Categories
мэдээ нийгэм

И Жон Жэ: Зүрхний цоорлыг эрт илрүүлж, хагалгаанд оруулах шаардлагатай

Энэ онд “Мирал Шимжан” сангийн Монгол хүүхдүүдэд хагалгаа, эмчилгээ хийж эхэлсний 14 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг сан нь өнгөрсөн жил 30 жилийн ойгоо тэмдэглэжээ. Дэлхийн 20 гаруй орны хүүхдүүдэд зүрхний цоорлын хагалгааг хийж, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг юм. Нэг хүүхдийн хагалгаа эмчилгээний төлбөр 25-150 сая вон болдог ажээ. Өвчтэй хүүхдүүдийн ар гэрээс мөнгө гаргадаггүй. Бүх зардлыг тус сангаас гаргаж, Солонгос улсад хагалгааг хийдэг байна. Монголд анх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан зүрхний цооролтой хүүхдүүдтэй холбогдон эмчилгээ, хагалгааг хийдэг байжээ. Харин одоо хүмүүс мэддэг болоод өөрсдөө зорьж ирдэг болсон гэнэ. “Мирал Шимжан” зүрхний сангийн төлөөлөгч И Жон Жэ ярихдаа “Бид Монголд анх нэгээс эхэлж байлаа. Энэ тоо жил бүр нэмэгдэж байна. Одоо нэг удаадаа хагалгаанд орох шаардлагатай таван хүүхдийг авч явдаг болсон. Зүрхний цоорол өвчин нь эхийг жирэмсэн байхад айлгах цочоох, байгал орчны бохирдол, агаарын бохирдол, эм тарианы буруу хэрэглээ, архи тамхины зохисгүй хэрэглээнээс үүддэг өвчин. Зүрхний цооролтой хүүхдийг эрт илрүүлж, хугацаа алдахгүй хагалгаанд оруулахгүй бол хагалгаа хийгээд ч нэмэргүй болдог. Тиймээс хугацаа алдахгүй байх нь чухал. Энэ хугацаанд бид 350 гаруй хүүхдэд хагалгаа хийлгэсэн байна. Сайн санаат Солонгос хүмүүс манай санд хандив өргөдөг. Тэр хандивын мөнгөөр бид дэлхийн 20 гаруй орны хүүхдийн зүрхний цоорлын эсрэг тэмцдэг. Цаашид бид Монголын 18 аймгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хөдөө орон нутгийн зүрхний цооролтой хүүхдүүдэд хагалгаа, эмчилгээ хийлгэхээр ажиллаж байгаа. Увс, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудын хүүхдүүдэд хагалгаа хийлгээд байгаа” гэв.

Сангийн ойн баярын арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх юм. Хагалгаанд орж байсан хүүхдүүддээ урилга тараан хүлээн авч, тэдний биеийн байдал амьдрал, боловсрол ямар байгаад байнга анхаарал тавьж ажилладаг. 2011 онд хагалгаанд орсон Ч.Танхилууны ээж Н.Дугармаа “Миний охин 2011 онд хагалгаанд орсон. Анх Эх нялхасын зүрхний тасгийн эрхлэгч Болормаагаар дамжуулан “Мирал Шимжан” сангийнхантай холбогдсон. Бүх зардал мөнгийг сангаас гаргаад охинд минь хагалгаа хийсэн. Охин минь тэр үед 2 ой 9 сартай байсан. Одоо тэр үеэ санахгүй байх. Төрөөд л долоо хоноод хяналтад орж байнга эм уудаг байсан. Үеийнхнээсээ жижиг биетэй, том толгойтой, туранхай хүүхэд байлаа. Харин хагалгаа хийлгээд Монголд ирээд одоо үеийнхнээсээ ялгагдхааргүй. Мах иддэггүй хүүхэд хагалгаанд ороод хэдхэн хоноод махаа идье гээд нэхэж байсан. Хагалгааны дараа зовиур гээд байх зүйл бараг байхгүй. Гарч ирээд хэдхэн цагийн дараа босоод суучихсан. Хэдхэн хоногийн өмнө сангийн төлөөлөгчид манайд ирээд явсан. Охиныг минь сайн сураарай. Сайн сураад сургуулиа төгссөний дараа сангийнхаа тэтгэлгээр Солонгост сурч болно. Байр хоол, халаасны мөнгө гээд бүгдийг сангаас даана гэсэн. Би охиноо сайн сураарай гээд л захиад байгаа. Сангийн нийт хамт олон, мөн Болормаа эмчдээ баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Миний охиныг дахиад жаахан л хугацаа алдсан бол хагалгаа хийгээд нэмэргүй байсан байна гэсэн. Охиныг минь эрүүл саруул болгож өгсөнд үнэхээр их баярлаж явдаг юм” гэлээ.

Монголд зүрхний цооролтой төрөх хүүхдүүдийн тоо жил бүр өссөөр байгаа. Тэр бүх хүүхдүүдийг эрүүл саруул, ээж аавтайгаа сайхан амьдраасай гэсэндээ энэ бүх ажлыг хийдгээ сангийн хамт олон хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *