Categories
мэдээ нийгэм

Илүүдэл жин ба бөөрний өвчний хамаарлын тухай ярилцав

Өнөөдөр дэлхийн бөөр хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд УНТЭ-ийн Бөөрний төв “Бөөрний өвчин ба таргалалт” сэдвээр сургалт хийлээ. Манай улс 2009 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэж иржээ. Энэ жилийн уриа нь “Бөөрний өвчин ба таргалалт” гэнэ. Учир нь таргалалт нь цусны даралт, чихрийн шижин өвчин болон бөөрний архаг дутагдал үүсэх шалтгаан болдог гэнэ. Мөн дэлхий даяар бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүсийн 70-80 хувь нь чихрийн шижинтэй хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг аж. Энэ нь манай улсад ч мөн элбэг байна. Өнөөдрийн сургалтад гемодиализийн өвчтөнүүд болон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид оролцлоо. Энэ үеэр сургалтад оролцогчдын цусны даралт, өндөр, жинг үзэн таргалалттай эсэхийг тогтоож байв. Мөн гемодиализийн эмчлүүлэгчдийн “Чандмань холбоо” ТББ байгууллагынхан оролцож, хүмүүст бөөрний өвнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байлаа.

Таргалалт нь  бөөрний  үрэвсэл үүсэх гол шалтгаан болдогУНТЭ-ийн Бөөрний төвийн профессор, АУ-ны доктор, эмч Л.Од-Эрдэнэ “Манай улсад бөөрний эмгэг, бөөрний тэвшинцэрийн болон архаг үрэвсэл зэрэг эмгэгүүд элбэг байгаа. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин нэмэгдэж байна. Энэ нь хүн амын төвлөрөлт, амьдралын хэв маяг, цаг уурын байдлаас үүдэлтэй. Аливаа өвчин тусах эсэх нь хувь хүнээс хамгийн их шалтгаалдаг. Хувь хүн хичээгээд эрүүл мэнддээ цаг гаргавал эрүүл амьдрах бүрэн бололцоотой юм шүү дээ. Бид ард иргэддээ өвдснийхөө дараа биш хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг хүргэх зорилготой байгаа” гэлээ.

Тус эмнэлгийн хамт олон дэлхийн бөөр хамгаалах өдрийг угтан энэ сарын 4-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдэд сургалт явуулж цусны даралт, жин өндрийг үзэн үзлэг хийжээ. Ингэхдээ 170 гаруй иргэнийг хамруулснаас 80 гаруй хувь нь даралт ихсэлттэй, 70 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. Зөвхөн нэг сумын үзлэгт хамрагдсан иргэдийн дунд ийм үзүүлэлттэй байгаа нь таргалалт манай улсад их байгааг илтгэж байна. Дэлхий дахинд жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа юм. АНУ-д 20 наснаас дээш хүмүүсийн 70 орчим хувь нь жингийн илүүдэлтэй байдаг аж. Дээр хэлсэнчлэн таргалалт нь бөөрний архаг үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Таргалалт нь  бөөрний  үрэвсэл үүсэх гол шалтгаан болдогМанай улсад бөөрний өвчний улмаас жил бүр 150 хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог. Мөн бөөрний эмчид хандсан хүмүүсийн 50 гаруй хувь нь бөөрний архаг өвчний хүнд шатанд орсон байдаг гэсэн судалгаа байдаг. Бодисын солилцооны сөрөг өөрчлөлт нь бөөрийг гэмтээдэг ба цаг алдалгүй зохицуулбал бөөрний өвчин үүсэж, хүндрэхийг хойшлуулж болдог. Амьдралын эрүүл хэв маяг нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг эмч, мэргэжилтнүүд санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *