Categories
мэдээ эдийн-засаг

​Ипотекийн зээлийн энэ сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов

Ипотекийн зээлийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.

Монголбанк 2016 оны 4 дүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна. Харин банкууд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогджээ.

Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна. Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна. Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэлээ. Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.

Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгөв. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна. Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *