Categories
мэдээ нийгэм

“Гүнж” төвийнхэн өсвөр насны охидын жирэмслэлтээс сэргийлэхэд анхаарна

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвийнхөн “БИ НИСДЭГ ОХИН” өсвөр насны охидыг жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг 2014.12.01-ээс эхлэн гурван сарын хугацаанд өрнүүлэхээ мэдэгдлээ. Тэд энэ удаа Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ажиллах гэнэ.

“БИ НИСДЭГ ОХИН” кампанит ажлын зорилго нь хүсээгүй жирэмслэлт, түүнээс үүдэлтэй үр дагаврын талаарх охидын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар охидын төрөлтийн тоог бууруулахад хувь нэмэр оруулах, цаашлаад охидын үр хөндөлт, жирэмслэлтийн асуудалд олон нийт, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм байна.

Энэхүү кампанит ажлын хүрээнд “ДҮҮЛЭН НИС ОХИН МИНЬ” ном, “БИ НИСДЭГ ОХИН” жүжиг тавихаар төлөвлөжээ. Мөн “БИ НИСДЭГ ОХИН” өдөрлөг хийх бөгөөд нийслэлийн 20 ерөнхий боловсролын сургуулийн 2000 гаруй охидыг хамарсан ДАЛАВЧ БҮТЭЭХ өдөрлөгийг зохион байгуулах аж.

Манай улсад 2011 оны байдлаар 15-19 хүртэлх насны охидын төрөлт 2712 байсан бол 2013 онд 3589 болсон байна. Сүүлийн хоёр жилд өсвөр насны охидын төрөлт эрс нэмэгджээ. Охидын эрт жирэмслэлт, төрөлтөд нийгмийн олон талт хүчин зүйлүүд нөлөөлж байна. Ялангуа нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох тогтолцоо сул байна. Мөн эцгийн эрхт ёс, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, архидалт болон эдийн засгийн чадавхиас шалтгаалж байгаа аж.
“ГҮНЖ” төвийн хийсэн чанарын судалгаанаас харахад хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 64% нь бүрэн дунд боловсролтой бөгөөд 68% нь үргэлжлүүлэн суралцаагүй байна. Суралцахгүй байгаа шалтгааны 52,4% нь жирэмсэлж, хүүхэд төрүүлсэнтэй холбоотой байна. Энэ байдал нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож, өрхийн орлогогүй амьдрахад хүрч байна.
Судалгаанд хамрагдсан охидын 74% нь бие даан хүүхдээ өсгөж байна. 71,3% нь жирэмсэн болсон гэдгээ мэдээд айх, гайхах, ичсэн, амиа хорлох мэдрэмж төрж байсан бөгөөд гэр бүлийхэн нь жирэмсэн болсонд загнах, зодох, үр хөндүүлэхийг шаардах, харилцаагаа таслах, гэрээсээ хөөх зэрэг байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Охидын 73,4% нь жирэмсэн болсоноо хойш гэр бүлийхэн, найз нөхөд, таньдаг хүмүүсээ айж, нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлсэн байна.
Эрт төрөлтөөс үүдэн охидын нийгэмшилтэд сөрөг нөлөө үзүүлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчих зэрэг үр дагавартай. Энэхүү төслийн үйл ажиллагаагаар дамжуулан өсвөр үеийнхний жирэмслэлт, төрөлтийг бууруулах, эрт төрөлт нь ямар үр дагавартай болох талаар үнэн зөв мэдээлэл өгөх, хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах, олон нийтийг зөв ойлголт, мэдээлэлтэй болгохоор зорьж байна. Мөн уг кампанит ажлын хүрээнд нийт 9300 орчим хүн амд мэдээлэл хүргэх ба үүний 2500 гаруй нь өсвөр насны охид байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *