Categories
мэдээ нийгэм

“ICT EXPO-2017” үзэсгэлэнгийн шилдэг шийдэл

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгчид оролцдог “ICT EXPO 2017′ үзэсгэлэн 11 дэх удаагаа “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс гурван өдрийн турш Монгол Улсын төв цэг болох Жанжин Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тус үзэсгэлэнгээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд орчин үеийн техник технологийн дэвшил, шийдэл болон өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулан оролцдог билээ. Үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан үйлчилгээнүүдээс “Үндэсний дата төв” УТҮГ-ын монгол инженерүүдийн хөгжүүлсэн, шинэ систем болох “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийг онцгойлон сонгож, түүний талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

“Үндэсний дата төв” УТҮГ нь тус арга хэмжээнд 2010 оноос хойш тасралтгүй оролцож ирсэн билээ. Тус байгууллага нь бидний цаг завыг хэмнэсэн, хамгийн сайшаалтай үйлчилгээ болох Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/-ны ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладгийг та бүхэн мэдэх билээ.

Тэгвэл тус газраас 2017 онд техник технологийн дэвшилтэд шийдэл бүхий “ХУР” нэртэй төрийн мэдээлэл солилцооны системийг танилцуулсан байна. ХУР гэдэг нь хурах, цуглах гэдэг үгийн үндэс бөгөөд цугласан, хурсан их хэмжээний мэдээллийг харилцан солилцох системийн илэрхийлэл юм байна. Тус систем нь “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем дээр тулгуурласан “Төрийн цахим үйлчилгээний портал”, “Төрийн цахим үйлчилгээний платформ” гэсэн системүүдээс бүрдэж байна.

“ХУР” систем үйлчилгээнд нэвтэрснээр:

  • Төрөөс иргэд болон аж, ахуй нэгжид үзүүлэх бүх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
  • Иргэн та интернетэд холбогдон гэрээсээ, ажлаасаа хаанаас ч төрийн үйлчилгээг хүссэн цагтаа түргэн, шуурхай, дараалалгүй авах боломж бүрдэнэ.
  • Та бид нэг үйлчилгээ авахын тулд олон төрлийн баримт бичиг цуглуулах шаардлагагүй болно.
  • Өөрийн авч буй үйлчилгээний түүх болон явцыг хянах боломжтой болно.
  • Иргэн та өөрийн мэдээллийг бүрэн хянах боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Энэхүү үйлчилгээ бүрэн нэвтэрснээр тухайлбал арилжааны банкинд үйлчилгээ авахдаа бүрдүүлж өгдөг материалууд болох хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийн талаарх мэдээллийг тухайн банкны ажилтан иргэн таны зөвшөөрлийн дагуу иргэний цахим үнэмлэх эсвэл хурууны хээгээр дамжуулан тусгай системд нэвтрэн харах боломж бүрдэх юм.

Ийнхүү төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, хэрэглэгч бидэнд хялбаршуулсан үйлчилгээг нэвтрүүлж буй уг систем нь “ICT EXPO-2017” үзэсгэлэнгийн “Шилдэг шийдэл” номинацад тэргүүн байр хүртсэн байна.

Тун удахгүй өөрт хэрэгтэй хур их мэдээллийг та, бид “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломж бүрдэх нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *