Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулийн төлбөр 10-15 хувиар нэмэгджээ

Жил бүр оюутан залуусын хувьд сургалтын төлбөр гэдэг асуудалтай тулгардаг. Энэ жил их, дээд сургуулиуд төлбөрөө 10-15 хувиар нэмжээ. Шинжлэх ухаан, технологийн их сургууль салбар бүрийн нэг кредитийн үнэ өөр өөр байдаг. Үзэх хичээлийн кредитээс хамаараад мэргэжил бүрийн үнийг өөрөөр тогтоодог аж. Барилгын архитектурын сургуулийн нэг кредитийн үнэ 82990 төгрөг. 30 кредит үзэхээр нийт 2489700 төгрөг болж байгаа юм. Геологи уул уурхайн сургуулийн нэг кредит адилхан үнэтэй. Эрчим хүчний сургуулийн нэг кредит нь 54370 төгрөг. 30 кредитээр үржүүлбэл 1631100 төгрөг болж байна. Энэ мэтээр ШУТИС-ийн төлбөр өөр өөр юм. Монгол Улсын Их сургууль мөн хичээл сонголт кредитээс хамаараад төлбөр өөр өөр. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн нэг кредит хичээлийн үнэ 2017-2018 оны хичээлийн жилд 86700 байсан бол энэ жил 98600 болжээ. Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн нэг кредит өнгөрсөн жил 84300 байсан бол энэ жил 103500 болсон байна. Бизнесийн сургуулийнх өнгөрсөн жил 100700 байсан бол энэ жил 120800 төгрөг болжээ. Гэх мэтээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрт өөрчлөлт гарсан байна. Харин оюутнуудын дотуур байранд суух төлбөр нэмэгдээгүй аж. МУИС-ийн дотуур байр засвартай, засваргүйгээс хамааран өөр өөр үнэтэй. Засвартай дотуур байр арван сараар төлбөрөө авах бөгөөд 630000 төгрөг. Засваргүй нь арван сараар 450000 төгрөгөөр төлбөрөө авдаг юм байна. Гадаад оюутны байр тусдаа байх ба үнийн хувьд бага зэрэг илүү байх хэмээн оюутнууд хэлж байв.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ӨСӨЛТИЙГ ИНФЛЯЦИЙН ТҮВШНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ ГЭВ

2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр өмнөх оноос дунджаар 10-15 хувь өссөн. Иймд энэ хичээлийн жилд төлбөрийн дундаж өсөлтийг инфляцийн түвшнээс хэтрүүлэхгүй байх чиглэл өглөө. Сургалтын төлбөрийн нэг кредит цагийн үнэлгээ 51500-120800 төгрөгт хэлбэлзэж байна. Төрийн өмчит их, дээд сургуулиудын жилийн төлбөр 1650000-3624000 төгрөгийн хооронд байгаа хэмээн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

ОЮУТНЫ ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ БОЛОН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛД ХАМРАГДАХ БОЛОМЖ

Жил бүр оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон зээлд хэрхэн хамрагдах талаар сонирхдог. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн дарга М.Ариунжаргалаас тодрууллаа.


-Одоо хэрэгжиж буй оюутны хөгжлийн зээл болон хөнгөлөлттэй зээл нь юугаараа ялгаатай вэ?

-Өмнө нь оюутнууд банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан бол 2018 оноос эхэлж хүүгүй, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр Боловсролын зээлийн сангаас санхүүжилтийг шууд олгож байна.

-Оюутны хөгжлийн зээлд ямар суралцагчид хамрагдах боломжтой вэ?

-Бакалаврын түвшинд элсэн орж байгаа элсэгчийн хувьд ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш, суралцагч бол 2,8 буюу түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээл авч болно.

-Оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

-Оюутнууд сургуулийн сургалтын албанд зээл авах хүсэлтээ гаргана. Зээлийн хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

•Иргэний үнэмлэхийн хуулбар

•Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл

•ЭЕШ-ын онооны хуулбар /Магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэн орж байгаа бол дипломын хуулбар/

•Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

•Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь

•Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт

•Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ

-Сургалтын төлбөрийн хэдэн хувийг оюутны хөгжлийн зээлээр төлөх боломжтой вэ?

-Сургалтын төлбөрийн хэмжээгээр 100 хувь олгож байгаа. Оюутны тухайн улиралд сонгосон багц цаг /кредит/-ийн төлбөрийг бүтнээр олгодог.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН БАРЬЦАА БОЛОХ ДИПЛОМЫГ ЧӨЛӨӨЛНӨ

-Засгийн газраас Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа иргэдийн зээлийн барьцаа болох дипломыг чөлөөлөх талаар чиглэл өгсөн гэсэн үү?

-2012 оноос Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд хэрэгжиж эхэлснээр Улсын Их Хурлаас зээлээс хөнгөлөх, чөлөөлөх журам баталж түүний дагуу иргэдийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх хуулийн зохицуулалттай болсон. Үүний дагуу БСШУСЯ-наас уг журмыг төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

-Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй дипломын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Боловсролын зээлийн сан /хуучнаар Сургалтын төрийн сан/ 1993 онд байгуулагдсан цагаасаа хойш хагас өнчин, малчин өрхийн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэх мэт төлбөрийн боломж багатай иргэдэд дээд боловсролд эзэмшихэд дэмжлэг үзүүлж сургалтын төлбөрийн зээл олгосоор ирсэн. Уг зээлийг авсан иргэн нь сургуулиа төгсөөд дипломоо Боловсролын зээлийн санд барьцаа болгон үлдээдэг байсан.

-Сургалтын төлбөрийн зээлийг өмнө нь чөлөөлж байсан уу?

-Өмнө нь “Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2004 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 23038 оюутны 8.2 тэрбум төгрөг “Зарим хүмүүсийг Боловсролын зээлийн сангийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоолоор 2982 оюутны 2,9 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлсөн.

Өнөөгийн байдлаар Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй иргэдийн 16 тэрбум төгрөгийн диплом байна.

Г.НЯМДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *