Categories
булангууд мэдээ томилолт

Гурван улсын хил дээрх Эрээнцавын ХИЛ, ГААЛЬ

Түрүүч нь  123 (4763) дугаарт 

Монгол Улсын зүүн хойд хаалга болох гурван улсын хил дээрх Эрээнцавын хилийн боомт 08:00 цагт онгойно. Хилийн боомт нээгдэнгүүт 20 гаруй хүн Монголын хилээр нэвтэрч Оросын хилийн шугам даван одов. Тэд явганаар хил нэвтэрч цаашаа таксинд суун Боорз хот орох аж. Оросын хилийн шугам даван алхаж яваа хүмүүсийн араас харахад явж чадахгүй шахам паацганах ажээ. Арга ч үгүй биз, нэг нь л гэхэд таван футболка, гурван өмд, зургаан цамц, хоёр куртик давхарлаад өмсчихсөн явж байгаа юм чинь. Хил гаалийнхан тэднийг ямар нэгэн дарамт шахалт үзүүлэлгүй хилээр гаргадаг байна. “Амьдрах гэж яваа хүмүүсийг бид энд хоргоогоод яах вэ. Тэртэй тэргүй хойд хөрш рүү ороод л янз бүрийн дарамт шахалтад орох юм чинь” хэмээн ярьж байна. Харин Оросын хилийг нэвт¬рэх үгүй нь эргэлзээтэй. Хил гаалийнхан ууртай байж таарвал хар тамга даруулах зэрэг хатуухан арга хэмжээ авахуулаад л буцна гэсэн үг.

Чулуунхороот сум манай улсын цөөн хэдэн төмөр зам, хилийн боомттой сумдын нэг. Улсын хил дээр байдаг болохоор нутгийн иргэд хойд хөрш рүү цагаан хуудсаар нэвтрэх боломжтой аж. Гадаад паспорт дээрээ виз даруулах асуудлыг цагаан хуудсаар шийдээд өгчихсөн болохоор үүнийгээ ашиглан жижиглэнгийн наймаа хийдэг байна. Урд хөршөөс бараа татаад түүнийгээ хойд хөршийн хил давуулан дамлан наймаалдаг 200 орчим хүн бий. Гэхдээ наймаа хийдэг иргэдийн ихэнх нь аймаг, сум, хотоос Чулуунхороот суманд шилжин ирсэн байдаг гэсэн. Чулуунхороот суманд шилжин ирэх шалтгаан нь цагаан хуудсыг нь ашиглаж, наймаа хийх зорилготой. Гэвч наймаачдад толгой өвтгөсөн асуудал мунддаггүй гэх. Цагаан хуудсаараа хилээс зуун километр зайд л явах эрхтэй. Хэрэв зуун километр газраас цааш хэтэрвэл ойрын таван жилдээ энэ улс руу зүглэх эрхгүй болно. Мөн Оросын гааль дээр Монголоос албан ёсоор хятад хувцас, бараа таваар оруулахыг хорьчихсон байна. Ямар учраас ийм хориг саад тавьсныг хил гаалийнхан огт хэлдэггүй байна. “Москвагаас л ийм шийдвэр ирсэн” гээд л сууж байдаг гэсэн. Монголоос албан ёсоор хувцас оруулахгүй болохоор наймаачид нууж хааж, давхарлаж өмсөөд хилээр гарч худалдаалдаг байна. 

Хилээр гаргаж чадах юм бол цаана байгаа Оросын иргэдэд хятад бараа шиг эрэлттэй, хэрэгцээтэй зүйл байхгүй гэнэ. Өндөр үнээр булаацалдаад л авдаг аж. Хамгийн гол нь  хойд хөршийн хил гаалиар хувцсаа гаргах нь чухал. Хэрэв хилээ саадгүй нэвтрэх юм бол нэг өмдийг анх худалдаж авсан үнээ хоёр дахин нугалдаг гэнэ. Урд хөршөөс 15 мянган төгрөгөөр авсан өмдөө оросуудад 45 мянган төгрөгөөр ху¬дал­даалах жишээний. Ийм ашигтай болохоор л манай­хан оросуудад хөөгдөн туугдаж, жижиг дээрмийн бүлэглэлүүдэд мөнгөө дээрэмдүүлсэн ч хашралгүй явдаг байна. Оросууд манай­хантай их дээрэнгүй өнгө аясаар харьцдаг болсон гэд­гийг хилээр гарч буй най­маачид хэлж байна. Хөөж туух, хараах зүхэх энүүхэнд гэнэ. Оросуудад салам зодуулаад улсынхаа хилээр орж ирсэн хүн ч цөөнгүй байдаг талаар наймаачид онцлон ярьж байна лээ. 

ЭРЭЭНЦАВД ХУДАЛДААНЫ ТӨВ БАРЬЧИХВАЛ ОРОСУУД НААШАА ИРЭХ СОНИРХОЛ БАЙНА

Эрээнцавын наймаачид 35 мянган хүн амтай Боорз хотод л хувцсаа худалдаалдаг гэнэ. Визтэй цөөн нөхөд сая гаруй хүн амтай Чита хотод очдог байна.  Хойд хөрш рүү наймаа хийдэг Г.Ганбаатар гэж өөрийгөө танилцуулсан залуутай хил гарах гэж байхад нь уулзаж, цөөн асуултад хариулт авлаа. 

-Та бүхэнд хүндрэлтэй асуудал олон байдаг юм байна. Энэ талаар холбогдох газруудад мэдэгдэж байсан уу? 

-Бид хэндээ мэдэгдэх юм бэ. Хойд хөршид явж байгаад асуудалд орлоо гэхэд сумынхаа Засаг даргад л хамгийн түрүүнд мэдэгддэг. Сумын Засаг дарга зохицуулж болох зүйл байвал бидэнд тусалдаг. Өөрөөр хүндрэл, бэрхшээлтэй зүйлсээ хэлэх хүн байхгүй шүү дээ. Бид чинь бор зүрхээрээ л яваа хүмүүс. Энд нэг зүйлсийг ярихгүй өнгөрч болохгүй байна. Манай улсын хил гаалийн ажилтнууд үнэндээ хилээр нэвтэрч байгаа иргэдэд соёлтой  үйлчилгээ үзүүлдгээрээ хөрш хоёр орноосоо ялгарч байна. Юм болгоныг л муу хэлээд байдаг. Манай хил гаалийнхан харин ч ажлаа сайн хийдэг юм. Хятадын хил гааль шалгалт ихтэй ч гайгүй үйлчилгээтэй. Хилээр олон нэвтэрсэн байвал маш хурдан нэвтрүүлдэг. Гэтэл ОХУ-ын хил гааль хамгийн их хүнд сурталтай. Тэр тусмаа манайханд бүр ч их дарамт шахалт үзүүлэх юм. Яагаад тэгээд байгааг ойлгохгүй байгаа. Машинтай явж байгаад замын дүрэм зөрчлөө гэдэг ч юм уу, оросуудтай үл ойлголцох байдал үүсгэх гэдэг ч юм уу жижигхэн асуудал гаргахад л хар тамга дарчих юм. Нэг гэдийчихвэл ёстой гэдийсэн шиг гэдийнэ. “Машиныхаа запас дугуйг та нар зарчихдаг биз дээ” гээд хилээр гаргахгүй байх жишээтэй. 

-Оросуудад манайхны барааг худалдаж авах эрэлт тийм их байдаг юм уу?

-Оросуудын цалин өндөр. Амьдралын боломж сайжирчихсан. Дээр нь их цамаан улсууд шүү дээ. Мөнгөтэй хүмүүс нь оймсыг нэг өдөр өмсөж, шинэ цамцыг хэдхэн өмсөөд л тайлаад шидчихдэг. Бас сүүлийн үеийн загварын хувцас их сонирхож байна. Тэднийг хэрэгцээнд зориулсан хувцас болон бусад хэрэглэлийг бид л хангаж өгч чадаж байна шүү дээ. Тийм болохоор бидний барааг үнэ цохиод л авчихдаг. 

-Хил гаалийн хүнд суртлаас гадна дээрмийн бүлэглэл их байдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Мафи ихтэй улс гэвэл Орос л байна. Танхай залуус ихтэй. Гудамжинд охид, хөвгүүд нь архи, пиво уугаад л зогсож байна. Жижиглэнгийн наймаа хийдэг биднийг дээрэмдэж тоноод байх нь бага. Гэхдээ жижиг гарын бүлэглэлүүд дээрэм хийдэг. Тэдэнтэй л таарчихгүй бол. Дөрөв хоногийн өмнө Боорз орчихоод ирлээ. Надаас бараа худалдаж авдаг нэг дэлгүүр байсан юм. Тэгсэн сая очсон шатчихсан байна. Бүлэглэлүүд нь хэсэг хэсгээрээ хувааж аваад худалдаа хийж байгаа хүмүүсээс татвар авдаг юм. Тэр дэлгүүр татвараа төлж чадаагүйгээс болоод шатаалгачихсан гэсэн. 

-Оросууд манай улс руу орж ирээд хэрэгцээт зүйлсээ худалдаад авах боломж байгаа юу?

-Уг нь оросууд манай улсад ирэх сонирхол их байдаг юм. Тэдэнд манай улсад нэвтрэхэд ямар ч асуудал байхгүй шүү дээ. Хоёр жилийн өмнөөс Эрээнцавын хилийн боомт дээр виз олгодог болчихсон. Хилийн цаана байгаа мянга гаруй буриад гарын үсгээ цуглуулаад манайханд энд виз олгодог болох талаар хандсан. Үүнийг нь жил гаруй өмнө Гадаад харилцааны сайд Л.Болд ирээд асуудлыг шийдээд өгчихсөн. Оросуудад Монголын хил гааль нээлттэй л байна шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Оросууд ч наашаа ирэх сонирхол байдаг. Даанч зам харгуй хөгжөөгүй болохоор наашаа зүглэхгүй байх шиг байна. Дорнод аймгийн төв хүртэл муу замаар олон цаг давхидаг юм. Тэгээд л ирэхгүй байна. Сумын захиргаа чөлөөт зах зээлийн бүс барихаар төлөвлөж байгаа гэсэн. Эрээнцав дээр чөлөөт бүсийн худалдаа нээгдэх юм бол Оросууд наашаа цувж өгнө дөө” гэв.

“ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГУУД ОРОСУУДТАЙ ЯРИЛЦАЖ БАЙГААД ЭНД ВИЗ ОЛГОДОГ БОЛЧИХООСОЙ”

Эрээнцавын хилийн боомт дээр сэтгүүлч ирсэн сургаар наймаачид ирж уулзалдах юм. Тэд “Цаад төр засгийн удирдлагууд оросуудтай ярилцаж байгаад энд виз олгодог болчих. Тэгвэл олон хүний амьдрал дээшлэх гээд байна гэдгийг сониноороо дамжуулж өгөөрэй” гэж гуйх ажээ. Энд бараа дардаг 200 орчим хүмүүст Оросын хил дээр виз олгодог болох нь юу юунаас илүү чухал гэсэн. 

Монголын наймаачид урд хөршөөс шууд Орос руу бараагаа ачдаг болжээ. Манжуураар дамжуулаад төмөр зам, хурдны замаар нь авчирдаг болсон байна. Хэрэв мөнгөтэй хэн нэгэн энд томоохон худалдааны төв барих юм бол энд байгаа хэдэн наймаачид хэдэн мянган оросыг нааш нь дагуулаад ирэх боломжтой гэнэ. Эрээнцавд худалдааны төв л  үгүйлэгдэж байна.  Хэрэв худалдааны төв барьчих юм бол урд хөршөөс хэрэгцээт барааг маш хурдан оруулаад ирэх боломжтой гэнэ. Гуанжоу мужаас бараа татаад түүнийгээ Эрээнцав дээр төвлөрүүлэх. Тэр барааг нь Чита мужийнхан орж ирээд худалдан авах том зах зээл энд харагдаж байна лээ. 

Өмнө нь Соловьевск хилийн боомтоор дамжин Эрээнцав руу оросууд байнга орж гардаг байсан гэнэ. Эрээнцавын хүүхдүүд хилийн торны доогуур шургаад тосгонд очдог. Эрээнцавынхан очиж оросуудтай найрладаг. Оросууд ч Чулуунхороот сум руу хамаатныдаа ирж байгаа юм шиг хил нэвтрэн орж ирдэг байжээ. Тэгсэн 1990 оноос хойш оросууд манай улсын хил рүү хамраа ч цухуйлгахаа байсан гэнэ. Зургаан жилийн өмнөөс л буриадууд хамаатнуудтайгаа уулзах гэж энэ боомтоор орж ирэх болжээ. Он гарсаар  Соловьевск хилийн боомтоор 20 гаруй орос орж ирсэн гэдгийг хил гаалийнхан хэлж байна. Зунаас агийн буриадууд олноор орж ирэх юм гэсэн. Оросууд наашаа орж ирэх хүсэл байдаг боловч эзгүй хээр талд юугаа ч хийж ирэх юм гэдэг байна. Эрээнцавын боомт дээр иймэрхүү сонин сайхан байна. Улсынхаа хилээр инээж гарсан иргэд Оросын хилээр уур омгоо барьж ядан цухалдаад л орж ирэх дүр төрх эндээс харагдана.

ГУРВАН УЛСЫН ХИЛИЙН ЗААГ ДЭЭР

Эрээнцавын хилийн боомт дээрээс гурван улсын хилийн зааг байх газар руу хөдөллөө. Боомтоос зүүн тийшээ хөндий дундуур машинтай давхисаар хилийн цэргийн ангийн застав дээр ирэв. Заставын даргаас зөвшөөрөл аваад, гурван хилийн зааг дээр очлоо. Өнжмөл шаргал өвс найгасан захгүй хөндий нутаг цэлийх ажээ. Гурван улсын хилийн 0 багана энд байна.1993 онд гурван улсын төлөөлөгчид нийлж байгаад гурван тулгуурт баганыг босгожээ. Орос улсын хил дээр цэргийн ангийн том майхан барьсан харагдана. Харин Хятадын хил дээр жижигхэн явуулын байшин байна. Өнгөрсөн жилээс эхлэн хоёр хөрш улс гурван улсын хилийн зааг газраа аялал жуулчлалын бүс болгох үүднээс тохижуулж эхэлжээ. Хятадын тал Монгол, Оросын хилд тулган төмөр хашаа бариад өнгөт хавтангаар талбай засчихсан байна. Мөн улсынхаа бэлгэ тэмдэг бүхий хөшөөг босгочихжээ. Монголын торноос ердөө нэг метр хүрэхгүй зайд тулгачихсан байна. Оросууд ч гэсэн аялал жуулчлалын бүс болгох гэж байгаа гэнэ. Талбай засаад хайрга асгачихжээ. Мөн хоёр ч хөшөө босгож байна лээ. Урд, хойд хөрш улсын хилийн шугам манай улс руу нэлээд цөмөрч орж ирсэн байгаа харагдсан. Хилийн цэргийн ахлагч залуу “Манай улс энэ орчмыг тохижуулчихвал их хэрэгтэй. Манай оронд гурван улсын хилийн зааг хоёрхон байдаг. Нэг нь Алтай таван богд уулан дээр байдаг болохоор хүн очих боломжгүй. Харин Чулуунхороот суманд байх гурван улсын хилийн шугам дээр хүмүүс ирэх боломж байна. Хөрш улсууд тохижуулаад байхад манайхан таг чиг байна” гэж ярьж байв. Хятадууд хилийн цаахна өндөр цамхаг босгочихсон байна лээ. Цамхаг дээр нь  камер ажилладаг гэсэн. Биднийг гурван улсын хилийн зааг дээр ирэх үед Хятадын цэргүүд хилээ эргэж байв. Хятадын хилийн цэргийнхэн хайчинд явахдаа жийп машин унадаг бол  оросууд мотоцикль, машинаар хилээ эргэдэг болжээ. 

Хилийн торноос урагшаа Хятад улсын нутаг зурайн харагдана. Хятадууд гурван улсын хилийн зааг бүхий газраас холгүйхэн толгодын цаана тосгон барьж байгаа аж. Урд хөршийнхөн иргэдээ хилийн торонд тулгаж амьдруулдаг болжээ. Харин оросууд манай улс хоёр огт хөдөлгөөн хийлгүй олон жилийн нүүр үзэж байгааг Чулуунхороот сумын Засаг даргын орлогч хэлж байсан. Энд ойрын хэдэн жил хилийн элдэв зөрчил гаралгүй, амгалан тайван байгаа гэнэ. Манай талаас малчид хилийн зурвасаас хол байдаг болохоор мал уруудаж хил давна гэсэн ойлголт байхгүй гэнэ. Хятадын тал  ч нам гүм байдаг аж. Харин Оросоос жил бүрийн хавар, намар түймэр орж ирдэг ч энэ хавар гараагүй гэнэ.  

Ийнхүү гурван улсыг холбосон зааг дээрээс Чулуунхороот сумын төв рүү хөдөллөө. 1600 хүн амтай энэ сумын амьдрал хэрхэн өрнөж байдаг юм бол.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. 

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *