Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гудамжинд нь гулгаж өссөн Дэнжийн мянга минь DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хүүхэд ахуй цаг минь Дэнжийн-1000 гэх гэр хорооллын шороон дунд өнгөрсөн юм. “Ёотон цагаан” гэгдэх дан давхар нийтийн байрнуудтай хаяа залган орших дэнжийн гэр хороолол бас ч гэж хотын анхны суурьшлын бүсийн нэг. Анхандаа мянган айл суурьших төлөвлөгөөтэй байсан хэдий ч хүн амын төвлөрлөөс болоод нэрнээсээ хол давсан айл буулгаж суурьшуулсан гэх яриа бий. Нэгэн цагт жанжин Д.Сүхбаатар Тасганы овоон дээгүүр цэргээ дагуулан өнгөрөхдөө Дэнжийн-1000-ын хэсэгхэн газар буудаллаж, хуарагнаж байсан ч гэх түүх, домог холилдсон яриа бий. Ер нь тэр хавьд баруухан талд нь байсан олон гуу жалганд хэлмэгдүүлэлтийн үед олон хүнийг цаазалсан ч гэдэг. Тэр ч бас үнэн байх. Ойр хавийн жалгаар тоглож явахад хүний гавлын яснаас эхлээд лам хүний орхимж байсан болов уу гэмээр улаан даавууны өөдөс их байдаг байсан. Бид яахав, хүүхэд байсан болохоор тэр болгоныг анхаарч анзаарч байсангүй. Одоо харин тэр гуу жалгыг шороо асгаж тэгшлээд айлууд буучихсан. Тийм том гүнзгий гуу жалга байсан гэх шинж тэмдэг үлдээгүй шахуу. Дэнжийн-1000-аар тухайн үедээ арилжаа наймааны гол цэг болох бараан зах руу явдаг гол зам дайрдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Хуучнаар бол бараг л торгоны зам шахуу юм уу даа. Мянгын гэр хороолол хавиар атаманууд олонтой, тэр хэрээрээ арилжаа наймаачид хааяа хааяа халдлагад өртлөө гэж дуулддаг л байлаа. Айлууд ид суурьшиж эхлэхэд хотын зах байсан боловч төд удалгүй хотын төвтэй хаяа нийлж, одоо харин төвийн “А” зэрэглэлийн бүс болчихоод байна.

“Дэнжийн 1000”-ын шороонд бужигнан, Ногоон нуурын мөсөн дээр тоглож өссөн нас минь хамгийн жаргалтай, хөгжилтэй үе минь. Өвөлдөө цасан хүн хийж, цасаар байлдаж тоглоно. Худгаас ус авч, гудамжны уруу асгаж мөс тогтоож байгаад модоор холбосон канкигаар гулгана. Яг арын гудамжинд, нэлээн хойхно байх худгаас тэр хавийн бүх л хөвгүүд ус авч асгадаг байсан байх. Одоогийн 39 дүгээр дунд сургуулийн баруун замаар дээшээ жаахан өгсөөд явахад нэг булаг байдаг. Одоо ч гэсэн ихээ ундаргатай. Шууд унданд хэрэглэж болдог амны ус. Хөгшчүүд лав рашаан гээд их сүжиглэдэг байсан. Ойр хавьд нь хог хаяж болохгүй шүү, шүлсээ хаяв, лус хилэгнэнэ гэдэгсэн. Тэр булгийн ус өвөлдөө урсаад коток маягтай болох үед нь өдөр алгасахгүй шахуу очиж гулгана. Харин нэг том асуудал байсан нь тэр хавийн атаманууд дээрэлхэж, чарга булаачих гээд байдаг байлаа. Гэхдээ л тоглохын тулд ямар ч саадыг өлхөөн давчихдаг байж.

Дэнжийн-1000-ын “Ёотон цагаан” гэгдэх нийтийн сууцны дунд ганц дэлгүүр байсан бөгөөд үүдээр нь тухайн үеийн болж бүтэхгүй гэгддэг нөхдүүд мөнхийн эргэлдээстэй. Дэлгүүрт харин бараа таваар нь дориун байсан юмдаг. Тэр үед талх сүүнд үнэхээр “алаан” болдог байв. Хожмоо хувьд шилжээд тохиролцооны үнийн дэлгүүр болчихсон байж байгаад эргээд хүнсний дэлгүүр болсон байна лээ. Уг нь тухайн үедээ нийтийн цагаан байр хашаагүй их л эмх цэгцтэй байсан боловч бас хувьд шилжсэний дараа айл болгон хашаа хатгаад замбараагаа алдчихсан. Газар нь нийслэлийн өмч, дээр нь байгаа байшингууд хувийн өмч болохоор асуудал нэг талдаа гарч шийдэгдээгүй өнөөг хүрчихсэн юм билээ.

Дэнжийн-1000-аас дандаа л атаман, хулигаан төрөөд байсан уу гэвэл бас ч үгүй л дээ. Лав нэг мисс мянгын гэр хорооллоос төрөн гарсан. Нэр нь орж ирдэггүй. Яг тэрхэн үедээ мянгынхан их л бахархалтай, амтай болгон шахуу ярьж байсан юмдаг. Төрж өссөн газраас нь ямар нэгэн алдартан, олны танил төрвөл түүгээрээ бахархдаг монгол зангаар бүгд магтаж ярьж байв. Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба, залуусыг хип хоп урсгалаар байлдан дагуулж байсан “Татар” хамтлаг гээд тэр дэнжээс олны танил болсон одууд байна. “Татар” хамтлагийнхан одоо ч гэсэн үе үе мянгаар явж байгаа харагддаг. Тэнд тэдний багын найз нөхөд нь одоо ч гэсэн байгаа хэрэг л дээ. “Татар” хамтлаг бол яах аргагүй хип хопын нэгэн үеийн том төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Яахав, өөр бас бус жижиг сажиг хамтлагууд ч хэд хэд гарсан боловч гудамжнаасаа хэтрээгүй шахуу. Гудамжиндаа л жаал саасалзаж, тэр хавьдаа од болсон биз.

Дэнжийн 1000 гэхээр яалтгүй эргээд хүүхэд насны дурсамж руугаа орох хэрэг гарна. Хөвгүүд хавартаа хөлбөмбөг тоглож, зундаа бөглөөдөж, мөнгө цохино. Мөнгөдөх их зугаатай тоглоом байсан юм. Харин мөнгөө “хомбуулчихвал” барайгаад л явчихна. “Хомбуулна” гэдэг нь мөнгөө алдаж байна гэсэн үг л дээ. Мөнгө цохидог “моогуур, доогуур” нэртэй төрөл бүрийн материалтай. Энд чулуу, төмөр, орон сууцны айлын нойлын өрөөнөөс “хуссан” бөөрөнхий хар бариул гэх мэт орно. За тэгээд мөнгө их хомбосон үедээ 60 мөнгөний печень, шагшуур авч иднэ. Тэрийгээ даруулах “улаан усаа” мартахгүй заавал авна. Нээрээ тэр үед орон сууцны айлуудын нойлын өрөөний суултуурын ус татдаг хар бариул тэсдэггүй байсан байх аа. Үеийн хөвгүүдтэй хөнгөн цагаанаар буу хийж их тоглодогсон. Хөвгүүд орос бахиал л чирнэ. Урагдаж өгөхгүй их зовоодогсон. Харин өсгий нь элэгдээд цаанаас нь дөрвөлжин нүх гараад ирнэ. Тэрэнд нь чулуу шаачихвал тахтай бахиал өмссөн догь залуу болно оо гэсэн үг. Чулуу засмал зам дээр хавираад таг таг гээд алхахад урамтай. Өдөр хоног иймэрхүү байдалтай явж байтал гэнэт Тасганы овоон дээр чулуун байлдаан болно гэсэн яриа ам дамжина даа. Энэ нь нэг ёсондоо цэргийн зарлан дуудахтай адил. Хэдэн гудмаараа нийлж аваад л “эх орныхоо төлөө” чулуун байлдаанд “татагдана”. Заримдаа сэргийлэх хүртэл ирж чулуун байлдааныг зогсоож байсан байх шүү. Зуны цаг нэг иймэрхүү л өнгөрдөг байлаа. Хожим видео кино газар авч, хорооны улаан буланд кино гардаг болж цагийг зугаатайхан өнгөрөөх бас нэг зүйл нэмэгдсэн юмдаг. Нэг төгрөг, эсвэл нэг архины шилээр кино үзнэ. Тэр үедээ хит болж байсан жүжигчид Ван Дамм, Шварцнеггер, Брьюс Ли, Жаки Чан. Хүүхдүүд хоорондоо эдгээр жүжигчдийн зурагтай плакатыг наймаалцана. Бартер маягаар ихэнх наймаа болдог байсан юм. Харин нэлээд хойно “Нарны титэм”-ийн байранд “Гал-2” гэдэг видео киног өргөн дэлгэцээр үзүүлдэг жижигхэн театр нээгдэж тэр хавийнхны соёлын хэрэгцээг хангадаг аятайхан газартай болсон доо.

Тэр жил Дэнжийн-1000 хавийн зам их засварт орж троллейбусны VII чиглэлийн шугам тавигдсан юм. Тасганы овоог сэтэлж зам тавьсан нь одоо мөн ч их ачааллыг нугалдаг зам болсон л доо. Тэр үед Оросын Лиаз гэдэг автобус л үйлчилдэг байсан бол тэнгэрээс уяатай арай өөр төрлийн унаа бий болсон нь хүүхэд бидэнд их таатай сайхан байлаа. Мянгын гэр хорооллын урдхан байх “Ногоон нуур” гэж хөлгүй ус одоо ч гэсэн бий. Уг нь Дэнжийн мянгыг газарт оруулаад тэр хавийг битүү орон сууцжуулах хотын төлөвлөгөө байсан юм байна лээ. Тэгээд тэр хавьдаа иргэдийн амралт зугаалганд зориулсан нуур устай, цэцэрлэгт хүрээлэн барих байсан боловч хиймэл нуурынхаа хөрсийг буруу дэвссэнээс болж хөлгүй устай болчихсон гэж хүмүүс хэлэлцдэг байсан юм. Ногоон нуур харин өвөлдөө тун аятайхан мөсөн гулгуурын талбай болж ойр хавийн гэр хороолол төдийгүй орон сууцныхан хүртэл ирж гулгадаг болсон билээ. Хэрэв тэр үед Дэнжийн-1000 хавийг тэр чигээр нь орон сууц болгож дөнгөсөн бол өнөөдөр нүүрлээд байгаа хотын их утаа бага боловч нимгэн байх байсан биз. Ямартай ч Дэнжийн-1000-ыг орон сууц болгох төлөвлөгөө тэгсгээд бүтэлгүйтсэн байх. Уг нь Тасганы овоон дээр өндөр хүчдэлийн хоёр том дэд станц барьсан боловч нэг нь тухайн үед дэлбэрч сүйд болсон юмдаг. Бас мянгын гэр хороолол руу чиглэсэн цэвэр усны шугам ч татсан байх. Газар шорооны ажил хийж байсан эксковатор нэг тийм хоолойг зад татаад баахан ус олгойдож, харин далиманд нь мянга хавийн хүүхдүүд нэг хэсэгтээ ярих юмтай болж байсан нь мартагддаггүй юм. Одоо санахад тэр ус мөн айхтар өндөр олгойдож байсансан. Ер нь тэгээд үеийн хөвгүүд бас ч гэж жаахан нас нэмээд үеийн охидоо сонирхож шохоорхдог болоод ирж байгаа юм. Нэг муухан дугуй энд тэндээс цуглуулсан сэлбэгээр угсраад уначихна. Тэр үед хийгдэж байсан “Хөвч” шампунийн хайрцганд ус хийгээд барьчихна. Тэгээд л тэр хавиараа жаал давхиж, охид руу ус цацна даа. Хөөрхий, охинтой танилцах арга эвээ олохгүй, аминдаа танилцах гэж өдөж байгаа царай нь. Ямар одоогийнх шиг гар утас, интернэт байх биш. Оролдлого болгон бүтэлгүйтлээр төгсдөг байсан юмдаг. Ямар л охин ус цацуулаад танилцаа аж дээ.

Одоогийн Дэнжийн-1000, тэр үеийн Дэнжийн-1000 хоёр цаг хугацааны явцад тэс өөр болсон ч гэсэн яалтгүй өссөн, төрсөн юм болохоор сэтгэлд их ойр шүү. Хааяахан зундаа хөдөө гадаа явчихаад хэд хонох хооронд тоглодог хэдэн гудамжаа, хамт бөмбөг хөөдөг хэдэн найзуудаа мөн их санадаг байж билээ. Хүүхэд насны хамаг л хөөртэй, хөгжөөнтэй, дүрсгүйтэж байсан бүх л дурсамж тэнд үлдсэн хойно. Одоо ч гэсэн тэнд байгаа багын найзууд, атамандуулж бөглөөнөөс эхлээд жижиг сажиг өмчөө булаалгаж байсан овгорууд, ус зөөдөг байсан худаг, гулгаж өссөн гудамжууд очих бүрийд өнгөрснийг сануулдаг. Миний өсөж төрсөн, бага, өсвөр насаа өнгөрөөсөн Дэнжийн-1000 гэдэг газар айхтар алдар хүндтэн олонтой, мундаг алдар суутай газар биш ч гэлээ хаана ч очсон дурсамжинд байнга байдаг төрсөн нутаг орон минь билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *