Categories
гадаад мэдээ

Илон Маск дэлхийн тэргүүн баян хүнээр тодорлоо

Илон Маскын нийт хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн чинээлэг хүн боллоо.

Тодруулбал, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцааны ханш энэ долоо хоногт огцом өссөнөөр Илон Маскын нийт хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрсэн. Ингэснээр тэрээр 184 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Amazon”-ын үүсгэн байгуулагч Жефф Безосыг нийт хөрөнгийн хэмжээгээрээ давж, дэлхийн хамгийн баян хүн гэх нэр алдрыг хүртлээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн пүрэв гаригийн арилжааны хаалтын байдлаар “Tesla” компанийн нэгж хувьцааны ханш 4,8 хувиар өсөж, 816.04 долларт хүрсэн юм. Компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 760 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Tesla” компанийн хувьцааны ханш зөвхөн 2020 онд ес дахин өссөн юм. Энэ нь Элон Маскын нийт хөрөнгийн хэмжээ 150 тэрбум ам.доллараар өсөх гол шалтгаан болжээ.

Элон Маскын хөрөнгө сүүлийн нэг жилийн хугацаанд асар хурдтайгаар өссөн бөгөөд тэрээр 2020 оны эхэнд 27 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн баячуудын жагсаалтын 50 дугаар байрт бичигдэж байв. Харин тэрээр өнгөрөгч долдугаар сард дэлхийн баячуудын жагсаалтын долдугаар байр хүртэл дэвшиж, өнгөрөгч арваннэгдүгээр сард 132 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтсийг гүйцэж, дэлхийн хоёр дахь баян хүн болоод байсан билээ. Харин түүнд дэлхийн хамгийн баян хүн болоход ердөө сар гаруй хугацаа хангалттай байлаа.

Илон Маск өөрийгөө дэлхийн хамгийн баян хүн болсон гэх мэдээг дуулсныхаа дараа өөрийн твиттер хуудсандаа “Ямар сонин юм бэ, за эргээд ажилдаа оръё доо” хэмээн жиргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *