Хүүдийн баяраар хотоос гарагсчдын цуваа замын хөдөлгөөнийг ачаалалд оруулж байв. Урин дулааны улирал эхэлж иргэд чөлөөт цагаараа гол барааддагҮүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын албанаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэлх Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж эхэлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт голын усны ослын гурван дуудлага иржээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар дунд сургуулийн урд Туул голд машин усанд сууж зургаан хүн машин дээрээ гарчихаад аврал эрсэн дуудлага 10.55 цагт Аврах ангид иржээ. Эрэн хайх аврах салбарын бүлгийг хүрэлцэн очиход Рэнж рөүвэр загварын автомашины ихнэх нь голын усанд живсэн, дотор нь сууж явсан зургаан хүний тавыг нь тухайн орчимд худаг барьж байсан УСУГ-ын ажилчид гаргасан байж. Уг машинаас хоёр сартай хүүхдийг аварч гаргах үед ус залигсан тул ЯТТ-ын төв 103-ын эмч дуудаж шилжүүлж өгсөн байна. Харин нэг иргэн нь усанд урсч голын модонд тээглэж тогтоод ухаангүй байсныг тус хорооны эргүүлийн цагдаа гаргаж тосгоны эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж аварчээ.
Усанд живсэн машиныг өчигдөр 16 цагийн орчимд татаж гаргасан байна.
Мөн өчигдөр 13.40 цагт Баянзүрх дүүргийн XX хороо, Хар хошуу гэдэг газар Туул голд нэг хүн живсэн, ухаангүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг очжээ. Тэд Туул голын усанд осолдож 33 настай эрэгтэй нас барсан байсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, 29 настай эрэгтэй голын сайран дээр гарсан байсныг аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Багануур дүүргийн V хорооны Хэрлэн голд хүн живсэн гэсэн дуудлагыг 18.45 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Г.Отгонжаргал ахалсан найман албан хаагч, нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Баттулга ахалсан зургаан албан хаагч голын усанд осолдсон 17 настай эрэгтэй хүүхдийг Хэрлэн голд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Урин дулааны улиралд нийслэлийн хэмжээнд голын усанд осолдсон дуудлага нэмэгддэг. Иймд иргэдийг голын ус аюултай түвшинд хүрсэн тул анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, голын эрэгт зорчихдоо анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.