Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчил гэж үзнэ

“Гэр бүлийн хүчирхийлэл- хохирогч хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэснийтөв, Цагдаагийн ерөнхий газар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл оролцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар хэлэлцсэн юм.

Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2003 онд батлагдсан хэдий ч хэт ерөнхий, хууль хэрэгжээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгаагүй. Хүчирхийлэлд өртөгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 63 хүн амь насаа алдаад байгаа нь энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсныг илтгэж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын мэргэжилтэн Г.Оюунболд, Д.Саруул нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын талаар илтгэл тавьсан. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон бусад хуулиудтай уялдуулах шаардлагын талаар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бусад хуулиудтай уялдуулж, иж бүрэн зохицуулалт хийж өгөх шаардлагатай гэж тус газрынхан үзэж байна.

Цагдаагийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр манай улсад жилд дунджаар 500 орчим гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгддэг аж. Харин өнгөрсөн онд энэ тоо 1000 гаруй болж, огцом нэмэгдсэн бөгөөд энэ нь хэрэг, зөрчлүүдийг илүү нарийвчилж бүртгэж эхэлсэнтэй холбоотой гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтэн Д.Арсланболд онцоллоо. Мөн тэрээр Гэр бүлийн хүчирхийллийг хуулийн дагуу тусгайлсан гэмт хэрэг гэж үзэх зайлшгүй шаардлагатай гэдгийг дурьдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *