Categories
мэдээ спорт

Их спорт ба үндэсний бөх

Яагаад үндэсний бөхөөр барилддаг залуус чөлөөт, жүдогоор хичээллэхгүй байна вэ. Ямар шалтгаан байна вэ. Авьяастай, материалтай залуус ганцхан бөхийн төрлөөр яваад зэврээд дуусвал дэндүү харамсалтай. Үе үеийн аварга цолтой болон бусад цолтнууд хэзээнээсээ хослуулсаар ирсэн. Их спортын ач холбогдол, онцлогийг хоёр Мөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аваргууд хэлсээр ирсэн. Хэлээд өгнө.

Яагаад их спортоор эдгээр аваргууд шиг амжилт үзүүлье гэж бодохгүй байна вэ одоогийн залуучууд. Аваргуудаас гадна бусад цолтнууд нь 1960-аад оноос шинэ зуун гартал чөлөөт, жүдо, самбоор амжилт гаргасаар ирсэн. Гэтэл тэрнээс хойш л байдал бишидсэн. Дунд нь Н.Түвшинбаяр гэдэг бурхны бэлэг л байлаа. Их спортоор сууриа тавиад үндэсний бөхөөр санасандаа хүрсэн цол авсан олон жишээ бий. Хамгийн сүүлд Э.Оюунболд арслан залуучуудын олимпод тавдугаар байрт орж байлаа. Найраа, допинг, Үндэсний бөхийн барилдааны дүрэм гурваас болж залуус их спортыг сонгохгүй байна уу. Өв уламжлал маань буруу замаар явсаар…

Одоо Монголын үндэсний бөхийн холбоо барилдааны дүрмээ зайлшгүй засах ёстой. Хаялцах барьцны дүрэм залуусыг их спортоор хичээллэхэд саад хориг болж байна. Алсын сүвээний хаялцах барьцыг болиулж, (хаялцах барьц хонгодох хувилбар байж болно. Үндэсний бөхөд хөл авсан барилдаан уран харагдана. Алсын сүвээний хаялцах барьцнаас хамгаалаад унахгүй болсон шиг хонгодуулсан бөх унахгүй хамгаалдаг болж болно, давж болно) сэрвүүгээс хэн идэвхтэй байснаар нь эхэлж өөрийнх нь талаар бариулж, зодогны стандартыг шинэчлэн “Алдар”, “Хүч”, “Хилчин” тэргүүтэй спорт хороодоос цалинждаг үндэсний бөхийн залуусыг “Чөлөөт, жүдогийн аль нэгийг сонгож хослуулан хичээллэж дотоодод болж байгаа тэмцээнүүдэд ор. Тэгж байж цалингаа авна” гэсэн гэрээтэй болчих хэрэгтэй.

Залуус хаялцах барьцны дүрэмд тааруулж жингээ нэмсэн. Жин нэмэхээр хурд саарна, хурд саарахаар барилдаан удааширна, барилдаан удаашрахаар уран хурц барилдаан гарах нь илт багасна. Хүмүүс яах гэж мөнгө төлөн, ажлаа зохицуулан байж Бөхийн өргөөнд эсвэл телевизээр бөх үздэг юм бэ. Уран сайхан барилдаан харж баясах гэж тэр шүү дээ. Маргаантай эсвэл удаан барилдаан харахыг хэн хүсэх юм бэ. Хаялцах барьцнаас мордож дарж унаж байгааг хармааргүй байна. Энэ дүрмээс болж одоогийн Үндэсний бөхийн ихэнх барилдаан золгоо, шахаанаас л хаялцдаг болж хувирчихсан. Бөхчүүдийн дураараа эмч рүү явж цаг авдгийг яаж болиулах юм. Тухайн нэг даваанд яасан тохиолдолд,хэдэн удаа эмч рүү явах ёстой юм. Барилдааны дундуур дураараа цай, ус уудаг гэх мэт асуудлуудыг шийдэх ёстой. Засуул, Хөлийн цэц бол шүүгч шүү дээ. Спортод шүүгчийн шийдвэрийг биелүүлдэг. Түүнээс биш дуртай үедээ “цайгаа ууя” гээд тааваараа байвал утгаа алдана. Ийм өөрчлөлтүүд хийхэд алдах юм байхгүй.

Мөн Монголын чөлөөт бөхийн холбоонд хүнд жингийн бодлого гэж байдаггүй. Цөөн залуусыг сонгон авч сайн багшид шавь оруулан багштай нь цуг гэрээ байгуулан, нийгмийн асуудлыг нь шийдээд өгвөл зүтгэнэ дээ. Улсын цолоос гадна, дэлхий олимпийн медальтай болно гэсэн том зорилго тавиад зүтгэх зангарагтай залуус байна уу. Их спортоос нарийн техник барилдаан сурдаг юм даа. Бөхийн орон мөн л юм бол хүнд жинд мундаг аваргатай байх ёстой. ОХУ, АНУ, Япон тэргүүтэй том орнууд жүдо, чөлөөтийн хүнд жиндээ түрүүлбэл тухайн тэмцээнийг манайх авлаа гэж үздэг. Дэлхийн 200 гаруй орон 260 орчим өөрсдийн үндэсний бөхийн төрлүүдтэй гэсэн судалгаа байна. Тэр дундаас хамгийн олон оронд түгэн дэлгэрч хөгжсөн гурван бөхийн төрөл нь цэнгэлийн манлай олимпод ордог. Чөлөөт, жүдо бол барилдааныхаа хувьд оргилдоо хүрч хөгжиж, мэргэжлийн болчихсон. Залуус бөмбөрцгийн бөхийн мах байтугай яс янгинаж өвддөг хүнд бэлтгэлийг давах ёстой. Дасах ёстой. Монгол залуус ийм бэлтгэлээс халираад баймааргүй юмсан. Өөрийгөө бодохоос гадна эх орныхоо төлөө баймаар байна шүү. Жишээ нь Ж.Чулуунбат хожим нь Үндэсний бөхийн олон цолтнуудын нэг гэж биш, Монголын чөлөөтийн хүнд жинг нэгэн арванд авч явсан гэж л дуурсагдана шүү дээ…

Спортын сэтгүүлч С.ШИЖИРБАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *