Хятад улсын нийслэл Бээжин хот болон 2022 оны өвлийн олимпийн наадмыг хамтран зохион байгуулах Жанчхүү хотыг холбосон өндөр хурдны төмөр замыг ирэх оны наймдугаар сараас туршиж эхэлнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
174 км урт өндөр хурдны төмөр замыг ирэх оны эцсээс албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэснээр зорчигчид 180 орчим км зайтай орших энэ хоёр хотын хооронд явахад ердөө 50 минут зарцуулах юм байна. Жанчхүү хот нь 2022 оны өвлийн олимпийн наадмын цанын тэмцээнийг зохион байгуулах билээ.
Бээжин-Жанчхүүгийн төмөр замын чиглэл нь түүхэн чухал ач холбогдолтой гэнэ. Энэ хоёр хотыг холбосон төмөр зам нь Хятадын бие даан тавьсан анхны төмөр зам бөгөөд 1909 онд нээгдэж байжээ.