Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр /2023.05.29/ албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Тус төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой. Жилдээ яаралтай тусламжаар 35,000 – 40,000, амбулаториор 15,000-20,000 үйлчлүүлэгч хүлээн авч, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2500-3000 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийнэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар, мөн өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаадад явах урсгалыг бууруулна гэж үзжээ.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Үүнд дүгнэлт хийж, улсын төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” хэмээн ярилаа.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах “10 гаруй жил хүлээгдсэн Түлэнхийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байна. Тус эмнэлэг 250 ортой. Осол гэмтлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг 25-30 хувь нэмнэ гэж үзэж байна.
Засгийн газар цар тахлын үед онцгой анхаарал хандуулж төсвийн тодотголоор 7 тэрбум төгрөг Түлэнхийн эмнэлэгт хуваарилсан. Ингэснээр тус эмнэлэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, хүний нөөцөө бүрэн бэлдсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *