Categories
мэдээ нийгэм

“Гурван сая хүн амтай улсын хувьд ослын тоо өндөр байна” гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Д.Ганбат сайд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхээр хийж буй ажлууд, бодлогын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал НҮБ-аас 2011-2020 оны “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 146 дугаар тогтоол баталж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан ажиллажээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулан үзвэл бүртгэгдсэн осол 7,3 хувь, гэмтсэн хүний тоо 19,4 хувь, нас барсан хүний тоо 20,6 хувь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6 хувь, нийт зөрчлийн хэмжээ 20,2 хувь тус тус буурчээ. Судлаачдын үзэж байгаагаар хууль хэрэгжих явцад зам тээврийн осол огцом буурдаг зүй тогтолтой бөгөөд хууль, дүрэм, журмыг жигд шаардахгүй, боловсронгуй болгохгүй, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахгүй бол буцаж өсөх хандлагатай юм байна.

Тусгай элч Жан Тодт “Тоо баримтаас харахад осол зөрчил, нас баралтын үзүүлэлт өмнөх онуудын үзүүлэлтээс буурч байгаа хэдий ч гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд сэтгэл түгшээсэн өндөр тоо харагдаж байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газрын түвшинд томоохон зорилт дэвшүүлж, шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй. Ялангуяа иргэд, зорчигчдод чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Боловсролын салбарт тусгай хөтөлбөр бий болгох зэрэг олон арга зам бий. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, норм стандартыг хангуулж, буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” хэмээн өөрийн судалгаа, туршлагаасаа хуваалцлаа.

Мөн тэрээр НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдолтой суурь конвенциудад нэгдэн ороход НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэж ЗТХЯ-нээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *