Categories
мэдээ цаг-үе

Гишүүнчлэлийн карттай бол бараагаа захын үнээс ч хямдаар авна

Хотын яг төвөөс чанх хойд зүгт гурван километр гаруй зайтай орших Таван буудалд “Арви” хэмээх супермаркет нээгдээд удаагүй байна. Бусад дэлгүүрүүдээс өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг гэх. Манайд янз бүрийн дэлгүүрүүд зөндөө л байдаг гэж та бодох байх. Харин “Арви” нь бусдаас өөр нэгэн онцлогтой. Чухам ямар онцлогтой болохыг мэдэхээр тус супермаркетыг зорьсон юм.
Биднийг очиход Орост үйлдвэрлэсэн чихэр, жигнэмэгүүдийг нийлүүлэгчдээсээ хүлээн авч ажилтнууд нь ихэд завгүй байсан тул энэ хооронд дэлгүүртэй нь танилцав. Бусад супермаркетуудад худалддаг бидний өдөр тутмын хүнсний хэрэглээний бараанаас эхлээд сав суулга гээд ахуйн хэрэгцээний бүх л барааг борлуулж байв. Удахгүй болох шинэ жилийн баярыг угтаж гацуур моднууд ч тавьсан харагдав. Харин бараанууд нь гишүүний, ердийн гэсэн хоёр үнэтэй байв. Жишээ нь “Атар” талхыг гишүүд нь 1100 төгрөгөөр авна. Харин бусад үйлчлүүлэгчдийн хувьд 1200 төгрөгийн үнэтэй. Өндөг гэхэд 260 төгрөг, ердийн үнэ нь 300 төгрөг. Гишүүнчлэлийн үнэ гэдэг нь “Арви” супермаркетын хамгийн гол онцлог. Өөрөөр хэлбэл та тус супермаркетын гишүүний карттай бол зарж буй бүх бараануудыг ямар нэгэн татвар зэрэг нэмэгдэлгүйгээр үйлдвэрийн үнээр авна. Эхэндээ тус дэлгүүр нь зөвхөн гишүүддээ үйлчилнэ гэсэн зарчим баримталж байжээ. Харин өнөөдөр бол ямар ч хүн үйлчлүүлж болно. Гагцхүү төлөх үнэ нь өөр өөр. Гишүүний болон ердийн үнийн зөрүү нь 12-15 хувь.
Бид хамгийн түрүүн “Арви” супермаркетын худалдааны менежер М.Жавхлантай уулзсан юм. Дэлгүүр нь 100 кв. метр талбайтай. Доод талдаа мөн ийм хэмжээний том заалтай. Яваандаа өргөжихөөр доод давхрын талбайгаа ч ашиглах бодолтой байгаа гэнэ. Гишүүддээ дотоодын бараануудыг үйлдвэрийнх нь үнээр зардаг юм бол импортын барааны хувьд ямар байдаг талаар тодруулахад дистрибьютер буюу нийлүүлэгчийн үнээр зардаг хэмээн тайлбарлав. Худалдан авалтдаа аль болох бага мөнгө зарцуулах хүсэлтэй бол гишүүн болоход л хангалттай.
“Арви” супермаркетын гишүүний картыг авах хоёр арга зам бий. Хамгийн хялбар нь 50 мянган төгрөг төлөөд нэг жилийн туршид хэрэгцээтэй бараагаа үйлдвэрийн үнээр авна. Харин гишүүний төлбөр нэмэгдэх эсвэл хасагдах талаар сонирхоход одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй гэв. Ер нь бол 50 мянган төгрөгийг нэмэхгүй байх бодлого барих аж. Ийнхүү биднийг ярилцаж байхад нэлээд хэдэн үйлчлүүлэгч кассан дээр дугаарлан зогссон харагдав. Бага ангийн сурагч охиноо дагуулсан нэгэн бүсгүй нэлээд их зүйл авсан харагдав. Авсан бараагаа хоёр хэсэг болгон уутанд хийлгэж төлбөрөө хийгээд гарах гэж байхад нь хэдэн үг сольсон юм. “Арви” супермаркетын онцлогийн талаар мэддэг эсэхийг нь сонирхоход бараг өдөр болгон орж ирдэг гэв. Гишүүдэд зориулсан үнэ нь маш хямд гэдгийг ч сайн мэдэж байлаа. Гэр нь ойрхон байдаг бөгөөд охиныхоо багшид өгөх бэлэг авахаар орж иржээ. Гишүүний карт авах бодолтой байгаа эсэхийг сонирхоход худалдаж авсан барааныхаа талоныг цуглуулж байгаа гэв. Худалдан авалт нь 300,000 төгрөг болоход гишүүн болдог гэдгийг ч мэдэж байлаа. Харин бүсгүйн дараагийн үйлчлүүлэгч гэр бүлийн хоёр зуслан руу явж байгаад зам дагуу байрласан тул орж ирсэн. Ийм супермаркет байдгийг мэдээгүй гэнэ. Гишүүний үнэ нь бараг захын үнээс нь хямд байгааг онцлов. Тиймээс ч кассан дээр төлбөрөө хийхдээ яаж гишүүн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан гэв. Супермаркетын талх зардаг хэсэгт явж байсан эмэгтэйтэй ярилцахад гишүүн болох бодолтой байгаагаа ярив. Гэхдээ одоохондоо байдлыг ажиглаж байгаа гэнэ. “Арви” дэлгүүрийн үйл ажиллагаа цаашдаа ямар байхаас шалтгаалан гишүүнээр элсэх эсэхээ шийднэ гэдгээ хэлсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Шарк Танк” шоу нэвтрүүлгээр “Арви” дэлгүүрийн эзэн Б.Ойдовын ярихыг үзсэн гэв. Ийнхүү хэд хэдэн үйлчлүүлэгчтэй ярилцахад “Шарк Танк” шоу нэвтрүүлгийг үзээд супермаркетыг зорьж ирсэн үйлчлүүлэгч ч нэлээд хэд байлаа. Ажил тарах үед 17:00 цагаас хойш бол нэлээд хөл хөдөлгөөнтэй болдог гэнэ. Супермаркет нээгдээд удаагүй боловч үйлчлүүлэгчдээсээ талархлын үг нэлээд сонссоор байгаа хэмээн ажилчид нь ярьж байлаа.
50 мянган төгрөг төлөөд нэг жилийн туршид талх, сүү, ногоо гээд өдөр тутмын хэрэглээний бараагаа хямдаар авна гэдэг бол маш том давуу тал болохыг худалдааны менежер тайлбарлаж байв. Ийнхүү биднийг ярьж байхад тус дэлгүүрийн эзэн Ч.Ойдов ч орж ирж бидэнтэй ярилцсан юм. Тэрээр МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. “Номин”, “Мобиком”-д борлуулалтын газрын захирлаар ажиллаж байсан. Австралид эдийн засгаар мастер цол хамгаалж ирээд “Арви” супермаркетаа ажиллуулж байгаа. Ер нь бол худалдааны салбарт нэлээд туршлага хуримтлуулсан нэгэн.
-Өнөөдөр Улаанбаатар хотод олон том супермаркетууд байдаг. Тэдгээр нь зах зээлд байр сууриа эзэлчихсэн гэж болно. Ийм үед дахин нэгэн шинэ дэлгүүр нээнэ гэдэг нэлээд зоригоос гадна ихэд эрсдэлтэй алхам.
-Би худалдааны чиглэлээр олон жил ажилласан. Ажилдаа ч дуртай. Энэ салбарт ажиллахдаа худалдааны байгууллагад хамгийн гол нь үнэ гэдгийг ойлгосон. Яавал аль болох хямд үнээр бараагаа борлуулах вэ гэдэг нь асуултын тэмдэг гэж болно. Энэ бол худалдааны бүх л байгууллагын тулгамдсан асуудал. Би ч ялгаагүй ийм эрэл хайгуул, судалгаа хийж байгаад барааг үйлдвэрийнх нь үнээр зарах боломж бий гэж бодсон. Миний хувьд бусад супермаркетуудтай өрсөлдөнө гэхээсээ илүү худалдааны салбарт шинэ загварыг бий болгох зорилт тавьсан. Энэ бол цэвэр бизнес биш 20 хувь нь ашиг, 80 хувь нь нийгмийн хариуцлага. Өөрөөр хэлбэл нийгэмдээ хувь нэмэр оруулах зорилготой.
-Ойролцоогоор нэг өдөрт танай супер маркетаар хичнээн хүн үйлчлүүлж байна?
-Нэг өдөрт дунджаар 500 орчим талон гарч байгаа. Тэгэхлээр 500 хүн үйлчлүүлж байна гэсэн үг.
-Та “Шарк Танк” шоу нэвтрүүлэгт оролцсон. Шүүгчид нь таныг дэмжсэн үү, юу гэж хэлсэн?
-Дэмжихээр болсон. Энэ салбарын зовлон жаргалыг илүү сайн мэддэгээрээ Түмэнгэрэл гуай илүү их дэмжсэн. Ч.Ойдовоос яагаад супермаркетаа “Арви” гэж нэрлэснийг сонирхоход арвижуулах, хэмнэх гэсэн утгыг агуулсан хэмээн тайлбарласан юм. Одоогоор ямар ч ашиггүй шахуу ажиллаж байгаа тул хөрөнгө оруулалт хамгийн чухал гэнэ. Одоогийн байдлаар санаа нийлсэн найз нар, ээж нь гээд өөрийг нь тусалж дэмждэг хүмүүстэйгээ хамтарч байгаагаа ч ярив. Монголын худалдааны салбарт шинэ хэв маяг оруулж буй “Арви” супермаркетаар 8.30-22.00 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой юм байна.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *