Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав. Тус газрын мэдээлснээр голуудын мөсөн бүрхүүл ямар хэмжээн байгааг хүргэе.

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдсэн ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд голын хувьд 5-20 см их харин Бэлтэс, Бүгсий, Эг голын дагууд 5-15 см нимгэн байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир голд мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-25 см нэмэгдэж 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хангайн арын голуудын мөсний зузаан 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см бага харин Хойттамир, Идэр голын нийт уртын дагууд 5-20 см ахиу байна. Харин Урдтамир голд мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилж байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Шивэрт Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд 35-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдсэн бол Шарын гол, Улиастай, Сэлбэ зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Эдгээр голуудын мөсний зузаан нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 10-20 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд 40-70 см зузаан мөстэй ба энэ нь 12 дугаар сарын 11-ний өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн ерөнхий хандлагатай байна. Сэлэнгэ мөрний эхэн хэсэг болон адаг, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеэс 5-15 см ахиу бол Сэлэнгэ мөрний дунд хэсгээр 5-20 см нимгэн байна.

Тэгвэл Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 30-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдсэн байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеэс 5-25 см ахиу байгаа аж.

Харин Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн хугацаанаас 5-25 см нэмэгдсэн байна. Эдгээр голуудын мөсний зузаан нь өмнөх он болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн харин Турган, Чигэртэй голын хувьд 10-15 см зузаан байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Түй, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар усны гол, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба Яруу, Завхан /Гуулин орчимд /, Зүйл, Түй, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги /Сайхановоо/, Зэгстэй, Таац зэрэг голууд ёроолдож хөлдсөн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхээс 5-25 см зузаан байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 15-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба 2017 оны мөн үеэс 5-10 см ахиу харин олон жилийн дунджаас 5-20 см бага байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *