Categories
мэдээ нийгэм

Гудамжинд хог хаявал 30 мянган төгрөгөөр торгуулна

Энэ сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулийн Тавдугаар бүлэгт хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан бол хувь хүн 30 мянга, албан байгууллага 300 мянган төгрөгийн торгууль төлөхөөр заасан байна. Харин олон нийтийн газар бие зассан, тамхины иш, нус, цэрээ хаясан бол 10 мянган төгрөгийн торгуультай.

Тухайлбал, дараах заалтууд үйлчилж байна.

ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАР ХОГ ХАЯСАН БОЛ

1. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан, ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /30 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /300 мянган төгрөг/ торгоно.

ХОРИОТОЙ ГАЗАР ХОГИЙН ТӨВЛӨРСӨН ЦЭГ БАЙГУУЛСАН БОЛ

2. Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц тогтоогдсон газарт зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуулиар хориглосон бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /300 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /3 сая төгрөг/ торгоно.

Зөрчлийн тухай хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ. Хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *