Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх өдрүүдэд улс төр хэрхэн өрнөх вэ?

Шинэ Засгийн газрын бүтэц болон Нийслэлийн МАН-ын даргын томилгоо олны анхаарлын төвд орсон халуун сэдэв болоод байгаа билээ. Ойрын өдрүүдэд улс төрд ямар үйл явдал өрнөхийг тоймлон хүргэе. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын бага хурлаа энэ сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлосон тухайгаа зарласан. Харин ямар асуудлууд хэлэлцэх дээрээ эцэслэн тогтоогүй байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлж байлаа. Иймд МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх асуудлуудаа тодорхой болгох юм байна. Ямартай ч өчигдөр МАН-ын бүлэг хуралдах байх гэсэн хүлээлт байсан ч Төрийн ордон эль хуль байв. Эх сурвалжийн мэдээлснээр МАН доторх фракци бүлэглэлүүд тус бүрнээ уулзацгааж, яамдыг хувааж авах тохиролцоондоо хүрч чадахгүй байгаа сурагтай. Хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу зуслан, амралтын газар, зочид буудал гээд эрхэм гишүүд өөрсдийн эзэмшлийн газраа нууцаар уулзалт зохион байгуулж жинхэнэ “найраа”-гаа хийж буй бололтой. Албан бус мэдээллээр засаг унагаах төлөвлөгөөнд оролцсон хүмүүстээ хишиг хүртээхийн тулд одоогийн 13 яамыг задалж, өргөтгөх тухай дуулдаж эхэллээ. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамдыг хуваах санал ч яригдсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн яам, Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, Соёл урлаг, спортын яам болгох бүтцийн зураглал хийгдсэн гэнэ.

МАН-ын дүрэмд Бага хурлаас хойш 45 хоногийн хугацаанд Их хурлын товыг тогтох ёстойг заасан нь бий. Харин Ерөнхий сайдыг огцруулснаас 30 хоногийн дотор дараагийн Засгийн газрын тэргүүнийг томилох хуулийн заалттай. Тэгэхээр МАН-ын зүгээс энэ хуулийн хугацаанд багтааж Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаараа хэлэлцэнэ гэж байгаа. МАН дотроо засгаа унагаах хөдөлгөөн өрнүүлж эхлэхтэй зэрэгцээд дараагийн Ерөнхий сайдад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Н.Энхболд, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нарын нэр дуулдаад эхэлсэн. Гэхдээ бүлгийн гишүүдийн хувьд шинэ Засгийн газрын тэргүүнийг туршлагатай, олонд нэр хүндтэй, мэргэжлийн хүн байх ёстой гэсэн шалгуурыг тавина хэмээн мэдээлсэн ч үнэн хэрэгтээ хөшигний ард бүх тохироо явагдаж байгааг хэлэх хүн олон байна. Мэдээж хоёрдугаар ээлжийнхэн хоолны дугаарт орохын тулд засгийг унагах санаачилгыг сэдсэн болохоор дотроо бүгд аль нэг яамыг толгойлно гэсэн мөрөөдөл тээж яваа нь ойлгомжтой. Харин нийгэм тэднийг хүлээж авахгүй. Халаасныхаа хүний шахааг хийхийн тулд МАН-ынхан хэсэг бүлгээрээ шөнө дөл болтол сэм уулзаж байгаа бололтой юм.

Улс төрийн намуудын дүрэмд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гэж тодотгосон байдаг. Тэгэхээр МАН Бага хурлаараа Ерөнхий сайдыг эхлээд томилчихоор тэр хүн Их хурлаас сонгогдохгүй бол намын даргын суудлыг авч чадахгүй. Иймд хэн ч МАН-ын даргад өрсөлдөх боломж Их хуралд нээлттэй байх юм байна.

Долоо хоногийн дараа хуралдах МАН-ын Бага хурлаар шинэ Засгийн газрын тэргүүн болоод түүний танхимыг хэрхэн бүрдүүлэх талаар авч хэлэлцэх юм. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийх намрын чуулганы эхний хуралдаанд асуудлыг оруулж шийдүүлнэ гэсэн мессэжийг өгөөд байгаа.

Харин Нийслэлийн намын хорооны дарга, НИТХ-ын даргынхаа ажлыг Ц.Сандуй албан ёсоор өгөөд удаагүй байна. Энэ сарын 22 буюу энэ баасан гаригт Нийслэлийн иргэдийн хурлын ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар Ц.Сандуйгийн оронд Нийслэлийн иргэдийн хурлыг хэн толгойлохыг шийдэх бөгөөд хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. НИТХ-ын даргаас гадна нийслэлийн намын хорооны даргын ажил суларсан тул орны хүнийг нь ярих юм байна. Тиймээс НИТХ-аас өмнө Нийслэлийн намын хорооны удирдлагууд хуралдана гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн намын тэргүүнд хамгийн магадлалтай нь хотын дарга Су.Батболд гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ мэтээр энэ долоо хоногт далд уулзалтын тохироонууд өндөрлөж, улс төрийн үйл явц ил өрнөж эхэлнэ.

М.МӨНХ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *