Categories
мэдээ соёл-урлаг

​Их зохиолч Д.Нацагдоржийн түүхэн үзэсгэлэн үүдээ нээлээ

Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн тэгш ойд зориулсан үзэсгэлэн өнөөдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээс авахуулаад түүний зохиол бүтээлүүдийн эх хувь тавигджээ. Д.Нацагдорж нь 31 хэн наслахдаа нэг хүний хийж бүтээж барамгүй их зүйлсийг ард түмэндээ өв болгон үлдээсэн гавьяатан билээ. Түүний сод ухаанаас төрсөн “Миний нутаг”, “Хэнз хурга” шүлгүүд нь одоо ч уншигдсаар өсвөр үеийн хүүхэд залуусыг хүмүүжүүлсээр байгаа билээ. Тэрбээр цөөхөн хэдэн өгүүллэг, шүлэг бичсэн ч бүгд ард түмний соён гэгээрлийн түүчээ болон 20-р зуунаас 21-р зууныг дамнан өвөөс өвд өвлөгдсөөр байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнд Их зохиолчийн бичгийн ширээ, номын тавиур, хөөргөөс гадна олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, ”Алтан цох” зохиолын орчуулга тавигджээ. Нээлтийн үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Болд “Их зохиолч Д.Нацагдорж нь бидний зүрх сэтгэлд хүрсэн нэртэй соён гэгээрүүлэгч. Энэ хүнийг монгол байтугай дэлхий нийт мэднэ. Яагаад гэвэл түүний бүтээлийг дэлхийн 60 гаруй оронд орчуулсан байдаг. Харин сүүлийн үед бид үүх түүхээ мартагнаад байна уу даа гэж санаа зовдог болсон. Тийм ч учраас зохиолын хүрээлэнд хадгалагдаж байсан түүний гар бичмэл, зохиолын эх хувийг дэлгэсэн байгаа” хэмээн өгүүлэв.
Энэ удаагийн үзэсгэлэнд Их зохиолчийн тухай архивын материалд 100 гаруй гэрэл зураг хадгалагдаж байгаагаас 30 орчмыг нь дэлгэсэн бол түүний гэр музейн эд өлгөөс 70 гаруй үзмэр, гадаад хэл дээр орчуулж гарсан бүтээлээс 20 гаруйг нь сонирхуулж байгаа ажээ.

Сонирхуулахад Д.Нацагдорж нь Монголын зохиолчдын эвлэлийн хорооны хэвлэл болох “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байхдаа “Үзэг” хэмээх нууц нэрээр зохиол бүтээлээ туурвидаг байжээ. Тэрбээр латин үсгийн дүрмийг санаачлан зохиож, гадаадад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар санал боловсруулж, Монгол хүний хурууны даралт, бичиж зохих онцлогийг судалж, түүний үсгийн тэмдэгт хэрхэн ямар байдалтай байхыг зохион судалж гаргасан анхны зохион бүтээгч нэгэн ажээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *