1-ний байдлаар үйлдвэрүүдэд дотоодын гурилын хэрэгцээг 1.5 сар хангах буудайн нөөц байгаа бөгөөд энэ сарын сүүл гэхэд ихэнх буудайгаа хураан авч гурилын үйлдвэрүүдэд нийлүүлснээр гал алдахгүй байх боломжтой хэмээн үзэж буй аж.

Дашрамд дурдахад, Засгийн газраас өнгөрсөн хавар тариаланчдыг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл биеллээ олоогүй. Тэгвэл салбарын яамнаас уг зээл ажил хэрэг болж байгааг хэлэв. Тодруулбал, Хөгжлийн банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ ажил удааширч байсан бол саяхан зээлийн хороо, удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Одоогийн байдлаар “Хаан”, “Голомт”, “Төрийн банк”, “Капитрон” гэсэн дөрвөн банкаар дамжуулж зээл олгохоор шийдвэрлэж, гэрээгээ байгуулж санхүүжилтээ олгож эхэлжээ. Тиймээс намрын ургац хураалт дундуур энэ зээл олгогдоно гэсэн хүлээлттэй байгаа аж. Тариаланчид хавар арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Тэгвэл арилжааны хүүтэй зээлийг дээрх гурван хувийн зээл рүү шилжүүлэх тохиролцоог банкуудтай хийсэн байна. Нөгөөтэйгүүр, 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл зөвхөн тариаланч бус төмс, хүнсний ногоо тариалагч, бордоо үйлдвэрлэгч зэрэг салбарын бүхий л компанид хамааралтай. Харамсалтай нь банкууд эрсдэлээ бодож томоохон, найдвартай гэсэн тариаланчдад зээл олгож, жижиг тариаланчдад зээл олдохгүй байгааг салбарынхан шүүмжилсэн. Энэ талаар салбарын яамны ахлах мэргэжилтэн Б.Одонхүү “Бүх зээл банкаар дамжиж байна. Тэгэхээр банкны тавьж байгаа шалгуур тийм байна. Манайхаас хөнгөлөлттэй зээлд жижиг тариаланчдыг хамруулахаар бүх судалгааг нь гаргаад өгчихсөн. Тэдэнд зээлдүүлээч гэж байгаа. Гэвч банкныхан ганц шаардлага тавьдаг. Тэд эрсдэлээ бодоод барьцаа хөрөнгө гэдэг. Гэтэл энэ барьцаа хөрөнгийг гаргаж чадах том компаниудад зээл түлхүү очиж байгаа юм. Нөгөөтэйгүүр, ийм бага хүүтэй зээл хаана ч байхгүй тул тариаланчид юу ч байхгүй гээд суугаад байхаас илүү зориг гаргаж барьцаа хөрөнгө олж тавих тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *