Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 22-29, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 9-15, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байдаг. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1970, 1974, 1984, 2001, 2002, 2005 онуудад бүх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэн байсан бол 1973, 1977, 1987-1990, 1995-1999 онуудад 2-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор 9-15, бусад нутгаар 1-7 градус хүрч дулаарч байжээ. Зарим жилд шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр 44-52, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар 29-34, бусад нутгаар 37-42 градус хүрч хүйтэрдэг.

Олон жилийн дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6, бусад нутгаар 0-3 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998 онд тун бага цас оржээ.

Олон жилийн дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1986, 1991, 1993 онд Арц богдын хөндийгөөр 34-40 м/с, 1987, 1989 онд Баян-Өлгийн зарим нутгаар 34 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байжээ.

Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 23-28 градус, Алтайн өвөр говиор 10-16 градус, бусад хэсгээр 17-22 градус хүйтэн байх ба Баян-Өлгий, Баянхонгорын ихэнх нутаг, Ховд, Увсын баруун, Завхан, Говь-Алтайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эх ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн хойд, Увс, Баянхонгорын баруун, Завханы зүүн өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Ховд, Увс, Завханы хойд, Баянхонгорын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно.

Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 22-27 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Булган, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар эхээр хүйтний эрч чангарна. Ялангуяа гуравдугаар арав хоногийн дунд үеэс Дархадын хотгор, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн зүүн, Булганы өмнөд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн нутаг, Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хагаст 18-20 м\с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 градус хүйтэн байх ба Говь-Сүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч чангарч Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Энэ сард Дундговийн хойд, Дорноговийн баруун хойд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *