Засгийн газрын өнөөдрийн /2023.03.22/ хуралдаанд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцын талаар танилцуулсан байна.
Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Хөшгийн хөндийн ажил мөн түгжрэлийг бууруулахад чухал. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд Засгийн газар ач холбогдол өгөх ёстойг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
Нөгөө нь нийтийн тээврийн асуудал байгаа. Нийтийн тээвэр дээр Улаанбаатар хот маань өнгөрсөн хоёр жилд хийсэн эхний үе шатны ажлуудаа энэ хавар хийж дууссан гэж болно. Сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй автобус оруулж ирсэн. Бид нийслэлийн нийтийн тээврийн удирдлага, зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад, ажлыг нь идэвхжүүлээд явж байна.
Одоо миний бие нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн 2 дахь үе шатын улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажилласан. Гол зүйл бол Нийслэлийн Засаг даргад эрхээ шилжүүлээд ажил зохион байгуулагдаад явж байгаа.
Ирэх есдүгээр сард 87 цахилгаан автобусыг оруулж ирэх, Евро-5 стандартад нийцсэн 650 эко автобусыг ирэх намар гэхэд оруулж ирж дуусгахаар ажиллаж байгаа.
Нийтийн тээврийн асуудал дээр цаашид анхаарах асуудлууд бий. Жолоочийн сургалттай холбоотой асуудлууд, автобаазын асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бид анхаарал хандуулж байна.
Зарим дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Үүнд холбогдох сайд нартай хамтран ажиллаж, Засгийн газарт оруулахаар ажиллаж байгаа.
Ямартай ч ирэх жилийн өвөлд бид бэлтгэж байна гэж болно. Өнгөрч буй өвөл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлт хийгдээгүйн улмаас хамгийн доод уналт мэдрэгдсэн.
Хамгийн түгшүүртэй нь олон автобусны ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан байсан. Ирэх жил энэ байдлыг давтагдуулахгүй байх үүднээс ажиллаж байна.