Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай бороотой, сэрүүхэн байх аж. Тухайлбал, долдугаар сарын 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай, бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх аж. Долдугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр түр зуурын, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
БAРУУН АЙМГУУДАД САРЫН СҮҮЛЭЭР ДУЛААРНА
Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Увсын хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Баян-Өлгий, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Ховд болон Увсын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР СЭРҮҮХЭН БАЙНА
Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу Хөвсгөлийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 30-35 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР 36 ХЭМ ХҮРЧ ДУЛААРНА
Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхний хагасын зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Сүхбаатарын өмнөд, Дорнодын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага бороо орох төлөвтэй байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР САРЫН СҮҮЛЭЭР СЭРҮҮСНЭ
Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байх аж. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Өмнөговийн баруун, Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.