Categories
гадаад мэдээ

Иж бүрэн стратегийн түншлэл бүхий гурван хөрш хаана, юу хийгээд явнам бэ

Саяхан л олон улсад манайхыг ардчилсан, хоёр хөршийг маань авторитар улс гэцгээж байв. Гэтэл сүүлийн тавхан жилд байдал орвонгоороо эргэнэ гээч нь боллоо.

Манай урд хөрш гэж нэг “цусутай нь ч цусутай” улс байна аа. Ардчилагчид болон коммунистуудын ганц ярьдаг зүйл нь эцсийн эцэст иргэдээ сайн сайхан амьдруулах. Гэтэл орь ганц коммунист намтай гэж шүүмжлэлийн бай болдог урд хөрш маань ардчилагчид бидний 30 жил хийж чадаагүй иргэдээ сайн сайхан амьдруулах хамгийн чухал зорилгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлчихээд сууж байна. БНХАУ өнгөрсөн 40 жилд 800 орчим сая иргэн, сүүлийн найман жилд улсаасаа 1.6 их наяд орчим юань/246 тэрбум ам.доллар/ зарцуулж 100 сая иргэнээ ажилтай орлоготой болгож ядуурлыг үндсэндээ арилгаж дуусаад байна.Урд хөрш маш богино хугацаанд дэлхийн баялаг бүтээгч “аман хүзүү” улс болж чадсан бөгөөд удахгүй түрүүнд нь гарахаар 1.4 тэрбум хүн коммунистуудаар удирдуулан чармайн ажиллаж байна. Өнөөдөр урд хөршийн коммунистууд бүр яаж байна гээч. Тосгон, гацаа болгонд ард иргэдийг цуглуулан тэднийхээ саналыг авч тэдэнд хэрэгтэй зүйлийг төлөвлөн, хэрэгжүүлж, бүтээн байгуулж байна. Бүр нарийн мэргэшлийн хүмүүсээр хийх гэж буй зүйлийнхээ ач холбогдлыг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлууж иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг маш энгийн аргаар байнга дээшлүүлж байна. Өөрөөр хэлбэл, бидний яриад байдаг нөгөө “Зөвшилцөх ардчилал”-ыг чинь жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Иймээс урд хөршийг ардчилсан улс гэх үү, ер нь ямар улс гэх вэ гэдгийг яг зөв олоод хэлчих хүн олон улс судлаачид дунд үнэндээ байхгүй болчихов. Яадаг ч байсан авторитар улс бол биш. Ямар “Авторитар улсыг хар даа. Ийм сайхан байна” гэлтэй биш дээ. Өнөөдөр энэ сэдвийг хөндвөл олон улсад жинхэнэ дуусшгүй маргаан гэгч нь үүсэх байх. Гэхдээ урд хөршийн амжилтын үндэс нь авилгыг жинхэнэ утгаар нь арилгаж чадсан явдал гэдэгтэй бол харин маргах хүн гарахгүй.

Монголчууд ч бас зүгээр суусангүй. Байгалийн баялгийг төрийн өмч гээд хуульчилхаар төрд байгаа хэдхэн гэр бүл баяжиж баян, ядуугийн ялгаа хэтэрдэг юм байна гэдгийг ясандаа тултал ойлгосон учраас Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж “Байгалийн баялгийг төрөөс гадна нийтийн өмч” болгов. Дагаж гарах хуулиудыг ч энэ өөрчлөлтдөө тохируулж баталж чадав. Өөрөөр хэлбэл, байгаа байгалийн баялгаа яаж ашиглаж амьдралаа дээшлүүлэхийг сайд, дарга нар бус орон нутгийн иргэд мэддэг болгон хуульчилсан хэрэг. Энэ бол үнэхээр гайхамшиг. Учир нь монголчууд Үндсэн хуульдаа иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн эрх чөлөө олгох “хос багана” бүхий төгс ардчилал бий болгох өөрчлөлт хийсэн гэсэн үг. Иргэдийн эдийн засгийн ардчилал гэдэг нь төр иргэдэд бэлэн халамж үзүүлэхээс аль болох татгалзаж, байгалийн баялгийн орлогоор эцсийн бүтээгдэхүүн экспортлогч жижиг, дунд орчин үеийн үйлдвэрүүдийн хувьцааг бүх хүн ил тодоор тэгш, эзэмшин баялаг бүтээгчид болох явдал юм. Ингэснээр иргэдийнхээ тархинд зохиомлоор бий болгосон “Яаж орон байртай болох вэ, яаж дэлхийн тэргүүний их сургуулийн төлбөрөө төлөх вэ, яаж өндөр үнэ бүхий чанартай эмнэлгийн тусламж авах вэ” гэх “хорт хавдар”-ыг авч хаях боломж бий болсон гэсэн үг. Харин ардчиллыг төгөлдөржүүлнэ гэдэг нь үнэндээ урд хөрштэй адил авилгалтай тэмцэх явдал юм байна гэдэг нь бидэнд өдөр өдрөөр улам тодорхой болж байна. Иймээс маш товчоор урд хөрш болон монголчууд өнөөдөр нэг зоосны хоёр тал болчихсон гэсэн үг. Энэ хоёр улс бие биенээсээ суралцах зүйл маш их байгаа төдийгүй цаашид ч бие биенээсээ суралцах зүйл улам ихсэх учраас иж бүрэн стратегийн түншлэлтэй байгаа нь тун ч сайн хэрэг. Учир нь энэ хоёр улсын туршлага ардчилсан төдийгүй ардчилалгүй улсуудад ч маш их тус болох нь дамжиггүй юм.

Хойд хөршийн маань удирдагч төр, засагт байгаа хүмүүсийн цөөн гэр бүл хэт баяждаг казах Н.Назарбаевын “тэргүүн туршлага”-ыг бүтээлчээр авч хэрэгжүүлэв. Харин хариуд нь олон жил “Аугаа ард түмэн” гэсэн сэтгэлээр амиа зогоож ирсэн иргэддээ ОХУ тэргүүтэй Украин, Беларусь, Казахстан, болж өгвөл зарим Кавказын нурууны улсуудыг нэгтгэсэн шинэ ЗХУ бий болгон нөлөөллийн бүстэй нь үлдээж оросын түүхэнд сайнаар дурдагдан үлдэх гэсэн хүсэл нь техникийн дэвшил болох цахим сүлжээ гэх “золиг”-оос болж бүтэлгүйтэх тийшээгээ бүрэн хандав. Ядаж байхад Украиныг алдахгүй гэсэн оролдлого нь ардчилал, эсвэл дарангуйлал ялах уу гэсэн дэлхий нийтийн асуудал болж хувирав.

Хойд хөршийн удирдлага өөрсдийгөө шүүмжилсэн болгоныг шүүхээр оруулахгүй бас ямар ч давж заалдах эрхгүйгээр ганц прокурорын шийдвэрээр “гадны төлөөлөгч” болгон зарлаж бас шоронд хийж бүр болохгүй байгааг “няхах” болсон нь энэ улсыг авторитар бус тоталитар улс болгон ухраагаад байна. Гэхдээ “Болгож чаддаггүй хүн л гэж байдаг болохоос болохгүй зүйл гэж байдаггүй” гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин стратегийн түншлэл бүхий хоёр хөршийнхөө одоогоор хийж чадаагүй байгаа ганц зүйл болох гадагш зарж буй нефть, хийн 49%-ийг ард иргэддээ шударгаар хуваарилан хувьцаа болгон өгөх явдал. Дараа нь шударга, ил тод сонгууль явуулчих. Мэдээж В.Путин ялж таарна. Дараа нь ард иргэдтэйгээ нийлж авлигад алдаж байгаа мөнгөөрөө аж үйлдвэрээ босгочих. Тэгээд барууны улсуудтай аль нь ардчилсан улс вэ гэдэг хэлэлцүүлэг хийвэл В.Путин Оросын төдийгүй дэлхийн түүхэнд сайнаар тэмдэглэгдэн үлдэх болон иж бүрэн стратегийн түншлэл бүхий гурван хөрш хаагуур, хаана, юу хийгээд яваа нь дэлхий нийтэд ил тод болно.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *