Чингисийн талбай хөл ихтэй байв. Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд хэд гурваараа бөөгнөрч нэг нэгнээ нудран хөхрөлдөцгөөх хэсэг хүмүүс анхаарал татна. Харваас олон жил уулзалдаагүй нэг ангийнхан гэдэг нь илт. Тэд, номин ногоон дээлтэй ахимагдуу насны эмэгтэйг бүчин элдвийг хуучлах агаад заримынх нь духан дээр үнсэх аж. Эмэгтэйчүүд нь халуун дотноор тэврэлдэн хацар шүргэлцэнэ. Ажиглаад байх нь ээ номин ногоон дээлтэй ахимагдуу насны эмэгтэй ангийн багш гэдэг нь төвөггүй мэдэгдэнэ. Ингээд тэднийг сониныхоо уламжлалт “Нэг ангийнхан” буланд урилаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр найман жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн 8б ангийнхан 30 жилийн дараа уулзалдаж буй нь энэ аж. Ангийн багш З.Лхамноржим нь дөнгөж сургуулиа төгсөн ирээд анхны шавь нараа дааж авсан нь өдгөөгийн энэ хамт олон гэнэ. Ангийн дарга Б.Эрдэнэболд, бүлгийн дарга Б.Болорчимэг, бүлгийн зөвлөлийн дарга P.Цэрмаа гээд нийт 29 хүүхэд төгссөнөөс хөвгүүд 18, охид 11 байжээ. Хөвгүүд олонтой болохоор охидоо их шоглодог байсан бололтой. Цасаар нүүрээ угаалгасан охид нь дурсамжтай, хөгтэй явдлуудаа З.Лхамноржим багшдаа хэлж, оройтсон гэлтгүй ам уралдан ярьцгааж инээлдэх аж.
Наймдугаар анги төгссөнөөсөө хойш нэг ч удаа албан ёсны уулзалт зохиож, анги хамт олноороо цуглаж байгаагүй болохоор нэг нэгнийхээ өөрчлөгдсөн, овор суусан, хэвээрээ байгааг гайхацгааж, басхүү гэгээн гэрэлт дурсамжуудаа хөглөн цөм л хүүхэд насандаа оччихсон шиг жаргалтай харагдацгааж байлаа. Энэ уулзалтыг Р.Цэрмаа анх санаачилж, ангийнхандаа захидал бичжээ. Тэрбээр захидалдаа “Сайн байна уу? Ангийн анд найз чинийхээ амар амгаланг айлтган захидал очих өдрийн халуун мэндийг хүргэн мэдчилье! Найз чиний минь ажил амьдрал өдрөөс өдөрт гялалзан өнөр өтгөн, аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Намхан боловч эрдмийн сувд гялалзсан төрлөх сургуулийнхаа хаалгаар анх ижий аавтайгаа хөтлөлцөн орж найман хаврын яргуйг угтан арван зургаан насны алтан босгыг үдсэнээс хойш даруй 30 жил өнгөрчөө анд минь. Ажил амьдралын захгүй далайд явахдаа ангийн анд чамайгаа мартахын учиргүй билээ. Нутгийн зөөлөн салхи шиг санаанд минь мөнхөрсөн, нугын цэцэг шиг андаа дурсан суух минь их болжээ. Сурагч насны гэнэн томоогүй үе, наадаж наргиж явсан хүүхэд насныхаа ариун гэгээлэг дүрээрээ ангийн андууд биднийхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн анд чамтайгаа учиран золгохыг хүсч, учирлын хонхыг оройтуулан жингэнүүлсэн ч, уулзахын ерөөлийг өргөн баръя!
Гуч дахь хаврын яргуй энэ жил уярам байна. Гучин жилийн дараа уулзах бидний сэтгэл дэврүүн байна. Ингээд гучин жилийн дараа тохиож буй “Насаараа бид нэг ангийнхан” дурсамж цэнгүүн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж энэхүү захидлыг илгээж байна” хэмээн уриалжээ. Энэ захидал ангийнхных нь уулзалтын эхлэлийг тавьсан байна. Ингээд Р.Цэрмаа, Г.Нямцэцэг, А.Төгсболд, Б.Ганхуяг, P.Амаржаргал, Н.Ууганбаяр нар “Насаараа бид нэг ангийнхан” уулзалт цэнгүүнийг зохион байгуулжээ.
Цаг хугацаа нэгэнт нисэн одож хүүхэд насны гэгээн цайлган төрхөөрөө хэн нэгнийхээ сэтгэлд мөнхөрсөн эрхэм хүмүүс өдгөө эцэг эх, зарим нь бүр эмээ өвөө болчихсон явна. Гэсэн ч тэд
“Хүүхэд гэхэд сонин байдаг ч
Хүний чихэнд содон дуулдана
Наадаж өссөн багын нөхөд минь
Насаараа нэгэндээ нэг ангийнхан” хэмээн дуулж хүүхэд адил баярлаж нэг нэгнийгээ налан суух аж. Буурь суусан байртай, спорт маягийн дөрвөлжин үсний засалттай, махлагдуу ахыг Т.Оргилсайхан гэдэг аж.
Тэрээр цэнхэр торгон уужтай нэгэн эмэгтэйг хүзүүдэн тэвэрч зогсоод дурсгалын зураг татуулав. Хөндлөнгөөс харж зогссон ангийхан нь “Аая, ангийн дурлалт хоёр байна, гоё харагдаж байна шүү. Зургийг нь сайн дараарай” гэхчилэн цаашлуулахад Т.Өлзийхүү эгч их л ичингүйрэн нөгөө хэд рүүгээ “Дэмий шүү” гэсэн янзаар гараараа зангана. Ийм л хөгжил хөөртэй, уярам догдлом уулзалт 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Чингисийн талбайд дурсгалын зураг татуулав.
Харамсалтай нь 8б ангийн төгсөгчдөөс дөрөв нь тэнгэрийн орноо оджээ.
Ангийнхан нь тэднийхээ дурсгалыг хүндэтгэн Зайсан дахь бурхан багшийн хөшөөнд мөргөж, зул өргөн түр саатаад цааш хөдөлсөн юм.
Энэ үеэр ангийн багш З.Лхамноржимтой цөөн хором хөөрөлдлөө.
Энэ ангийнхан миний алтан шавь нар
-Сайн байна уу, таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Ангийн багшийн хувиар ангийнхантайгаа уулзсан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би багш болох анхны гараагаа эхлэхдээ энэ ангийг дааж авч байсан. Хүүхдүүд маань их өөрчлөгджээ. Цөм л өөрийн гэсэн ажил амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, салбар салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна. Гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа нь ч бий гэнэ. Тиймээс миний сэтгэл их өег байна. Ер нь багш хүний гол гавъяа бол шавь нар маань сайн сайхан явж, ажил амьдрал нь тогтворжин төлөвших явдал шүү дээ. Эд маань намайг МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг хэл уран зохиолын багшаар төгсөөд очиход жинхэнэ багш болгосон алтан шавь нар минь юм. Тиймээс би хүүхдүүддээ хайргүй байхын аргагүй.
-Та шавь нараа хэддүгээр ангиас нь дааж авсан бэ?
-Тавдугаар ангиас нь дааж авсан. Тэгээд таваас наймдугаар анги төгсгөсөн. Манай Тосонцэнгэл хотод “Улсын тэргүүний нэгдүгээр сургууль” гэж сайхан дунд сургууль байсан. Тэр сургуулийн тэргүүний хамт олон байсан даа.
-Таныг анх багш болж ирж байхад, хүүхдүүд тань тоохгүй ч юм уу, уур уцаарыг тань хүргэх зүйл их гарч байв уу, өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаа хуваалцаач?
-Анх багшлахад амаргүй нөхцөл байдалтай учирна л даа. Нэг удаа би нэг хүүгээ үгэнд орохгүй байна гээд толгой дундуур нь саваа модоо хугартал нь цохичихсон юм даг. Тэгээд саваа модоо хугарчихаар нь айгаад айлын хүүхдийг арай ч дэндүүлчихэв үү дээ, яана аа толгой тархи нь зүгээр байгаа даа гээд л айлаа. Хичээл завсарлахаар л эмчид үзүүлье дээ гэж бодоод санаа зовоод байлаа. Тэгтэл нөгөөх чинь миний савааны хугархайг ширээн дороосоо гаргаж ирээд “Багш аа, маргааш би танд саваа хийж авч ирж өгнөө, надаас болж саваагаа хугалсан юм чинь…” гээд юу ч болоогүй юм шиг сууж байдаг юм. Тэгэхэд л би хүүхэд гэдэг чинь ямар цайлган цагаахан, хайрламаар юм дээ гэж их баярлаж байсан. Одоо саваагаар хүүхэд цохих юм бол шоронд орох биз. Тэр хүүхэд маань одоо энэ Төгсболд шүү дээ. гэв
Тэгтэл А.Төгсболд хажуугаас “Харин би нэг удаа энэ P.Цэрмааг цохиж уйлуулчихаад ааваас нь айгаад, аргадаж гэрт нь хүргэж өгөхөд аав ээж нь намайг зодсон гэж тоож байгаа ч юм алга. P.Цэрмаа аав ээждээ ховлоход “Өөрөө болоогүй л юм байгаа биз дээ” гээд боорцог өгсөн. Тэр үеийн эцэг эхчүүд тийм л сонин хүүхдээ хэр барагтай өмөөрдөггүй байсан юм гэнэ. Тэгтэл нэг нь тосч аваад
“Адал явдал зөндөө байлгүй яах вэ..Хичээлээ тараад сургуулийн хойд талынхаа гуанз руу орно. Т.Өлзийхүү их талон авч ирдэг байж. Бид хэд бөөрөнхий хуушуур авдаг байсан. Баавгайтай чихэр орос дэлгүүрээс картаар авдаг байсан юм. Заримдаа хөвгүүддээ булаалгана. Тэгээд л бөөн уйлаан майлаан болно шүү дээ гэнэ. Ийм л хөгжил хөөртэй нэгэн ангийнхан 30 жилийн дараа уулзалдлаа. Гудиггүй, хөгжил хөөртэй явсан тэдний хүүхэд нас, мөнгөн хонхны жингэнээ нь он оныг өртөөлөн одоо ч сэтгэл зүрхэнд нь цангинасаар байх авай.
Г.Дорж
Ө.Өлзийсайхан