Улсын гуравдугаар төв эмнэлэгт өчигдөр Олон улсын эпилепсийн өдөрт зориулсан “Эмч, өвчтөн, гэр бүл уулзалт” боллоо. Уг уулзалтыг Монголын неврологийн нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулжээ.
Монголын неврологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Сарангэрэл, “Эпимон“ мэдрэлийн эмнэлэгийн их эмч М.Үүрийнтуяа, “Альфа долгион” эмнэлэгийн эмч, эпилепси судлаач, доктор Д.Баярмаа нар энд ирсэн өвчтөн, ар гэрийнхний асуултанд хариулж, зөвлөгөө өгсөн юм. Унаж татдаг хүүхэдтэй ээжүүд их ирсэн байлаа. Нэг ээж ярихдаа “Дөрвөн настай охин маань унаж татах нь багассан ч оюун ухааны хөгжил сул байна. Яаж хүүхдээ хөгжүүлэх вэ, цэцэрлэг авахгүй байна” гэлээ. Д.Баярмаа эмч хариулахдаа “Зөвхөн цэцэрлэг, сургууль эмнэлэгт найдах хэрэггүй. Эцэг эхчүүд өөрсдөө мэдээлэлтэй болж, хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй. Оюуны чадамжийг хамгийн түрүүн ээж, аав хөгжүүлнэ” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо энэ чиглэлээр идэвхитэй ажилладаг байна. Тэд Хан-Уул дүүргийн Оргил хотхонд Хүүхэд хөгжүүлэх төв ажиллуулдаг. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношилж, шаардлагатай бол хүүхдийг ганцаарчилсан болон бүлгийн сургалтад хамруулдаг гэнэ. Долоо хоног, сар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт хийдэг. Үүнд хамрагдвал хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэгтэй болох юм байна. Зөвхөн хүүхэд насанд тохиолддог уналт таталт ч байдаг ажээ. Том болохоороо тэр нь аяндаа зүгээр болдог гэлээ. Харин хүнд хэлбэрийн эпилепситэй хүүхдийн хувьд хэл яриа,оюуны хөгжил хоцрогдож эхэлдэг. Тархины цахилгаан бичлэгээр эпилепсийг оношилдог тухай энд яригдсан.
Манайхан өвчтэй юм хөөрхий гээд хүүхдээ хэт эрхлүүлчихдэг. Хайрлах хэрэгтэй, харин хэт эрхлүүлэх хэрэггүй гэнэ. Уршиг нь хүүхэд эцэг, эхээ сонсохоо больчихдог гэлээ. Эпилепситэй залуу ярихдаа “Бага байхад ээж маань их эрхлүүлдэг. Би их уур уцаартай, уурлахаараа уначихдаг байсан. Том болоод үүнийг ойлгож, өөрийгөө хянаж сурсан. Тийм учраас ээж, аав нар хүүхдээ хэт эрхлүүлэх хэрэггүй, үг даадаг болгож сургах хэрэгтэй шүү” гэлээ.
”Оюуны хүнд хомсдолтой хүүхдэд хүртэл гутал өмсөхийг гурван сарын турш заахад гутлаа өмсч сурдаг. Цэцэг идчихдэг хүүхдэд цэцэг бол идэх юм биш, ургамал юм гэдгийг тайлбарласаар ойлгуулж болдог. Тэд идэхийн оронд тарьж ургуулж сурсан” гэдгийг сэтгэцийн эмч хэлж байлаа. Харин эпилепситэй хүн бол хөгжлийн бэрхшээлтэй биш, сурч, хөгжих бүрэн боломжтой шүү гэдгийг энд ирсэн эмч нар сануулж байсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны тэргүүн С.Сэлэнгэ “Хэл засалч ховор. Анхны хэл засалч ээж, аав нар байдаг. Хүүхэд хорвоод мэндлэнгүүтээ харилцаанд ордог. Хэл яриаг хөгжүүлэхэд үе тэнгийнхэн хамгийн гол туслагч. Тийм учраас таны хүүхэд сургууль, цэцэрлэгт явах учиртай. Арга ядахад “Дүүтэй бол чирээд явчихдаг” гэж хүмүүс ярьдаг. Цэцэрлэгт авахгүй байсан ч хүүхдээ өдөр тутмын дадал хэвшилд сургах учиртай. Болно, болохгүй гэдгийг ойлгуулах ёстой” гэж зөвлөсөн юм.
“Ачаалал авах, стресст орохоороо уначихдаг” гэж нэг залуу ярилаа. Ачааллаа мэдэрч, өөрийгөө хянадаг болсон гэж тэр хэлсэн. Д.Батзаяа гэж залуу эмэгтэй эпилепсиг ялахаар зүтгэж яваа гэнэ. Тэрбээр эпилепситэй иргэдийн “Элэгсэг оршихуй” ТББ байгуулж, эмийн тогтвортой хэрэглээ, нөхөн сэргээх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахаар ажилладаг. Өвчтний гэр бүлийн хооронд туршлага судлах уулзалт зохион байгуулдаг ажээ. Тэд амьдрах ухаан, хувь хүний хөгжил, гар урлалын цогц сургалт хийдэг гэнэ.
Эпилепситэй хүмүүс ганцаардах, сэтгэл гутралд автах нь их. Хамт олонтой, өөрийгөө хөгжүүлж байвал уналт нь багасдаг гэж тэр ярьсан.
Ж.Сарангэрэл эмч “Хүүхэд хөгжлөөрөө хоцорч байсан ч заавал юм сурдаг. Хүүхэд өөртөө сайн, муу байгаа хүнийг ялгаж чадаж байвал оюуны шүүх чадвар байна гэсэн үг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн харилцах хэрэгтэй. Гэр бүл, хамт олон эпилепситэй хүмүүсийг аз жаргалтай амьдрахад тусалдаг. 16 жилийн турш эпилепси өвчтэй хүүтэйгээ хоёулхнаа амьдарсан ээж одоо хагас галзуурлын байдалтай болчихсон, надад байнга ханддаг. Хүүхэд нь том болоод үгэнд нь орохоо байчихсан, гадаа гарангуутаа зугтаачихдаг. Тийм учраас хүүхдээ багаас нь нийгэмшүүлэх учиртай. Хүнээс айдаггүй болгох ёстой. Ширээ тойроод сууж байгаа хүүхдүүдийн дэргэд очоод сууна гэдэг дэвшил. Ямар ч мэдрэлийн өвчтэй хүн байсан гэр бүл тайван бол хүн хөгждөг. Уналт болгон сэтгэцийн өөрчлөлтөнд оруулах албагүй. Эпилепси олон нүүртэй” гэлээ.
“Гадаадад сурч байгаад унадаг өвчтэй болоод ирсэн. Таван сартай жирэмсэн” гэж нэг залуу эмэгтэй ярилаа. Эпилепситэй эмэгтэй жирэмсэн болж болно. Гагцүү өмнө нь төлөвлөж, мэдрэлийн эмчийн хяналтанд байж, эмээ зохицуулж уух учиртай юм байна. Эпилепстэй өвчтөнүүдийн гол хэрэглээ болсон карбамазепин эмийн дараагийн шатны сайжруулсан хувилбар нь сарын дараа Монголд орж ирэх мэдээтэй байна.
Нил ягаан өнгө нь эпилепсийн өнгө хэмээн дэлхий нийтэд танигдсан нь “Purple day” буюу “Нил ягаан өдөр”-ийг жил бүрийн 3-р сарын 26-нд эпилепсийн тухай мэдээлэл түгээх өдөр болгон тэмдэглэх болсонтой холбоотой.
Б.ЭГШИГЛЭН