Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар эмнэлэг дэх өнгөт өдөр

П.Н.Шастины нэрэмжит гурав­дугаар эмнэлгийн хурлын танхимд өнгөт
өдөр болов. Энд хэвтэн эмчлүүлж буй 40 өвчтөн зургийн хичээл хийлээ. Өнгө будгаар
ялгаж будах ажлыг хүмүүс хичээнгүйлэн гүйцэтгэв. Учир нь тэдний зураг эмнэлгийн
ханыг чимэх учиртай. Энэхүү “Өнгөт өдөр”-ийг АНУ-ын “Хоспитал арт” сан, Монголын
Урлагийн зөвлөл хамтран санаачилжээ. Эндхийн эмчлүүлэгчид “Өнгөт өдөр”-ийн гол дүр.
Танхимын хаалгаар ормогц П.Дуламсүрэн гуайн уран бүтээл нүдэнд тусав. Тэрбээр их
л эв дүйтэй, цэвэрхэн ажиллаж байлаа. “Өмнө нь зураг зурж байгаагүй. Харин хатгамал
их оёдог. Амьтны дүрс их хатгаж оёдог байсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жолооч хүн.
1957 онд 18 насандаа жолооч болсон. Залуудаа ачааны тэрэгний жолоо мушгиж, хожим
нь так­синд “гүйжээ”.  Өдгөө зүрхний тасагт
хэвтэн эмчлүүлж байна. “Бие их сайжирсан, өвчин намдаж сайхан боллоо. Аръяа­сүрэн
эмчдээ, эмч суви­лагч нартаа баярласнаа илэрхийлж, олон түмнийг эм­чилж эдгэрүүлэх
ажилд нь амжилт хүсье” гэж эмээ хэлсэн юм. Тэрбээр  78 настай ч сайн зураач байлаа.

“Хоспитал арт” сангийн захирал Скотт Фейт биднийг инээмсэглэн угтав.
“Эмнэлгийн хоосон хананууд бидний ажлын үр дүнд өнгөлөг болно” гэж тэр хэлсэн юм.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ихэнхдээ өвчнөө л боддог. Харин урлаг тэднийг болон
эмч ажилтнуудыг сэргээж, урам зориг өгдөг. Бидний зорилго дэлхийн эмнэлэг бүрийн
хананд эвлүүлсэн зургаа байрлуулах” гэж Скотт ярив.

Өвчтөнүүд уран бүтээлээ дуусгаад, өөр өөрийн хэсгээ эвлүүлэхэд эрээн
мяраан дүрсүүд амьтны дүрс, мод, цэцэг болон амиллаа. “Зураг зурах дургүй хүн байж
болно. Гэсэн ч тэд хүүхэд насандаа очсон мэт мэдрэмж авна. Сэтгэл өөдрөг болдог.
Хүн нэг дор хоёр юм бодож чадахгүй. Зурангаа өвчнөө мартдаг” гэж Скотт хэлсэн юм.
Хожим тэд хийсэн уран бүтээлээ харж баясах болно. Эмнэлгийн ханан дахь зургууд эмч,
ажилтнуудад ч таатай мэдрэмж төрүүлнэ.   Ийнхүү
эмчлүүлэгчид урлагаар дамжуулж сэтгэл зүйн засал хийлгэлээ.

“Хоспитал арт” сангийн түүх жаахан охиноос эхлэлтэй. Скотт Фейтийн
аав зураач биш ч зураг зурах дуртай хүн байжээ. Тэрбээр нэг удаа эмнэлгийн хананд
зураг зурж, өвчтөнүүдэд бэлэг барихаар шийджээ. Гэтэл жаахан охин дэргэд нь ирээд
“Би зурж болох уу” гэжээ. Дараа нь түүний аав, ээж, хамаатан садан, эмнэлгийн эмч,
сувилагчид зурах ажилд татагдан оржээ. Эндээс л “Хоспитал арт” сангийн санаа төрсөн
гэнэ. Скотт Фейт өөрөө уран бүтээлч хүн. Сангийн ажлыг залгамжлах нь эцгийн хүсэл
байсан уу, өөрөө сонголт хийв үү хэмээн сонирхоход “Би багаасаа зурах дуртай байсан.
Аавын маань хийсэн ажил миний зүрхэнд хүрсэн учраас энэ ажлыг залгамжилж авсан”
гэлээ. “Хоспитал арт”-ынхан 1984 оноос хойш дэлхийн 195 орны  4000 гаруй эмнэлэгт хүрч очсон аж. “Би баян хүн
биш. Манай санд цалин авдаг хүн олон биш. Бид дэлхийн хаана ч очсон сайн дурынхны
дэмжлэгтэйгээр ажилладаг” гэж энэ залуу ярьсан юм.

Энд зураг зурж суусан У.Эрдэнэ-Очир хичээнгүй зураачдын нэг. Төмөрлөгийн
үйлдвэрийн инженер тэрбээр “Зураг зурж байгаагүй, хүүхэд байхдаа л зурж байсан байлгүй”
гэнэ. “Гэхдээ маш зөв юм байна. Салж чадахгүй, цаг гаруй сууж байна” гэж тэр хуучлав.
Хүн бүр л сайн зурж байна. Хараад байхад будаг нь усан будаг шиг урсдаггүй, онцгой
эв дүй шаардахгүй, хичээл зүтгэлтэй байхад л сайхан зураг амилахаар юм билээ. Урлагаар
анагаах эмчилгээний хэлбэр Монголд ийнхүү “импортлогдлоо”.

 Эмнэлэг дэх өнгөт өдөр  харин хананд үлдэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *