Categories
мэдээ нийгэм

Иргэд орсон газар бүртээ QR код уншуулж, бүртгүүлнэ

Засгийн газрын 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар тогтоолоор нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгууд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа юм.

Үйл ажиллагаа нь эхэлж байгаа аж, ахуйн нэгжүүд өөрсдийн QR кодыг үүсгэж, зайлшгүй байрлуулна.

QR кодыг qr.119.mn сайт руу нэвтэрч, байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн, авна. qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлэх, эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.

Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг Е баримт аппликейшны Ковид-19 цонхонд уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтой.

Хувь хүний мэдээлэл шаардахгүй. Дата нэхэхгүй. Та халдвар гарсан газраар явсан бол танд мэдэгдэл E баримт апп-аар ирнэ.

Үйл ажиллагааг нь нээсэн 34 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх, зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө. QR технологийг нийслэлд дараах хоёр шийдлээр ашиглана. Үүнд:

  1. Иргэний цахим үнэмлэхийн QR код. Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний ажилтнуудад иргэний цахим иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл хийлгүүлнэ.
  2. Аж, ахуйн нэгж, байгууллагуудын QR код. www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшныг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусын халдвар гарсан эсэх, “Ковид-19”-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/

QR код технологийг ашиглаж байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтайгаар кодыг уншуулснаар зайнаас тухайн мэдээ, мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн үнэн, зөв байдлыг шалгах, боломжийг олгодог давуу талтайг онцгойлон сануулъя.

Иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай шинжилгээнд хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *