Categories
гадаад мэдээ

​Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон огцрохоо мэдэгджээ DNN.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Консерватив намын тэргүүн болон Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоо мэдэгджээ. Гэвч нам нь шинэ тэргүүнээ сонготол тэрээр түр хугацаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм байна.

Жонсон 2020-2021 онд тус улсад хатуу хөл хорио тогтоосон үед Даунинг стритэд болсон үдэшлэгт оролцсон нь ил болсон юм. Харин энэ зургаадугаар сард болсон түүнд итгэл үзүүлэх тухай санал асуулгад тэрээр ялж, албан тушаалдаа үлдсэн.

Огцрохоор болсон тухайгаа мэдэгдэхдээ тэрээр өөрийг нь дэмждэг хүмүүст талархлаа илэрхийлж, дэлхийн хамгийн сайхан ажлаа орхиж байгаад сэтгэл дундуур үлдэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Украины ард түмэнд хандан түүнийг огцорсон ч танхим нь тус улсыг дэмжсээр байх болно гэв.

Их Британийн засгийн газарт Ерөнхий сайдад итгэх итгэлтэй холбоотой ноцтой хямрал хэдэн сарын турш үргэлжилж, энэ долоо хоногт дээд цэгтээ хүрсэн. Сүүлийн өдрүүдэд Жонсоны хамгийн ойрын дэмжигчид болох Риши Сунак, Эрүүл мэндийн сайд Сажид Жавид зэрэг 50 гаруй сайд, яамны өндөр албан тушаалтнууд ажлаа өгсөн байна. Дотоод хэргийн сайд Прити Пател, Тээврийн сайд Грант Шаппс нар мөн Ерөнхий сайдыг огцрохыг уриалсан билээ.

Эх сурвалж: ВВС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *