Categories
мэдээ нийгэм

“Гэр хороолол” хөдөлгөөн: Таван хүн амиа алдсаны төлөө У.Хүрэлсүх, С.Амарсайхан нарыг огцортол тэмцэнэ

Гэр хороолол хөдөлгөөнийхөн шахмал түлшнээс болж амиа алдсан таван иргэн, хордоод буй 80 гаруй иргэдийн өмнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюунэрдэнэ, хотын дарга С.Амарсайхан нарыг огцорч албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардан хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдний зүгээс утааг бууруулах нэрийдлээр шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллыхонд зориулсан шахааны бизнес эрхэлж байна гэж үзэж байгаа аж. “Гэр хороолол хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг: “БНСАУ-аас гуйж зээлж ирсэн 500 сая доллараараа энэ шахмал түлшний үйлдвэрийг барьж мөнгө угааж байна. Энийг яагаад хууль хяналтын байгууллага нь шалгахгүй байгаа юм. Шахмал түлшнийхээ туршилтыг гэр хорооллын иргэд дээр хийчихлээ. Туршилтыг амьтан дээр хийдэг юм. Энэ түлшнийхээ талаар ямар ч мэдээлэл судалгаа хийгээгүй, ямар зууханд түлж болох, болохгүй талаар мэдлэг байхгүй, иргэдэд гарын авлага ч өгөөгүй. Харин ч бүр түүхий нүүрс түлсэн айл өрх, иргэдийг торгоно, барина, хорино гэж заналхийлж байсан. Гэтэл одоо таван хүн алтан амиа алдаж, 80 гаруй хүн хордоод байна. Амиа алдсан таван хүний хоёр нь хүүхэд. Яагаад тэр айлуудад очиж эмгэнэл илэрхийлэхгүй, уучлалт гуйхгүй байгаа юм бэ” гэв.

Мөн “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх: “Гэр хороололыг оршуулга болгож байна. Утаагүй түлшийг түлсэн, гэр хороолод амьдардаг иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө дарга сайд нарт хариуцлага тооцож, огцортол нь Сүхбаатарын талбайд тэмцэл өрнүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *