Categories
мэдээ цаг-үе

Гэрэл зурагт “хорхойссон” хэл шинжлэлийн ухааны залуу докторынх

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Монгол бахархлын өдөр”-өөр бид залуу докторуудын нэг Р.Сарангэрэлийг “Танайд өнжье” буландаа урилаа. Р.Сарангэрэлийн нөхөр нь аймгийн заан Д.Баянмөнх. Тохож хөмөрдөг гэдгээр нь бөхийн хорхойтнууд андахгүй. Д.Баянмөнхийнх 13 дугаар хорооллын “Шинэ Монгол” сургуулийн хажууд байрлах цагаан шаргал өнгөтэй 12 давхар орон сууцанд амьдардаг аж. Товлосон цагтаа хаалгыг нь тогшиход гуч орчим насны залуухан бүсгүй “Сайн байцгаана уу. Үүдэнд чимээ гарахаар нь та нарыг ирж явна гэж бодоод хаалгаа тайлахаар очиж байлаа” хэмээн инээмсэглэн биднийг угтав. Тэрбээр “Манай байр руу ордог зам их түвэгтэй. Учиргүй олон байр байдаг болохоор сүлжиж, сүлжиж арай гэж орж ирдэг. Харин та хэд ядах юмгүй олоод ирлээ” гэсээр зочны өрөөндөө тухлахыг урилаа. Өрөөнд биднийг хүлээж суусан Д.Баянмөнх мэнд мэдсээр өндийв. Гэрийн эзэн зүү ороох оёдлоор нарийн хээ гарган урлаж, загасан нуруугаар амыг нь даруулан чамбайлан оёсон цэнхэр даалин гаргаж ирэн халтар манан хөөргөөр тамхилангаа “Сайхан өвөлжиж байна уу. Өнөөдөр чинь өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр шүү дээ” хэмээн яриагаа эхлэв.

Тэрбээр “Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд удаагүй байна. Өвөл цагт заалны барилдаан ч сайхан шүү” гэв. Бидэнтэй хууч хөөрөх зуураа цэнхэр дэлгэцээр шууд дамжуулах бөхийн барилдаан шимтэн үзнэ. Зурагтын дээд талын тавиурт дөрвөн талтай цэнхэр торгоор өнгөлж, оройг нь улаан хамбаар бүрсэн аймгийн зааны тэмдэгтэй монгол бөхийн малгай харагдав. Хажууханд нь цагаан бааданд эрчлэн чангалж ороосон хагас зууван хэлбэртэй эд хэний ч сонирхлыг татахаар юм. Үүнийг сонирхож асуутал гэрийн эзний зодог шуудаг болж таарав. “Бөх хүн зодог, шуудгаа чанга баадагнаад тавибал бие нь чанга байдаг гэлцдэг” хэмээн Д.Баянмөнх хэллээ. Биднийг бөхийн талаар халуун яриа өрнүүлэх зуур гэрийн эзэгтэй хажуунаас “Би Улсын наадмыг Төв цэнгэлдэхэд анх удаа үзэж байснаа ер мартдаггүй юм. Миний хань 2000 онд аймгийн заан цол авчихаад 2001 онд анх удаа улсын наадамд зодоглосон үе л дээ. Гурвын даваа хүртэл барилдсан санагдаж байна. аав маань уяач болохоор бидний хувьд наадам их утга учиртай хүсэн хүлээдэг баяр. Гэвч анх удаа төв цэнгэлдэх хүрээлэнд сонирхсон наадмын нээлт, наадмын асарт сууж үзсэн бөхийн барилдаан, ер нь тэр жилийн наадам онцгой тод санагддаг. Тэр үед нөхрийнхөө барилдаанд хамаг анхаарлаа хандуулчихаад айраг, хуушуур ч бодох сөхөөгүй, захыг нь мушгиад сууж байсан минь бидний амьдралын сайхан агшны нэг. Тэр цагаас хойш наадмын өдрүүд манай гэр бүлд илүү их утга учиртай болсон юм” хэмээн ярилаа.

Гэрийн эзний малгай, зодог шуудгийг хүндэтгэн эгнүүлсэн тавиурын дээхнэ талд модоор урласан зургаан насны морьд уяан дээрээ эвшээлгэх нь нүдэнд содон тусна. Ер нь л эднийх сийлбэр ихтэй айл юм. Элдэв төрлийн хээ угалз, хэв маягтай амьтны сийлбэрүүд хараа булаана. Гэрийн эзний хобби болсон зааны цуглуулга ч орж ирсэн хэний ч анхаарлыг татахаар байлаа. Зоогийн ширээний хажуу хананд Архангай аймгийн Тариат суманд байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хоргын тогоо цэнхэр тэнгэр, ногоон зүлэг дунд сүмбэрлэн харагдана. Харин ширээний хажуу буланд “Монгол хэлний авиа зүйн онцлог”, “Хоршоо үгийн тайлбар” гэх зэрэг хэл шинжлэлийн номууд хэд хэдээрээ давхарлаатай байв. Гэрийн эзэгтэй “Манай бага хүү удахгүй ирнэ. Бага маань ирчихвэл манайхан ам бүлээрээ цуглах гээд л байна. нөхөр, том хүү хоёр хоёулаа бөхөөр хичээллэдэг, бөхийн хорхойтой, сонирхол нэг улсууд” гэсээр бидний өмнө идээний дээж болох ааруул, өрмөө дэлгэлээ. Том хүү Б.нармандах нь жүдо бөхөөр хичээллэдэг аж. 2015 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, алтан соёмбот тугаа харийн нутагт мандуулаад иржээ. Өнгөрсөн жил зохиогдсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод ирэхдээ хошой хүрэл медалийн эзэн болсон аж. Харин бага хүү Б.наранбаяр нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч юм байна. Удахгүй сургуулийнх нь урлагийн үзлэг болох гээд тун завгүй яваа гэнэ.

Том хүү Б.Нармандах 2017 оны өсвөрийн дэлхийн аваргад оролцож байх үе

Р.Сарангэрэл доктор Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд мэндэлжээ. Хэнтийн нэгдүгээр арван жилд сурах үедээ гавьяат тамирчин Ринчингийн гар бөмбөг, сагсан бөмбөгийн дугуйланд хичээллэдэг байж. Гэрийн эзэгтэй “Манайх их олон адуутай, аав минь аймгийн алдарт уяач хүн байсан юм. Морь сайн уяна. Мөн адуу мал хатгаж эмчилдэг хүн байлаа. Би эхээс долуулаа. Айлын ганц охин. Тиймээс багаасаа их хөдөлгөөнтэй, ах дүү нартайгаа тоглож, тэднийгээ дагаж хүн болсон доо. Тийм болохоор аливаад тэвчээртэй ханддаг. Өөрийгөө даруухан хүүхэд байсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ анх танилцсан хүмүүс намайг эрдмийн мөр хөөсөн нэгэн л гэж ойлгох гээд байдаг юм. Уг нь тийм биш л дээ. Спортоор хичээллэж өссөн болохоор аливаа юмны эцсийг нь үзэж байж санаа амардаг зантай” гэв. Мөн хананд өлгөөтэй Хоргын тогооны зургийн учрыг ч ярилаа. Тэрээр нөхөр рүүгээ инээмсэглэн харснаа “Манай хүн архангай аймгийн Тариат суманд төрсөн. Бүр Хоргын тогооны өвөр бэлд төрж өссөн болохоор ханийнхаа нутгийн зургийг энд залсан юм” хэмээлээ. Түүний нөхрийн аав архангай аймгийн Тариат сумын арван жилд монгол хэлний багшаар 40 гаруй жил ажилласан, олон сайхан шавьтай хүн гэнэ. р.сарангэрэл “Миний хань чинь нутгаа гэсэн хүн. Манайх хотод суурьшаад багагүй хугацааг өнгөрүүлсэн болохоор нутгаа их санана. Нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг өдөр бүр харах гэж энэ зургийг гэртээ авч байсан юм” гэж яриагаа үргэлжлүүллээ. Том өрөөнийх нь хананд гурван хэсэг болгон өлгөсөн алт, мөнгө, хүрэл нийлсэн 100 гаруй медаль өлгөжээ. Гэрийн эзэгтэй “Эхний хэсэг нь манай хүнийх. Нэг хэсэг нь миний спортын медалиуд. Харин дунд хэсэгт буй хамгийн их нь манай том хүүгийнх. Гэхдээ миний медалиудын хажууд бага хүүгийн маань шагналууд ч бий” гэлээ.

Д.Баянмөнх, Р.Сарангэрэл хоёр анх спорт зааланд сагс тоглон танилцаж байжээ. Тухайн үед нөхөр нь Х.Баянмөнх аваргын нэрэмжит “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн оюутан байж. Харин р.сарангэрэл Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн гуравдугаар курсийн оюутан байсан гэнэ. Нэг өдөр найзуудаараа нийлж, зааланд тоглохоор иртэл нэг найзынх нь танил хэмээн хэсэг залуу сагсан бөмбөг тоглохоор ирж таарчээ. Гурван цаг гаруй сагс тоглосны эцэст ирээдүйн нөхрөөсөө хамт хооллох урилга авсан аж. Залуус сургуулиа төгсөх жилээ хүүхэдтэй болж, III, IV хорооллын ард байрлах Зурагтын дэнжид дөрвөн ханатай гэр барин амьдарчээ. Хоёр талаасаа чемодантай хувцсаа нийлүүлэн шинэ гэрийнхээ өрхийг татсан цагаас хойш өдгөө хорь дахь жилтэйгээ золгоод буй нь энэ. Тусдаа гарсных нь дараа жил нь гэрийн эзний аав байшин худалдаж авч өгсөн тул Дэнжийн мянга руу нүүжээ. Гэрийн эзэн “Төрөхийн гадаа эхнэр, хүүхдээ харахаар хүлээж зогсохдоо их догдолж байлаа. цонхоор хүүгийнхээ барааг хараад л өөрийн мэдэлгүй нүднээс нулимс гараад байсан шүү” гэж дурсамж сөхлөө. Гэрийн эзэгтэй “Хөдөө нутгаас хотыг зорин эрдэм сурах үедээ нийлсэн хосуудад нүүдэл их байсан даа. Хотод хөлөө олох тэмцэл амар биш. Тэдний л нэгэн адил оюутны байр, айлын хажуу өрөө түрээсэлж байлаа. Тухайн үед бид гурав байшингаа зарчихаад нэг хэсэг түрээсэлж болох бүхий л газарт амьдарч үзсэн. ингэж явсаар гурвуулаа сансарт байранд орж, одоогоос гурван жилийн өмнө ийшээ нүүж ирж байлаа. Залуу хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөөд хичээвэл амьдрал аяндаа өнгөлөг болоод л ирдэг юм билээ” хэмээн инээмсэглэн хэллээ. Сансарт амьдардаг байсан байрныхаа хөршүүдтэй тэд одоо хүртэл холбоотой байдаг аж. Хөрш айлын эгч нь сувилагч тул туслалцааг нь их авдаг байснаа дурсав. Харин эсрэг хаалганд амьдарч байсан буурайд гарч, орохдоо гэрээ байнга захиж үлдээдэг байжээ. Зарим үед гэртээ урин цайлж, зовлон жаргалаа хуваалцаж явснаа бас хуучлав.

Ийнхүү ярилцаж суух үеэр бага хүү Б.наранбаяр нь бэлтгэлээсээ ирлээ. Цэнхэр бэлтгэлийн хувцас өмссөн жаалхүү үүдээр орж ирэнгүүтээ хоолны ширээн дээрээс талх, хиам, өргөст хэмх авч идэх гэхэд ээж нь “Миний хүү гараа угаагаад хүрээд ир” хэмээв. Хүү ч угаалгын өрөө рүү ухасхийлээ. Хүүгээ буцаж ирэх хооронд ээж нь хоолыг нь аягалахаар босов.

Гэрийн эзэгтэй “Манай гэр бүл үндэсний уламжлалт баяруудыг дэлгэр сайхан тэмдэглэхийг хичээдэг. Өнөөдөр гэр бүлээрээ цуглаж, монгол хүн болж төрснөөрөө, эх орноороо бахархаж өнгөрөөх ёстой юм шүү дээ. Та хэдийг ирнэ гээд хөдөө явах төлөвлөгөөгөө орой хүртэл түр хойшлуулчихсан. Нөхөр маань хүмүүс зориод ирж байхад тэвдэж, сандаргаад яах вэ гэхээр нь гэрээ өглөөнөөс эхлээд л цэгцэллээ” гэхэд гэрийн эзэн чангаар хоолойгоо засч байна. Нөхрийнхөө дохиог сонссон гэрийн эзэгтэй инээвхийлээд яриагаа үргэлжлүүлэв. Монгол бахархал, уг удмын учир утга гэсэн сэдвээр өрнөсөн бидний яриа гэр бүлийн үнэт зүйл рүү орлоо. Р.Сарангэрэл доктор “Зарим хүмүүс материаллаг зүйлийг л үнэт зүйл бусад нь юу ч биш юм шигээр ойлгодог тал анзаарагддаг. Манай гэр бүлийн хувьд нэгнээ гэсэн сэтгэл, халуун дулаан харилцаагаа нандигнаж явах нь л хамгийн чухал, бас үнэтэй зүйл” хэмээлээ. Бидний яриаг сонсч суусан гэрийн эзэн “Манай гэр бүлд өв дамжин ирсэн хазаар байдаг юм. Аавыг маань хотод сургуульд сураад хөдөө гэр рүүгээ буцахад ээж нь өгсөн гэдэг. Аавын минь аавын хэрэглэж явсан эд. Гэрийнхээ хойморт оройлон залдаг үнэт зүйлүүдийн минь нэг” гэж хэлээд өвөөгийнхөө хазаарыг сонирхуулав. Гурван үе дамжин хадгалагдаж байгаа эл хазаарыг өлгөсөн хоймрын өөдөөс нь модон гүнгэрваанд шармал бурхан, хадаг яндар, зул, хүж тэргүүтнийг хүндэтгэн эгнүүлжээ.

Аймгийн заан Д.Баянмөнх 2001 оны Улсын их баяр наадмын үеэр

Гэр бүлийнх нь нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар эзэгтэйгээс сонирхоход “Бид ажлын өдрүүдээр өглөө зургаан цаг гэж босоод тус тусын ажилдаа гарахаар бэлддэг. Бага хүү бид хоёрын сургууль, ажил нэг газар тул хамт явна. Харин том хүү маань их сургуулийн хоёрдугаар курст сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг. Хичээлийнхээ хувиараа харж байгаад л гардаг. Нөхөр маань биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Тиймээс мөн л цагийн хуваариа харж байгаад гарна. Харин орой ажлаасаа хэн нь түрүүлж ирсэн нь хоолоо хийнэ. Гэхдээ ажлын өдрүүдээр манай нөхөр голдуу хоол хийж, би арай давуу эрхтэй байдаг. Том хүү орой долоогоос хойш жүдогийн бэлтгэлтэй учраас жаахан оройтож ирдэг. Миний хүү чинь ирээдүйд спортын сэтгэл судлаач болно. Одоо үед тамирчдын сэтгэл зүй сулаас болоод л амжилт үзүүлэхдээ тааруу байна гэж их ярьдаг. Харин бага хүү маань оройд надтай хамт гэртээ ирдэг. Орж ирээд л зураг зураад эсвэл тоогоо бодоод суучихдаг. Өөрөө инженер болно гэдэг юм” хэмээв. Эднийхэн амралтын өдрүүдээр агаарт гарч, аялахыг илүүд үздэг гэнэ. Салхинд гарангаа гэрийн эзэгтэй гэрэл зураг дардаг хоббигоо сонирхуулав. Ажлынх нь компьютероор дүүрэн эзэгтэйн дарсан өвс ногоо, ан амьтан, ой моддын зургууд байдаг аж. Түүний ашигладаг аппарат нь Canon- D1000.

Д.Баянмөнх хүүгийнхээ дэлхийн дэвжээнд зодоглож байх үеийн барилдааны зургийг сонирхуулаад “Манай хүү дэлхийн аваргын тэмцээнд оролцохдоо нисэлттэй мэх хийж, “BEST IPPON” буюу хамгийн уран мэх хийсэн тамирчнаар шалгарч шагнуулж байсан шүү. Анх хүүгээ есөн настайд нь тэвчээр хатуужилтай, хүмүүжил сайтай болгоё гэж эхнэртэйгээ ярилцаад “Женко” клубийн жүдо бөхийн дугуйланд Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа багш нарт шавь оруулж байлаа” гэж хэлээд инээмсэглэв. Гэрийн эзний хувьд аймгийн заан цолных нь баталгаа болсон энгэрийн тэмдэг нандигнаж явдаг зүйлсийнх нь нэг аж. Тийм ч учраас хананд өлгөөтэй 100 гаруй медалиудын хамгийн эхэнд “Аймгийн заан” хэмээсэн бичигтэй ногоон тэмдгээ зүүжээ. 20 жил барилдсан Д.Баянмөнх зодоглоогүй хэдэн жил болжээ. Аав, хүү хоёр барилдаандаа тохож, хөмөрдөг мэхийг ихэвчлэн ашигладаг, ижил мэхтэй хүмүүс гэнэ.

Ийнхүү хуучилсаар суутал хэдийнэ 17 цаг өнгөрчээ. Бидний яриа номын санд нь өрнөлөө. Эзэгтэй “Аав, ээж хоёр минь залуудаа номын сангаар их үйлчлүүлдэг идэвхтэн уншигчид байсан. Тэр ч утгаараа би багаасаа номтой ойр өссөн юм. Бүр “том хүний” зохиол байсан ч хамаагүй уншчихдаг дэггүй охин байлаа. Уран зохиолын номонд их дуртай. Багадаа нэг өдөр Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншсанаа тод сандаг. Бүр дуусгаж байж унтмаар санагдаад шөнөжин нойргүй хонож билээ. Одоо харин ихэвчлэн онолын ном л уншиж байна. Удахгүй докторын зэрэг хамгаалсан сэдвээрээ Антоон Мостаэрд монгол судлалын төслийн шугамаар “Монгол хэлний хоршоо үгийн толь” гаргахаар бэлдэж байна. Тийм болохоор хийж, судлах зүйл их бий” гэсэн юм.

Гэрийн эзэн ч номонд дуртай гэнэ. Хамгийн сүүлд П.Пүрэвсүрэн гуайн богино өгүүллэгийн номыг уншиж дуусгажээ. Тэрбээр “Номын сангаа тохижуулж амжаагүй жаахан замбараагүй байж мэднэ. Удахгүй манайх жижиг өрөөнийхөө нэг талын хананд номын тавиур хийнэ” гэв. Номын тавиуртай болчихвол бүх номоо үсгийн дарааллаар нь өрөхөөр төлөвлөжээ. Р.Сарангэрэл багш “Заримдаа би залуусыг гадаад явах гэж битгий яараасай, эхлээд Монголоо гэсэн сэтгэл, зүрхтэй хүн болоосой гэж хүсдэг юм. Эх хэл, соёлоо бүү алдаасай гэж боддог шүү. Гэхдээ монгол хүмүүс бусад улсын иргэдийг бодоход их нутагсаг ард түмэн. Би Швед улсад гурван жил амьдарч байсан. Тэр хугацаанд тааралдсан монголчууд бүгд л ажил, сургуулиа дуусгаад заавал нутаг руугаа буцна гэдэг байлаа. Гэтэл Шведэд бусад орноос ирсэн иргэд болж өгвөл амьдрах эрх аваад суурьшина гэж хэлдэг байсан. Энэ л эх орон, элгэн нутгаа гэх монгол хүмүүсийн нэг өвөрмөц онцлог байх. Бас мэргэжилтэйгээ холбоотой нэгэн зүйлийг хэлэхэд зөв бичих дүрмийн хэрэглээний асуудлыг зөвхөн багш, сургалтын чанартай холбох болжээ. Одоо үеийн хүүхдүүд маш олон мэдээллийн суваг ашиглаж байна. Тэгээд ч цээж бичгээр шалгалт авч хүүхдүүдийг дүгнэдэг цаг хэдийнэ ард хоцорсон. Нийгэм нь өөрөө хүнийг мэдээллийн олон талт хэрэгслүүдийг ашиглахыг шаардаад байхад үүнд хүүхдүүдийг буруутгаж болохгүй. Мөн ярианд (хэлэхүйд) “гот” гэж хэлж дууддаг хэрнээ хүүхдээс “хот” гэж бичихийг шаардаад байж болохгүй. Тэгэхээр зөв бичих дүрмийн асуудлыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдгийг анхаарах цаг ирсэн” гэлээ.

Том хүү Б.Нармандах жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын хошоо хүрэл медалийн эзэн

Тэрбээр харь нутагт байхдаа сүүлийн жилдээ их завгүй амьдралын хэв маягтай байжээ. Хэлний сургалтад хамрагдаж, чөлөөт цагаараа ажил хийдэг байж. Ажилдаа түүртэн төрсөн өдрөө ч мартчихсан явж байсан гэнэ. Яг тэр өдөр нь нэгэн танихгүй монгол дугаараас дуудлага иржээ. Гэрийн эзэгтэй тэр тухайгаа “Өнөөх дуудлагыг аваад ярьтал “Монгол дахь радиогоос ярьж байна. Хайрт ханиас нь төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, мэнд хүргэсэн байна” гэж хэлээд надад зориулан дуу эгшиглүүлсэн. Тэр үед ханьдаа баярлаж, бас их санаж байсан сан. Удалгүй Монголдоо ирэхэд миний хань хүүтэйгээ тосож авсан. Хүүгээ хараад л шууд уйлчихсан. Харин хүү маань гурван жилийн дараа уулзаж байгаа болоод ч тэр үү, бүр бишүүрхэж, уйлж ч чадахгүй тэврээд л байсан. Хүний нутагт гэр бүлээсээ хол байх их хэцүү юм билээ” хэмээлээ. Одоо тэдний гэр бүлийн цаг алдалгүй хэрэгжүүлэх том зорилго бол ой шуугьж, хөхөө донгодсон, горхины аман дээр зуслангийн байшинтай болох аж.Биднийг явахаар зэхэх үед Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдааны зургаагийн даваа дуусах тун дөхсөн байлаа.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *