Categories
мэдээ цаг-үе

Их Явуугийн шавь Чойжилын Дамдиндорж найрагчийнд өнжлөө

“Та бид хоёр чинь дэлхийн яруу найргийн өдөр(03.21)-өөр уулзалдаж байна, бэлгэшээлтэй санагдлаа”, “Харин тийм ээ. Ах нь яруу найргийн өдөрт зориулаад Сергей Есениний орчуулгаасаа нэг шүлгийг нь фэйсбүүк хуудсандаа оруулчихсан чинь хүмүүст их таатай байгаа бололтой”. Ийм л яриа хөөрөөтэй бид хоёрын уулзалт эхэлсэн юм. “Эрийн хэц нь танигдсан сайхан эр дээ, манай Дамиа” гэж Дөнгөтийн Цоодол хэлдэг. Тэр хоёр бол дорнын их Явуугийн зүрхний шавь нар юмсан. Гэхдээ ойрын хэдэн жилээс л бие биенээ гэх болсон. Явуухулангийн гэргий Адъяа эгч сэрүүн тунгалагтаа “Чамайг Цоодолтой л ойртуулахсан” гэж хэлдэг байж. Цоодол нь тэр үед Сайд нарын зөвлөлд ажиллаад, мөн “Өдрийн сонин”-ыг төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхад соёл урлагийнх нь албыг хариуцсан том амьтан ордонд суугаад Дамиадаа олдоогүй юм билээ. Бас өнөө Дамиа нь ч гэж Дамиа, хүн царайчилж сүрхий дотночилж ахаа эгчээ гээд ар өвөрт нь гүйгээд байдаггүй ясны муухай зан нь нөлөөлөө байлгүй. Түрүү жилийн хавар Цоодол найрагчийн Бэлхийн аман дахь хөдөө гэрт нь Дамиа ах, Хүрлээ ах бид гурав очиж бүтэн өдрийн туршид ёстой нэг шавайгаа ханатал хуучилсан сан. Хүрлээ гэдэг маань “Цэцэг нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордлоо” гэж бичсэн Ховдын Цэцэгийн Сутай хайрхны хүн. Яагаав, “Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар” гээд олон сайхан дуутай даруухан гоё хүн. Тийн очиход Дамиа, Цоодол хоёр нуух хаах юмгүй сайхан ярьж билээ.

Ингээд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, орчуулагч Чойжилын Дамдиндоржийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. “Ах нь зочноо өөрөө очиж авна аа” гээд манай хүн намайг гэрээс минь ирж аваад Зайсангийн зүг хөдөлсөн. Гүүр давж явахдаа тэрээр гэргий рүүгээ яриад бууз тавьчихаарай гэж байна. Яах ийхийн зуургүй Богд уулын хаяанд гэрт нь хүрээд ирлээ. Гэргий нь буузаа сэвээд уур манан савсуулаад зогсож байна. Бага хүүгийнх нь гэр бүлээрээ аавындаа ирчихсэн хүүхэд шуугилдаад аз жаргал баяр баясгалан болсон сайхан айл угтах нь тэр. Мэнд усаа мэдсэний дараа цай цүй болох зуураа Лхагважав эгч “За нөгөө корона чинь арав болчихлоо” гэж цаг үеийн мэдээ дуулгав.

“Та чинь дөрөвдүгээр ангийн жаалхан сурагч байхдаа Дандар баатарт зориулж шүлэг бичиж байсан гэдэг” гээд гэрийн эзнээс яриа өдлөө. “Булганы арван жилийн сургуульд Дандар баатар ирэх болдог юм байна. Уран зохиолын дугуйлангийн сурагчдаас ханын сонин гаргах боллоо. Манай дугуйлангийн багш Дашзэвэгийн Сэнгээгийн дүү Дашням гэж хүн байсан. Одоо энэ Урианхай, Их хурлын гишүүн байсан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Данзанхорлоогийн Дашпүрэв гээд бүгд л Дашням багшийн шавь нар. Дугуйлангийн хүүхдүүдийн хамгийн балчир нь би байлаа. Бүгд домогт Дандарт зориулж шүлэг бичлээ. Тэгтэл багш маань миний бичсэн шүлгийг магтаж, намайгаа хөөргөдөөд баатрын уулзалтад зориулсан ханын сонинд миний шүлгийг гаргаж билээ.

“Цуцаж шантрашгүй зоригтны

Цулбуураа бариад мориндоо мордох нь

Цавчим өндөр хясаан дээрээс

Цалил цагаан бүргэдийн шумбах адил…” гэсэн эхний дөрвөн мөрийг нь тод санадаг, бусдыг нь мартаж орхижээ. Ийм шүлэг анх бичсэнээс хойш утга зохиолын гал тогоонд сэтгэл хоёрдолгүй зүтгэж явна. Бусад шиг сүрхий нэр алдарт хүрсэнгүй, олонд тэгтлээ танигдсангүй. Шүлэг найргаа шатааж, Явуугийн шавь гэж адлуулж хэрдээ л адармаатай амьдрал туулсан байх юм” гээд инээвхийлж сууна. Юмны учрал ерөөл гэж сонин. Түүний анх шүлэглэсэн гарамгай баатар Дандар тэр хоёр нэг нутгийн унаганууд. Булганы Бүрэгхангайн утаа суунагласан хөх уулсын дунд хүмүүн заяаг олсон эрхмүүд. Бүр сүүлдээ садан төрлийн хүмүүс ч болсон удаатай. Дандар баатар том хүү Мөнхзулыг нь төрөөд удаагүй байхад Дамдиндорж найрагчийнд зочилж, манцуйдаа тарвалзан бяцхан хүүг нь алган дээрээ энхрийлэн тэврээд зургаа татуулсан гэрэлт дурсамж ч бий гэнэ. Явуу багштайгаа танилцсан нь наян нэгэн он ажээ. Гэргийдээ зориулж бичсэн уярам сайхан шүлэг Явууд унштал “Үгүй ээ, чи чинь хаанаас гэнэтхэн гараад ирэв. Чамд өөр шүлэг бий юү” гэж асуугаад их л сэтгэл нь догдолсон гэдэг. Агуу их Явуухуланд тоогдсон мань хүн тэр оройдоо “Дайны жилийн хүүхнүүд” тэргүүт олон шүлэг бичээд Явууд аваачаад өгчээ. Ингэж Явуугийн халуун сэтгэлийн үгтэй түүний шүлгүүд “Цог” сэтгүүлийн наян нэгэн оны хаврын дугаарт хэвлэгдсэн түүхтэй. Тухайн цагт “Цог” сэтгүүлийн “Оч” буланд гарч байж яруу найрагчийн дархан эрхээ олж авдаг байсан бичигдээгүй хуультай байсан үе. “Эрээнцавын Нямсүрэн, Данзангийн Нямаа бид гурав чинь нэг уяаны морьд шүү дээ” гэж Дамиа ах хэлдэг. Учир нь “Цог” сэтгүүлийн “Оч” буланд Дамдиндорж, Данзангийн Нямсүрэн, Данзангийн Нямаа гурав нэг жил цуварч гарсан юм билээ. “Маш тансаг сайхан найрагч хөдөө байна” гэж Дамдиндоржоо Явуу багш нь хэлсэн нь эргээд санах нь ээ, Эрээнцавын Нямсүрэн найрагчийг хэлж байжээ. Анхны шүлгээ Дандар баатарт зориулсан тэрээр анх удаа “Цог” сэтгүүлд гарч яруу найрагчийн алдраа тунхаглахдаа сансрын нисэгч Жүгдэрдэмийн Гүррагчаатай хамт заларсан нь бас л сонин. Тодруулбал, Гүррагчаа баатар сансарт ниссэн түүхэн баярыг Монголын зохиолчдын хороо, тэр үеийн нэрт сайхан найрагчид өндөрт өргөж сансрын нисэгч хүүгийнхээ зургийг сэтгүүлийнхээ тэргүүн нүүрэнд залжээ. Тэр л дугаарт Явуу нь Дамдиндоржоо бичсэн байдаг юм. Ийм билгэ ерөөлийг Дами ах сэтгэлдээ хадгалж явдаг байх нь. Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ой өчигдөр тохиосон билээ.

“Явуу багшийн өрөөнд очиж уулзана гэдэг амаргүй. Тэр үеийн зохиолчдын хороо гэдэг ёстой бурхад чуулсан газар. Агуу их Түдэв гуай, Удвал гуай, Явуу багш, Пүрэвдорж гуай, Сэнгийн Эрдэнэ гуай бүгд ханайж байсан үе. Зохиолдын хороогоор ороод, тэр том аваргуудын чинь өрөөний үүдээр алхахад ар нурууны хөлс дааварлаж байлаа, ээ бурхан минь” гэж Дамиа ах хэлсэн. Явууд тоогдож “Цог” сэтгүүлд заларснаар үндсэн ажлаа орхиж шүлэг найраг руугаа эргэлт буцалтгүй орсон гэдэг. Үндсэн ажил гэдэг нь Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байснаа хэлж байна. Жаран есөн онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн хэл уран зохиолын ангид орно гэж бодож байжээ. Тэгтэл Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ганц хуваарь иртэл түүнийг нь эхнэр нь авчихсан гэдэг. “Би ямар найз охинтойгоо өрсөлдөлтэй нь биш” гэж байсан. Ингээд хүссэн сургуульдаа орж чадалгүй эгчийнхээ зөвлөснөөр цаг уурын ангид орчихжээ. “Бараг таван жил үсэг хараагүй” гэж байсан. Дээд тоо, магадлалын онол гээд дандаа л тоо бодно. Түүндээ өөрөө их дургүй. Дургүй байлаа гээд яахав, сургуулиа орхилтой нь биш. Тоо бодож манаргасаар байгаад төгсөөд авчээ. Цаг уурын анги төгссөн хэрнээ хүсэл сонирхлынхоо дагуу телевизэд орох санаатай очжээ. Телевизийн дарга нь Гончиг гэж хүн мань эрийг авахаар болсон байна. МОНЦАМЭ руу очоод тушаалаа гаргуулчихаад ир гээд явуулж. Ёндонсамбуу гэж боловсон хүчний хүн “Тоо боддог хүн сурвалжлагч хийдэггүй юм. Цаана чинь Эрхүү, Москвагийн их сургууль төгссөн сэтгүүлчид гудамжинд ажилгүй явж байна. Чи зүгээр тэр хийдэг ажлаа л хий” гээд хөөгөөд явуулчихсан байдаг. Урам нь хугарсан тэрээр орой нь гэртээ ирээд “Юм бичдэг салбар намайг яагаад ч хүлээж авахгүй юм байна. Уран бүтээлч байх заяагаагүй юм байна” гээд бичиж туурвисан шүлэг найргаа бүгдийг нь шатаачихсан гэдэг. ШУА-ийн газар зүйн хүрээлэнд ажиллах болсон түүх нь энэ.

Далан зургаан онд телевизэд орох гээд чадаагүй хүн чинь арван нэгэн жилийн дараа буюу наян долоон онд одоогийн соёлын гавьяат До.Чулуунбаатар, хөгжим судлаач Батсүрэн нарын хамт нэг тушаалаар монгол телевизийн сэтгүүлч болжээ. Телевизийн Залуучууд спортын редакцид ажиллахдаа тэрээр олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлдэж явуулсныг тоочоод барамгүй. Ерэн онд Бээжинд болсон Азийн спортын наадамд сурвалжлагчаар явж тус наадмыг Монголын ард түмэнд шууд дамжуулж үзүүлсэн байдаг. Мөн жаран найман оны олимпоос хүрэл медаль хүртсэн Төмөрийн Артаг, наян оны Москвагийн олимпоос медаль хүртсэн Жамцын Даваажав, Дугарсүрэнгийн Оюунболд, Равдангийн Даваадалай нарын алдартай тамирчид бүгд гавьяат цолоо аваагүй байхад тэр үеийн олимпийн хорооны дарга Болд, нарийн бичгийн дарга, олон улсын шилэгдмэл шүүгч Солийн Магсар нартай яриад тэдгээр тамирчдын тухай цуврал нэвтрүүлэг бэлдэж хүргэжээ. Дамдиндоржийн тэрхүү нэвтрүүлэг гарсны дараа Болд дарга төв хороонд тамирчдынхаа тодорхойлолтыг барьж олимпоос медаль хүртсэн дээрх дөрвөн тамирчин гавьяат цолоо авч, Төмөрийн Артаг “Би энэ гавьяатыг чинь авах гэж 20 жил хүлээлээ. Чамд үнэхээр баярлалаа” гээд уйлаад ирж байжээ. Мөн алдарт тамирчин Лу.Энхбаяр Эрдэнэт хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүнээр түшүүлэн ирж гавьяат цолоо авсан байна. “Дамдиндорж гэж сэтгүүлчийн буянд энэ цолыг авлаа” гээд залбирч байсан гэдэг. Ингэж л түүний бэлдсэн нэвтрүүлэг, уран бүтээл хүнд хүрч өлзий буянаа хайрлаж байж. “Цагийн хүрд” нэвтрүүлэг тэр үед “Цаг үе, үйл явдал” гэсэн нэртэй байсан юм билээ. Тухайн нэвтрүүлгийн нэрийг өөрчлөх 200 төгрөгийн шагналтай уралдаан зарлагдахад Дамиа ахын “Цагийн хүрд” гэсэн нэр шалгарч шагнуулж байсан гээд үндэсний телевизтэй холбоотой үүх түүх хөвөрнө. Бас л адармаатай хүн шүү, “Цагийн хүрд”-ийн нэрийг хүртэл өгчихсөн байх даа яахав гэсэн бодол төрж л байлаа.

Тэр бол дорнын их Явуугийн отгон шавь, Очирбатын Дашбалбарын дотны нөхөр, Шаравын Сүрэнжавтай ах дүүгийн барилдлагатай явсан хүн. Явуу багш нь өнгөрөхийнхөө өмнөхөн “Монголын яруу найргийн од төрлөө” гэж Дамдиндоржийнхоо тухай бичжээ. Гэвч Явуугийн бичсэн зүйл “Утга зохиол” сонинд гарч амжаагүй байтал их найрагч насан өөд болж Дамиа ахын хэлдгээр нь аз нь дутсан юм билээ. Тэр тухайгаа өгүүлснийг нь хүргэе. “Би ер нь их нуугдмал хүн юм даа. Янз бүрийн юм ярихаар хүмүүс өөрийгөө магтаад байна гэж бодох байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан. Наян хоёр оны эхээр Явуу багш нас барахаас арваад хоногийн өмнө надтай тааралдаад “За Дамдиндорж оо, Төв хороогоор шинэ номын төлөвлөгөө батлагдлаа. Хангайсайхан нарын дөрвөн хүний ном хасагдчихлаа. Тийм учраас чи шүлэгнүүдээ надад аваад ир. Түүнийг чинь сонинд гаргаж, олон түмэнд хүргэе. Ирэх жилийн төлөвлөгөөнд номыг чинь оруулна” гэсэн юм. Тэгээд тав, зургаан шүлэг Явуу багшид аваачиж өгсөн. Өрөөнөөс нь гартал нэг хүн зөрөөд орсон. Би тухайн үедээ таниагүй. Сүүлд уулзах нь ээ, Очирын Нэргүй гэж хүн байсан. Түүнд Явуу багш миний тухай яриад өнөө “Яруу найргийн од” гэж бичсэн гар нооргоо Нэргүйд өгөөд бичээчээр цохуулаад ир гэжээ. Түүнийг нь Нэргүй бичээчээр цохуулчихаад гар нооргийг нь аваад үлдчихэж. Сүүлд надад үзүүлээд Баянгол ресторанд дайлуулсан. Тэгэхдээ би чамаар дахиж дайлуулна гээд Явуу багшийн гар нооргийг өгөөгүй. Багшийг өнгөрсний дараа түүнд зориулсан ном гаргах гээд өөрийнхөө шүлэг зохиолыг бэлдээд явж байсан чинь миний шүлгүүдийг энд тэндээс нь жаахан засчихсан, эмэгтэй хүний бичиг шиг бичигтэй зүйл оллоо. Энэ одоо хэн байдаг билээ гэтэл өнөө муу Дашбалбар маань байсан” хэмээн Явуугаа болоод Балбарыгаа дурсаж сууна. Тэр хоёрынхоо дурсгалд зориулж “Ачлалын тэнгэрт өдөлсөн шүлгүүд” хэмээх яруу найргийн нэгэн сайхан ном Дамдиндорж найрагч гаргасан юм.

“Дашбалбар бид хоёр үзэл бодол нэгтэй, ааш араншин ижилхэн хүмүүс. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг арга байхгүй нийлдэг л юм билээ. Балбарыг ерэн зургаан оны сонгуульд ялалт байгуулж төрийн түшээ болоход нь эхнэр бид хоёр очиж баяр хүргэсэн юм. Балбарын туслах байсан Агваандорж бид хэд Манзуширын хийдэд очиж баяраа тэмдэглэж билээ. Миний бага хүү Мөнхдөлтэй Балбар маань зургаа авахуулахдаа, чи УИХ-ын гишүүн, бас Монголд нэртэй яруу найрагчтай зургаа авахуулж байна шүү гэж хүүд маань инээд наргиантайгаар хэлж байсныг мартдаггүй. 2002 онд Балбарынхаа дурсгалд зориулсан “Наранбулагийн эгшиглэн” номынх нь тэргүүнд нүүрэнд хүүтэйгээ авахуулсан тэр зургийг оруулсан. Ерэн найман онд Балбарыг төрийн шагнал авахад нь гэрт нь очсон. Тэгэхэд надад баатрын зурагтай гоёмсог бэлэгн гардуулаад “Миний нөхөр надтай явсан баатар юм шүү” гэж сэтгэл дүүрэн хэлж билээ. Би чинь нэг хэсэг нам улс төр гэж баахан давхисан. Тэр бүхэн маань Дашбалбартай холбоотой юм. Балбар, Зэнээ бид гурав Гэсэр сүмийн тэнд өглөө бүхэн уулзаж ярилцдаг байлаа. Тэр хоёр намайг Их хуралд суулгах гэж их үздэг байлаа. Би тухайн үедээ зөвшөөрөөгүй юм. Тэр нь зөв болсон байх. Хэрвээ орсон бол гурвуулаа үхэх байсан. Хамгийн сүүлд Балбартайгаа өнгөрөхөөс нь зургаан хоногийн өмнө уулзсан. Тэгээд би ажлаар гадагшаа явсан. Хүний нутагт анд нөхрөө үгүй болсон аймшигт мэдээг дуулаад ямар хэцүү байсан гэж бодно. Би өдий наслахдаа олон ч хүнтэй нөхөрлөж иржээ. Гэхдээ Дашбалбар шиг нөхөртөө үнэнч, эх орондоо үнэнч, ард түмэндээ үнэнч хүнийг үзээгүй явна” хэмээн анд нөхрийнхөө дурсамжийг хуваалцсан. Дамиа ах нэг хэсэг Чөлөөт зохиолчдын холбоонд орж тус холбооноос зохион байгуулдаг “Мөнгөн цом” наадмыг “Болор цом” шиг нэр хүндтэй болгож байсныг санах юм. 2000 онд хувийнхаа зардлаар цалин цагаан мөнгөөр сайхан цом хийлгэж “Мөнгөн цом” наадмыг зохион байгуулж, тэрхүү цомыг нь Данзангийн Нямаа найрагч хүртэж байсан удаатай. Энэ бүхэн Балбарынхаа нэрийг бодож хийсэн ажил гэж хэлсэн нь тэр нөхөрлөлд хэрхэн үнэнч гэдгээ харуулсан юм. Эл бүхнийг бодохоор Чойжилын Дамдиндорж найрагчид өөрийн эрхгүй баяр төрдөг. Мань эр нэг хэсэг улс төрийн айхтар хурц нийтлэлүүд туушиндаж байсан. Ямар сайн даа алдарт сэтгүүлч Жа.Пүрэв гуай “Дамдиндорж гэж тэр залууд хэлэх юмсан. Арай л хэтэрхий шударга бичих юм. Тэгж байгаад араасаа хутгаар зоолгуулна. Амиа хамгаалж яваасай, тэр хүү” гэж арга цөхөрсөн зүйл хэлж байхав. Мөн Балбарынх нь эхнэр Борхүүхэн “Дамиа минь одоо боль, эцэст нь эр нөхөр нь эндээд, эхнэр нь бэлэвсрээд, үр хүүхэд нь өнчрөөд хоцордгийг би амьдралаараа үзэж байна” гэж айхтар сануулж хэлжээ. Ингээд тэрээр айхавтар нийтлэл бичихээ больж, улс төрөөс ч хөндийрч уран бүтээлийнхээ ажилд эргэлт буцалтгүй оржээ. Одоо бол ах нь хэнийг ч шүүмжлэхгүй, нэг хэсэг ч бас тэнэг явсаан” гээд хүд хүд хөхөрч байсан.

Дамдиндорж бол үнэндээ шазууртай эр. Ямар л аавын хүү Явуугийн шавь гэж адлуулахдаа шаралхаж Дэндэвийн Пүрэвдорж гуайтай ам зөрөөд Монголын зохиолчдын эвлэлийн хаалгаар 15 жил оролгүй омогтойхон явсан байх вэ. Энэ тухайгаа “Тэр үед би залуухан ч байж, хэн нэгнийг дагаж далбаганадаггүй хэдрүүхэн ч явжээ. Явуу багшийг нас барсны дараа зохиолчдын эвлэлийн яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр Пүрэвдорж гуай томилогдон олон сайхан залуусыг уран бүтээлийнх нь өндөрлөгт хүргэсэн. Пүрэвдоржийн дугуйлангаас Монголын яруу найргийн дал наяад оныхон тодорсон юм. Харин мань мэтийг жаахан шоовдорлох янз гаргах шиг санагдсан л даа. Бодвол би гэж дүнхүүдүүхэн амьтан хүний арга эвийг олохгүй дургүйг нь хүргэсэн байлгүй. Пүрэвдорж гуай намайг нэг удаа “Чи их Явуугийн гараар орсон мундаг хүн, дээгүүр зантай нөхөр” гэж хэлдэг юм. Тэр үгийг нь тэвчиж хүлцэлгүй, намайг ад үзлээ, Явуугийн шавь гэж нүд үзүүрлэлээ хэмээн хэрэлдээд арван таван жил зохиолчдын хорооны босгыг алхаагүй дээ” гэж гүдэсхэн хэлж байна. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж, Монголын яруу найргийн наяад оны эхэн үеийн иртэй найрагч Чойжилын Дамдиндорж хоёрын хувьд уруул дордойсноос элэг дордойгоогүй юм билээ. Хоёр мянга есөн онд зохиолчдын эвлэлийн наян жилийн түүхт ойгоор Пүрэвдорж гуай Монгол Улсын хөдөлмөрийн баатар болж, мөнөөх Дамдиндорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулан төрийн есөн хөлт цагаан тугны дэргэд зогсохдоо тэврэлдэн золголджээ. “Пүрэвдорж гуай баатрын алтан соёмбо энгэртээ гялалзуулан тас тас инээгээд намайг, хүү минь гээд тэвэрч аваад үнссэн. Би гэдэг хүн яг л эцэгтээ үнсүүлж байгаа юм шиг санагдсан. Тэр агуу найрагчийг би сэтгэлдээ яаж муугаар бодож зүрхлэх билээ. Гэнэн залуу насны ааг омогтоо эрдэж явахгүй юу. Тэр сайхан уулзалт бид хоёрын сүүлчийн уулзалт байж билээ” гэв.

Дамдиндорж найрагч бол адайр ааштай, хэгжүүн омголон зантай хэрнээ ойртож дотносоод ханилахад түшигтэй, үнэн үгтэй, цагаан цайлган халуун сэтгэлт нэгэн. Дамиа ахын хүнлэг сэтгэл, аливаад жудагтай нуруутай байдаг чанарыг нь нөхөд нь даан чиг мэднэ дээ. Хоёр жилийн өмнө байна уу даа, номын баяраа хийхэд Дожоогийн Цэдэв гуайгаас аваад утга зохиолын үе үеийн хүмүүс цугласан байв. Цэндийн Эрдэнэбат доктор, Саруулбуян найрагч гээд дотны нөхөд нь хичнээн халуун дулаан сайхан үг хэлснийг санаж байна.

“…Цувраа мянган уулсыг ч давж хурдлах шандастай

Цуут загалын удам хурдан байдаг юм

Цул мөнгөн чимэгтэй эмээл хазгай сууж

Цулбуур амгайг зуулган давхих сайхан байдаг юм

Тэлмэн жороо морины явдалд

Тэнзэн ташуур даялаж явсах сайхан байдаг юм

Тэнгэрийн доор монгол хүн болж төрснийх

Тэнүүн талд морьтойгоо явахад жаргалтай байдаг юм…” хэмээх “Морьтой заяа” шүлгээс нь нэгэнтээ Шаравын Сүрэнжав найрагч эш татаад “Энэ шүлгийн цаанаас Дамдиндорж бүхий л дүрээрээ гэрэлтэн харагддаг юм” гэж тодотгосон байдаг.

“…Хаврын цэнхэр яргуй дэлбээлсэн байна

Хайрт минь чи түүнийг харж саат даа

Нялх ногооны үнэр юутай сайхан

Нярайлж чиний минь төрүүлсэн үрийн зулайг

Нартад хосгүй юм гэж нэрлэж байсан шиг

Нялх ногооны үнэр юутай сайхан

Халамцуу эрийн төрхтэй хавсарга намсахуйд

Хавар цагийн тэнгэр юутай сайхан

Бүртийх ч үүлгүй манхан хөх тэнгэрээс

Бүлээцүүлэх наран зугуухан ээнэ ээ

Ижилсэж дассан хань чамтайгаа би

Илч гэрлийн даллага хавар танилцсандаа ч тэр үү

Ирж буй цаг хавар сайхан гэдэг нь ээ

Ижилсэж дассан хань чамтайгаа би

Ийм сайхан хавар хичнээн олны үзэв дээ” гэж насны хань Лхагважавтаа зориулсан шүлгүүд бий. Лхагважав эгчийг залуудаа тахимаа шүргэсэн урт үстэй, ёстой нөгөө харцуулын нүдэн дундуур туучсан сайхан бүсгүй явсныг найз нөхөд нь хэлдэг. Тэрээр “Эгч нь арван хүүхэдтэй айлын том нь. Манай өвгөн чинвь таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Энэ маань гарын таван хуруу шиг, би гарын арван хуруу шиг ийм л хоёр хүн нийлсэн” гэж тун сайхан хэлнэ билээ. “Манай хүн бол түргэн зантай, би харин их дөлгөөн хүн л дээ. Тэгээд дутуугаа нөхөж дундыгаа дүүргээд энэ олон жил сайхан амьдарч иржээ. Энэ амьдралд дандаа эвтэй явж ирсэн гэвэл бас өрөөсгөл. Сайдаж муудах үе гаралгүй яахав. Тэр бүгдэд миний ижий аав хоёр намайг зөвтгөж байгаагүй. Миний зөв байсан ч Дамдинг дандаа өмөөрнө, бүр нэг хир халдааж үзээгүй дээ” гэж Лхагважав эгч хэлсэн юм. Хүүхдийн байцаагчаас эхлээд эрүүгийн төлөөлөгч, тасгийн дарга гээд бүхий л насаараа Монголын цагдаад ажилласан эл эрхэм одоо чиг залуугийн сайхнаараа эрхэмсэг харагдана.

Дамиа ах алдарт О.Намнандорж гуай, Түвдэндорж аварга, “Тод магнай”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу”, “Эх орон танаа” гээд олон сайхан дууны эзэн нэрт найрагч Жанчивын Шагдар гээд олон сайхан хүмүүстэй ах дүү, анд нөхөд явж иржээ. Тэр бүгдийг дурсана гэвэл барагдахгүй. Сергей Есенинийг орчуулж тансаг сайхан ном гаргасан. Одоо дахиад л Есенингээ нухаж яруу найргийнх нь хоёр дахь ботийг бэлэн болгожээ. “Манай хүн орчуулга хийгээд суухаараа амарна гэж байхгүй. Шөнө унтахгүй сууна. Үгэнд орохгүй хэцүү юмаа” гэж гэргий нь зэмлэнгүй байсан. Дэлхийн яруу найргийн өдрөөр Монголын тэнгэртэй сайхан найрагчийнд хуучилж өнжсөн тэмдэглэлээсээ багаханыг хүргэхэд ийм байна. Мишигийн Ширчинсүрэн гуайн “Сайхан айл” гэж гоёхон найраглал бий. Дамдиндорж найрагчийнхаас гарахад уг найраглал санаа сэтгэлд буугаад байсан сан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *