Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн урьдчилгааг тэглэх хувилбар боловсруулж байна

Барилга хот байгуулалтын яамны мэдээлж буйгаар энэ онд 30 мянган орон сууц ашиглалтад орно. Өнгөрсөн онд дээд цэгтээ хүрсэн орон сууцны үнэ сүүлийн зургаан сарын турш буурч байна. Хоёр жилийн өмнө жилд хоёр дахин бага хэмжээний орон сууц ашиглалтад ордог байсан тухай БХБЯ-ны дэд сайд Г.Байгал ярив. Тухайн үед байрны нийлүүлэлт бага, хэрэгцээ өндөр байсан тул үнэ тасралтгүй өсөлттэй байсан аж. Энэ нь БХБЯ-ыг нийлүүлэлтийг дэмжих бодлого боловсруулахад хүргэжээ. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд импортын материалыг дотооддоо үйлдвэрлэх, барилгын компаниудыг дэмжих чиглэлээр ажилласны үр дүнд барилгын нийлүүлэлт нэмэгдэж, түүний үнэ буурч байгаа юм. Өнгөрсөн онд баригдсан долоон мянган барилга борлогдоогүй байна. Энэ жил ашиглалтад орох 23 барилгыг борлуулахад БХБЯ эрэлтийг дэмжих бодлого боловсруулж байна. Эхний ээлжинд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10-20 хувь хүртэл бууруулна. Улмаар амьжиргааны бага орлоготой иргэдэд урьдчилгаа төлбөргүй зээл олгох боломжийг судалж, хэрэгжүүлнэ. Энэ асуудлыг Монголбанктай хамтран боловсруулсан тул санхүүгийн эх үүсвэрт санаа зовох шаардлага байхгүй. Ипотекийн зээлийн эх үүсвэр хангалттай хугацаанд үргэлжлэх боломжтой. Гэхдээ маргаашнаас эхлээд зээлийн урьдчилгаа төлбөр тэглээд эхлэхгүй. Энэ ажил үе шаттай хэрэгжинэ. Мөн эрэлтийг дэмжих бодлого бол түрээсийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх. Одоогийн баригдсан барилгуудаас төр худалдан авч залуучууд, орлого багатай иргэдийг түрээсийн орон сууцаар хангах. Энэ нь шинэ орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд анхны хуримтлалтай болох хугацаа олгоно. Ипотекийн зээлийг түлхүүр гардсан байр авах иргэдэд л олгоно. Гэхдээ инженерийн байгууламжид холбогдсон Улсын комисс хүлээн авсан байрнууд хамрагдана. Хэрэв танай хашаа инженерийн байгууламжид ойрхон бол газар дээрээ стандарт хангасан байшин бариад улсын комисс хүлээн авсан тохиолдолд, худалдан авагчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой. АН-ын мөрийн хөтөлбөр 2012-2016 онд аймаг бүрт 1000 айлын орон сууц барина гэсэн амлалт байдаг гэнэ. Өнөөдөр үндсэндээ инженерийн байгууламж бэлэн болсон бөгөөд 2016 онд амласнаасаа олон орон сууц ашиглалтад оруулах болно. Сүүлийн үед гарч байгаа барилгын талбайн тухай ойлголтын зөрүү бол стандартыг мөрдөх тухай асуудал юм. Барилгын зургаар байшингийн талбайг гадна ханаар тооцож хэмждэг. Гэтэл барилга баригдаад дууссаны дараа хананы зузаан өрөөний талбайг багасгана. Үүн дээр учраа олчихвол цаашид ийм маргаан гарахгүй. Дэд сайдаас мэдээлэл аваад гарахдаа “ШӨХТГ-ынхан танай яамтай зарга үүсгээд байсан юу болсон” гэвэл “Тэр нөхөр бичиг баримтаа харахгүй байгаа юм болов уу. Барилгын компаниудыг зээл аваад, төлж дуустал нь тэдний төлөөлөл ажлын хэсэгт байсан. Учир нь олдохгүй юм яриад байгаа юм” гэсээр үлдэв.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *