Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Э.Хатанболд гэх айлын ууган охин болон мэндэлсэн билээ. Эх дэлхийд мэндлээд удаагүй гурван сая дахь иргэний ээж Г.Аззаяатай утсаар холбогдлоо.
-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрүүлсэнд баяр хүргэе. Эх хүүхдийн биеийн байдал сайн уу?
-Баярлалаа. Бид хоёрын бие сайн байна. Эмнэлгээс гараад хоёр хонож байна.
-Охиндоо нэр өгч амжсан уу?
-Охиноо Х.Сэлэнгэ гэж нэрлэсэн. Будаанд хийж байгаад л сугалсан. Энэ нэр гарч ирсэн.
-Та одоо хэдтэй билээ. Та хоёр аль нутгийнх вэ. Ямар ажил эрхэлдэг вэ?
-Бид хоёр Даланзадгад хотын иргэд. Нөхөр маань хувиараа ажил хийдэг. Би 1992 онд төрсөн.
-Таны анхны төрөлт үү?
-Тийм ээ. 3-4 цаг л өвдсөн байх. Ямар нэг хүндрэл өгөөгүй. Өөрөөрөө төрсөн.
-Аймгийн чинь удирдлагууд гурван сая дахь иргэнд олгох урамшууллын талаар амласан зүйл байна уу?
-Одоогоор тийм зүйл байхгүй байна.
-Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг ерөөе.